Categories
мэдээ нийгэм

Дотоодын эв нэгдэл хамгаас чухал боллоо DNN.mn

Хойд хөршид дайнаас улбаатай дотоодын нөхцөл байдал нь амаргүй байна. Байгаагаа хөршдөө илүүчлэх нь бүү хэл дотооддоо шатахуун, эрчим хүч, хүнсний хангамжаа хэрхэх вэ гэдэгт толгойгоо гашилгасан цаг үетэй тэд нүүр тулжээ. Тиймдээ ч манайх руу импортолдог эрчим хүчнийхээ 50 хувийг өгч чадахгүй болсноо мэдэгдлээ. Шатахуунаа ч хасаж танаад эхэлсэн. Хоёр том гүрний дунд оршиж буй “жижиг” улсын хувьд шатахуун, эрчим хүч, цаашилбал эдийн засгийн хамааралтай нь маргаангүй үнэн. Монгол Улс 80, 90 жилийн турш шатахуун, эрчим хүчний хараат явж ирсэн. Энэ бол өнөөдөр гэнэт үүссэн, Засгийн газар муудаа ийм болгосон асуудал огт биш. Хэн нэгнийг буруутгах аргагүй олон жилийн зовлон. Харин ч энэ бүх хараат байдлаас гарах шийдлийг монголчууд сүүлийн хэдэн жилд дотооддоо ил ярьж, авлига хулгайгаасаа салах талаар эрчимтэй хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн нь их гүрний дургүйг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс МАН, АН, ХҮНгэхээс илүү улс үндэстнээрээ нэгэн цул болж хүнд хэцүү үеийг давах нь юу юунаас илүү чухал боллоо.

Эрчим хүч хязгаарлах сургаар “Шатахуун, тог цахилгаангүй боллоо, Монгол Улс 90-ээд он руу ухарч дампуурч байна” гэж нийгмийн сүлжээнд уралдан бичиж, улс орноо зүхэх хүн ч гарч ирж байна. “Монголоос л зайлах минь элээ халаг” гэх хөндий цээжтэнүүд ч ил гарч ирж байна. Уг нь эсрэгээрээ бид яг одоо л дотооддоо урьд урьдаас илүү эв нэгдэлтэй болмоор байна. Бусдын идэш бололгүй давж гарах түүхэн мөч бидний өмнө ирлээ. Монгол Улс хоёр хөршөөсөө шатахуун, хүнс, эрчим хүчний хараат явж ирсний хор уршиг ийнхүү геополитикийн онцгой цаг үед, өвлийн ид хүйтэн эхлэх өдрүүдэд ил болж бидэнд санаж сэрэх том дохио боллоо.

Нөгөө талаараа Оросоос авдаг эрчим хүчээ бүр болиод дотоодын эх үүсвэр, нөөц боломжоо ашиглах том үүд хаалга нээгдэж байхыг ч үгүйсгэх аргагүй. Тогны хязгаарлалтад хоёр жил болоход л монголчууд бараг учраа олчихно доо. Амьд хүн аргатай гэгчээр нар, салхины цахилгаан эх үүсвэрүүд нэмэгдээд, байгаагаа илүүчлээд төр, хувийн хэвшил нь нэг зүг рүү хараад ганц том станц нэмээд барьчих ч юм бил үү. Ковид хэцүү байсан ч гэлээ бидэнд их зүйлийг сургасан. Шулуухан хэлэхэд бид заавал Орос руу жил бүр их хэмжээний доллар өгч байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэр хөрөнгийг тооцож үзвэл хэд хэдэн станц барих дайны дүн гарах биз.

Төрд үүрлэсэн авлига, хулгайтай засаг төр хэрэндээ л тэмцэж байна. Үр дүнд нь

2023 онд ДНБ62.4 их наядад хүрч, 2022 оны төсвийн орлого 1.8 их наядыг давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлсөн. Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам.доллараар эерэг гарсан. Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн. Үүнд арай ч оросууд дургүйцмээргүй юм.

Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлуудтай уялдуулж, нүүрсний сонсголын эхний шатны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж, хууль хяналтын байгууллагаар холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар боллоо. Төрийн албыг, ард түмний өмнөөс төр төлөөлөх эрхээ өөрсдөө баяжих хэрэгсэл болгож ашигласан, бүлэглэл болтлоо “хөлжсөн” хулгайч нартай үзэлцэх энэ тэмцэлд эрх ашиг нь хөндөгдсөн бүлэглэлүүдийн уур ундуйцал дээд цэгтээ хүрч байна. Тэд “Улс орныг удирдаж чадахгүй байна, ингэж амьдруулах гэж” гэсэн суртал ухуулга явуулж, шатахуунгүй, эрчим хүчгүй болж 1990-ээд оны үе рүүгээ шилжлээ гэж цуураад эхэлжээ. Олон нийтийг мэдээлэлд ойр бус байдлыг ашиглан худал цуу тарааж, айдаст автуулах ажлаа тэд хэдийнэ хийж эхэлсэн байна. Ийм учраас л өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтахгүйн тулд нийгмээрээ илүү хэрсүү, эв нэгдэлтэй байх шаардлага үүсч байна. Одоо л авлига, төрд үүрлэсэн энэ хулгайн голомтуудыг таслахгүй бол дундаж давхаргагүй, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг нийтээрээ хүртэж чадахгүй бүлэглэл тойрсон хэдхэн хүн баяждаг байдал ирэх жилүүдэд ч байсаар байна. Энэ бол Монгол Улсын хувьд эрчим хүчний хязгаарлалтаас ч илүү том ухралт болно. Нүүрсний сонсголоо заавал хийж дуусгах ёстойг ч бидэнд сануулж байна.

М.МӨНХ

3 replies on “Дотоодын эв нэгдэл хамгаас чухал боллоо DNN.mn”

Бид Оросуудыг буруутгахаасаа илүүтэй өөрсдийгөө шүүх хэрэгтэй болж…. 1990 оноос хойш төр засагт байсан дорго нар , төрөөс төрсөн тэрбумтангууд,, хулгайчид, дээрэмчид, харийханд эх орноо найр тавин худалдсан урвагчдын идэж уусан хэдэн арван их наядаар тоологдох мөнгөөр хэдэн цахилгаан станц барих боломжтой байсан бол оо??? !!! Монгол хөлдвөл юу болох бол???

Ойрын хэдэн жилдээ шинэ цахилгаан станц болон нефтийн үйлдвэр барьж ашиглалтанд оруултлаа зундаа амарч баярлаж цэнгэлгүй, бүсээ чангалаад нийтээрээ зүтгэцгээе.

Төрөөс төсвөөс хулгайлсан мөнгөө оффшорт нуусан хулгайчдын мөнгийг оруулж ирж эх орноо хөгжүүлэх аянт ажлыг өдрийн сонин эхлүүлээч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *