Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг эмчид өдөрт 55-72 үзлэг, нэг үйлчлүүлэгчид 2.3-6.6 минут оногдож байна DNN.mn

Ойрын өдрүүдэд амбулаторийн үзлэгийн талаар ойлголтын зөрүүтэй мэдээлэл гарч буйтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах тодруулгыг хүргэж байна.

Эрүүл мэндийн даатгалын цахим системд Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн эмчийн үзлэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд  өдөрт нэг эмчид 55-72 үзлэг, нэг үйлчлүүлэгчид 2.3-6.6 минут оногдож байна.  Үзлэгийн тоо их байгаа нь эмч нарын үйлчлүүлэгчдээ зарцуулах цагийг бууруулан,  тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, иргэн даатгуулагчийн сэтгэл ханамжийг бууруулах, цаашлаад давтан үзлэг хийлгэх нөхцөлийг бүрдүүлж, эмчийн ачааллыг нэмэгдүүлэх,  иргэн даатгуулагчийг эмнэлэгт дахин ирүүлж бухимдуулах нөхцөлийг бий болгож болзошгүй.

Тодруулбал, дээрх хугацаа нь эмч оношилгоо хийхийн тулд өвчтөнөөс даатгуулагчийн зовиур болон тухайн өвчний явцын мэдээллийг бүрэн асуух, өвчинд нөлөөлөх шалтгаан нөхцөл, амьдралын хэв маягийг тодруулах, бүтэн биеийн үзлэгийг чанартай, бүрэн гүйцэд хариуцлагатай хийх, эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтлөх, өвчин болон өвчтөний биеийн байдлын талаар зөвлөгөө өгөх, эмчилгээ бичих зэрэг үйл явцад хангалттай хугацаа биш гэдгийг тодорхойлж байгаа юм.

Дэлхийн бусад орны туршлагаас үзвэл дундаж үзлэгийн хугацаа 17 минут байдаг. Үүнээс эмч зөвлөгөө өгөхөд 5.7 минут, үйлчлүүлэгч асуудлаа эмчид хэлэхэд 5.5 минут, бусад бичиг баримт бүртгэл үлдсэн хугацааг эзэлдэг байна.

ЭМДҮЗ-ийн 2023 оны 08-р тогтоолд амбулаторийн эмчийн үзлэг 10 минутаас доошгүй байхаар тусгасан нь нэг эмчид ногдох өдрийн ачааллыг 40 үзлэгээс ихгүй байх боломжтой юм. Мөн анхан болон давтан үзлэгийн хугацааг тодорхой тусгаж оруулсан. Давтан үзлэг нь үйлчлүүлэгчийн хийлгэсэн аливаа оношилгоо, шинжилгээ, зовиур шаналгааг харьцуулан дүгнэлт хийж түүнд нь тохирсон эмчилгээ, зөвлөмжийг өгөх зайлшгүй тодорхой хугацааг үйлчлүүлэгчид зарцуулах шаардлагатай учир давтан үзлэг бүрт цаг товлох нь зүйтэй.

Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлдэг  нэхэмжлэлд үзлэгийн товч тэмдэглэл хийх хэсэг байдаг бөгөөд энэ нь тухайн нэхэмжлэлийг илгээх үндэслэл буюу үзлэгээр илэрсэн өөрчлөлт, үзүүлсэн тусламжийг тоймлон 3-5 өгүүлбэрт багтаан бичих хэсэг юм. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэлийн тэмдэглэл хэсгийг хөтөлдөггүйн улмаас үйлчлүүлэгчийн амбулаторийн үзлэгийн түүх цахим хэлбэрээр хадгалагддаггүй, өвчний хяналт хийх мэдээлэл үлддэггүй байсан.
Ингэснээр тухайн даатгуулагчид ямар үзлэг зөвлөгөө өгсөн талаар мэдээлэл өгөх, өвчний болон үзлэгийн түүхийн цахим архив бүрдэх, даатгуулагч өмнөх үзлэгийн түүхээ харах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ нь чанартай тусламж үйлчилгээг худалдаж авах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн байгууллагуудыг амбулаторийн кабинетуудын тоо, тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх оновчтой зохион байгуулалт хийх, хүчин чадалдаа суурилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах чиглэлийг өгч хамтран ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *