Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй парламентчид “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай  хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын чуулган-2023”-ыг өнөөдөр /2023.12.13/  Төрийн ордонд зохион байгууллаа.

2022 онд болсон “Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцэж Тунхаг бичиг гаргасан билээ.  Хоёр дахь удаагийн чуулганаар “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-аас гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэв.

Энэхүү арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд оролцож үг хэллээ.Тэрбээр, “Эмэгтэй Парламентчдын чуулган -2022”-ыг зохион байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд Улсын Их Хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсныг онцлоод энэ нь УИХ-ын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн төлөөллийг 2024 онд 30-аас доошгүй, 2028 онд 40-өөс доошгүй хувь байх, МАН-ын санал болгосноор нам эвсэл нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дараалалтай байхаар, нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг 50 хүртэл хувь бууруулахаар хуульчилсан гээд энэ нь УИХ-д сонгогдох эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн. Урьдчилсан судалгаа, тооцооноос харахад дараагийн УИХ-д 20-24 эмэгтэй сонгогдон, нийт гишүүдийн 20 орчим хувьд хүрэх, 2028 онд үүнээс ч нэмэгдэх боломж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэлээд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар намууд жендэрийн хариуцлагатай байх, дотооддоо шийдвэр гаргах бүтцийн байгууллагууддаа 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөлтэй байх бодлого баримтлах, төрийн санхүүжилтийг жендэрийн мэдрэмжтэй байхад чиглэсэн заалтууд орсныг тодотгосон. Тэрбээр, Эдгээр эрх зүйн шинэчлэл нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад дэмжлэг болно гэж итгэж байна. Өнгөрсөн сард УИХ-д суудалтай намууд болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны төлөөлөл Бельгийн Брюссель хотод НҮБ-ын санаачилгаар зохион байгуулсан ”Дижитал эрин үед тайван, оролцоотой сонгууль зохион байгуулах” нь сэдэвт олон улсын бага хуралд оролцох үеэр бусад орнууд манай улсын дээрх шинэчлэлүүдийг томоохон дэвшил гэж онцлон тэмдэглэж байсан. Түүнчлэн өнөөдрийн нөхцөл, нийгмийн сэтгэлгээнд байгаа зарим хандлагыг өөрчлөх, нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, түүний эерэг талуудыг тайлбарлан танилцуулах, сурталчлах, мэдлэг, чадавхаа дээшлүүлэхэд нь бодлогоор дэмжлэг үзүүлэх дараа дараагийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна хэмээн онцлон дурдлаа.

Улсын Их Хурлын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн ахлагч  С.Одонтуяа хэлсэн үгэндээ, Эмэгтэй парламенчдын анхдугаар чуулганаар 2022 онд Сонгуулийн тогтолцоог бүх нэр дэвшигчдэд ээлтэй байдлаар өөрчлөх, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн квотыг 40-өөс доошгүй хувьд хүргэх, Бүх түвшинд жендэрийн тэгш байдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар олон нийтэд хүргэх, тогтвортой хөгжлийн үзэл санааг түгээх, бүх талуудын нээлттэй хамтын ажиллагааг хангах зэрэг нийт 6 зүйл бүхий тунхаг бичиг баталж байсан нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд 90 гаруй хувьтай хэрэгжсэн байна гэж тэмдэглэсэн.  Тэрбээр үргэлжлүүлэн  Монгол Улсын эрх зүйн хүрээнд гаргасан шинэчлэл нь Азидаа шинэлэг бодлого болсон бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг “жендэрийн мэдрэмжтэй хууль” гэж дүгнэхээр байна. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчлэх амлалтаа хараахан хүрч чадаагүй байна. Үүнд, улс төрийн намуудын ойлголцол чухал гэж харж байна гэлээ.

Эмэгтэй парламентчдын чуулган-2023: “Парламентад хүрэх мянган алхам” Амжилтаа ахиулах нь: Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж төгсгөлд нь шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахыг уриалга-ыг хэлэлцэж, батлав.  Тус уриалга нь 2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн сонгуульд чиглэсэн байх бөгөөд

-Эмэгтэйчүүд, залуучуудад

Сонгуульд идэвхтэй оролцох, үеийнхэндээ үлгэрлэх, хэвшмэл ойлголтоос салах, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хүндэтгэхийг

-Улс төрийн намуудад

Тэгш төлөөллийг хангах амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх, сонгуулийн зардлыг бууруулах, эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих санхүүгийн механизмыг бүрдүүлэх

Иргэний нийгмийн байгууллагуудад

Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх, эмэгтэй дэвшигчдийг сурталчлан таниулах ажилд сайн дураар оролцох, Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийг,

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд

Ёс зүйн дүрэм, зарчмаа баримталж, 2024 онд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэхийг уриалсан байна.

Дашрамд дурдахад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байсан байна. 8 удаагийн сонгуулиар нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй байжээ. Энэ хугацаанд 45 эмэгтэй  давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогдож, 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.

Мөн арга хэмжээний үеэр “Парламентад хүрэх мянган алхам” буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаарх номын нээлтийн арга хэмжээ боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

One reply on “Эмэгтэй парламентчид “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ DNN.mn”

tegsh tuluulul nereer alban tushaal bulaaldahaa hezee bolih ve? tiiim surhii medlegtei, chadvartai, turshlagatai yum bol chadlaaraa tsoilood garaad ir l dee, yag Hillary CLinton, Rice, Madlin Albright nar shig. tsereg, barilga, geh meted ch tegsh tuluulluu hanga l daa, tiim l tegsh baih geed bgaa yum bol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *