Categories
мэдээ

Сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь зөв тал DNN.mn

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 4.3.1-т “Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар, 4.3.2-т “Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. УИХ-ын гишүүнийг энэ хуульд заасан жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна гэж хуульчилсан. Энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуультай холбогдуулан сонгуулийн тойрог тогтоох асуудлыг ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор хуулиараа шийдэх ёстой.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв. Жижигрүүлэх биш улам томруулмаар байна” гэсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрээр “Сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижигрүүлэх биш улам томруулмаар байна. Улс орны хэмжээнд хэрэгжүүлэх ёстой ажлуудаа явуулбал эдийн засаг дорхноо өндийгөөд ирнэ. Тиймээс тойргийн асуудал тун чухал. Тойргийн жижиг байдлын зовлонд байх юм бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжлөө ч маргааш нь нэг поп нөхөр гарч ирээд л нураана. Сонгуульд нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад хэдийнэ мөнгө тараагаад эхэлчихсэн байна” гээд сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр явуулах нь зөв шийдэл болохыг онцолсон.

Түүний хэлснээр Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгочихвол эрчим хүч, авто зам, хилийн боомтын асуудал зэрэг дэд бүтцийн асуудал нь хамт шийдэгдэнэ. Ингэж бүсчилсэн хэлбэрээр явуулж байж улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг онцлон хэлсэн. Сонгуулийн тов тогтоох тухай яригдаж буй энэ үед түүний хэлсэн үг нийгмийн анхаарлыг татаж байна. Сангийн сайдаар ажиллаж байсан улстөрч, нийтлэлч Баабар “Сонгуулийн тогтолцоог Хүрлээгийн хэлсэн хувилбараар өөрчилж чадвал би сонгуулийн менежер нь болж зүтгэнэ. Сонгуулийн тогтолцоог Хүрэлбаатарын хувилбараар өөрчлөхөд улс орон өргөс авсан мэт сэхээнээс гарна” гэж олон нийтийн сүлжээнд өөрийн бодлоо илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд дахин сонгогдохын төлөө зөвхөн тойргоо л бодож байна. Улс орны хувь заяа, ирээдүйн хөгжил дэвшлийн асуудал тэдэнд үнэндээ сонин биш. Гол нь өөрийн тойрогтоо төсөв авч соёлын төв барьж, эмнэлэг, сургуулийн засвар хийж, ахмадын сувилал бий болгох гэдэг ч юм уу ойр зуурын жижиг сажиг, хүүхдийн тоглоомын гэмээр асуудал тэдэнд амин чухал. Төмөр зам, авто зам, цахилгаан станц гээд стратегийн гол гол ажлууд хөдөлдөггүй, улс орон хөгждөггүйн гол чөдөр тушаа энд байна гэж сүүлийн хэдэн жил манайхан ярьж ирсэн. Гэвч энэ талаар зоригтой дуугарах гишүүн ховор байсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд хоёр жилийн өмнө төсвийн тухай мэдэгдэл хийж байсан. Түүндээ “76 тойргоос 76 гишүүн гарч ирдэг. Дахин сонгогдохын тулд төсвийг 76 тойрог руу хуваадаг. Бид сүүлийн 30 жил ийм замаар явж ирлээ. Төсвийн хөрөнгөөр цемент зуурдаг, тэр цемент ашиглалтад орсон цагаасаа эхлээд ус, дулаан, цахилгааны зардал маш их хөрөнгө зарцуулдаг. Үр дүнд нь төсөв томорч, алдагдал нь өсөж, түүнийгээ санхүүжүүлэхийн тулд өр тавьдаг. Үүнийг засах ёстой. Бид ийм байдлаар цааш явбал төсөв улс орны хөгжлийг биш гишүүдийн тойргийг санхүүжүүлдэг хэвээр байна. Тэгэхээр бүгдээрээ тойргийнхоо төсвийг больё. Бүх мөнгөө хуримтлуулж байгаад Монгол Улсад хэрэгтэй дэд бүтцийн асуудлаа шийдье. Дараа нь хүмүүсийн саналыг авахгүй байж болно. Гэхдээ ирээдүйд, Монгол Улсад, бизнест, улс орны хөгжилд хэрэгтэй. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж төсвийн реформыг зоригтой хийе” гэсэн саналыг дэвшүүлж байсан.

Томсгосон тойргоор сонгууль явуулахын давуу тал гэж бий. Үүнд, төсвийг үр дүнгүй цацдаг байдал өөрчлөгдөж улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, төслүүдээ түрүүлж явуулах боломж бүрдэнэ. Мөн тухайн тойрогт нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Тэд сонгуулийн зардлаа хамтран бүрдүүлж эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулах эерэг нөлөөтэй гэж үздэг. Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан сонголт хийдэг, үндсэндээ сонголтгүй сонгууль гэх гомдол санал гардаг байсан бол томсгосон тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөж, сонголтын илүү боломж бүрддэг. Мөн олон мандаттай томсгосон систем нь нэг нам парламентын үнэмлэхүй олонх болж Засгийн газар тогтвортой ажиллах боломж олгодог болохыг судлаачид хэлдэг.

Эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд НҮБ болон олон улсын байгууллагууд томсгосон тойргийг санал болгох нь бий. Энэ нь жендерийн тэгш байдлыг хангах бололцоо бүрдэнэ гэсэн үг. Эдгээр давуу талаас гадна сөрөг муу тал, шүүмжлэл дагуулах бас бий. Ялангуяа улс төр судлаачид томсгосон тойргийг хөрөнгө мөнгөтэй, олигархи улстөрчдөд давуу байдал олгох гэсэн улс төрийн тоглолт гэж харж байна. Аймгийн хэмжээнд байсан тойргийг бүсчилж олон аймаг, бүсийн хэмжээнд аваачна гэдэг бол том мөнгөтэй хүн ялах боломжийг бүрдүүлж

байгаа хэлбэр гэж үзэж буй хүмүүс олон байна. Мөн дээрээс нь олон мандаттай бүсийн тойргоос гишүүдийг сонгоно гэхээр сонгогчдод төөрөгдөл учруулах сул талтайг болгоомжилж буй юм. Тухайлбал, 50-60 нэр дэвшигчээс 14, 15 хүнийг сонгоно гэдэг сонгогчдод хүндрэлтэй, тухайн сонгогч саналаа өгөхөд хичнээн минут зарцуулагдах бол. Үүнээс улбаалж сонгууль хугацаандаа болж чадах эсэх нь эргэлзээтэй гэх шүүмж болон болгоомжлолууд гарч байна.

Эдийн засагч Б.Лхагважав “Ер нь УИХ-ын гишүүдийг жалганаас нь гаргах хэрэгтэй. Жалгандаа мөнхийн байж, ганцхан тойргоо усалдаг явдал нь улс орны хөгжилд айхавтар саад болж байгаа. Бүсчилсэн юм уу, тойрог том байх тусмаа сайн. Бүр улс даяараа нэг тойрог байсан ч болно. Улс төр бол бодлогын шинжлэх ухаан. Аймагтаа байтугай бүсдээ, таван аймгийн дунд танигдсан улстөрч гарч ирвэл улс орны хөгжилд тустай. Жалга жалгын улстөрчид өөрсдийгөө жалга жалгандаа Богд гээд бодчихсон, гэвч цаагуураа эх орны макро бодлого байхгүй болчихож байгаа юм. Сөрөг муу тал нь гэвэл том тойрог дээр шинэ хүн, шинэ улс төрийн хүчин гарч ирэхгүй. Бидний хүсээд байгаачлан шинжлэх ухааны зүтгэлтэн,

эрдэмтэн мэргэд гарч ирэхгүй. Тийм хүмүүс том тойрогт яалт ч үгүй мөнгө дутна, тамирдана. Тэгэхээр мөнгөтэй хүмүүсийн “тулаан” болох магадлалтай” гэх хариултыг өгч байна.

Сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулахын сайн муу тал товчхондоо ийм байна. Ямар ч байсан ирэх жилийн УИХ-ын сонгуулийг Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэнчлэн томсгосон тойргоор бүсчилсэн байдлаар явуулах нь аль ч талаас нь аваад үзсэн одоодоо хамгийн зөв шийдэл мөн болов уу. Таван бүсэд хуваана уу, зургаан бүсэд хуваана уу, тэр бол асуудал биш. Түүнээ нарийвчлан тогтчихно. 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлсэн пропорционал систем буюу жагсаалтаар сонгоно. Уг жагсаалтад эрдэмтэн мэргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, нийгмийн зүтгэлтнүүд гээд олны хүсээд байгаа хүмүүсээ намууд багтаачих байх. Харин сонгогчдын саналаар гарч ирэх 78 гишүүнээ бүсчилсэн тойргоос сонгох нь зөв зүйтэй.

Наад зах нь Хэнтий аймаг хамгийн өндөр төсөвтэй, Увс аймаг төсвийн ихэнхийг нь авчихлаа гэсэн жалга довны хэрүүл лав гарахгүй. Хамгийн гол нь бүсчилсэн тойргоос сонгогдсон гишүүд улс орны хэмжээний далайцтай бодлого барьж аль нэг суманд Соёлын төв барих асуудал биш дулааны болоод усан цахилгаан станц байгуулах, эмнэлэг сургуулийн дээврийг шинэчлэх биш төмөр зам, авто зам тавих, хилийн боомтууд шинээр нээх, үйл ажиллагааг нь тогтворжуулах гээд улс орны хөгжлийн гол суурь болсон томоохон төслүүдээ хийж хэрэгжүүлэх цаг нь болсон. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж байж л бид хөгжил дэвшлийн тухай ярина гэж олон жил хэлэлцсэн. Одоо зоригтой шийдэлд хүрч, алийн болгон улс орноо тонон дээрэмдэх биш улс орныхоо төлөө эв хүчийг нэгтэн зүтгэе. Их хурлын дарга томсгосон тойргийг зүйтэй гэж үзэж буйгаа хэлээд УИХ дахь намын бүлгүүдийн дарга нарт чиглэл өгсөн. Энэхүү зарчим дээр хатуу байж сонгуулийг томсгосон тойргоор явуулах хэрэгтэй байна.

Д.Батболд

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *