Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Прокурор Ц.Гансүлд: Авлигын хэрэг олон хүний оролцоотой, илүү зохион байгуулалттай, олон улс орон дамжин үйлдэгдэх болсон DNN.mn

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлдтэй авлига, албан тушаалын гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн таван жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас энэ оны эхэнд мэдээлсэн. Тэгэхээр манай улсад авлига, албан тушаалын гэмт хэргийн гаралт өссөн гэсэн үг үү?

-Авлигын гэмт хэрэг нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсыг алдагдуулж, аливаа улсын хөгжил дэвшлийн үйл явцыг сааруулан, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Гэтэл манай улс авлигын индексээр бүсийн авлига өндөр орнуудын тоонд багтаж байгаа нь анхаарлаас гаргаж болохгүй том асуудал юм.

Прокурорын газраас хяналт тавьсан авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тухайлбал, энэ оны эхний 11 сарын байдлаар гэхэд 1000 орчим гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь 2022 онтой харьцуулахад 30 хувиар өссөн дүнтэй байна. Гэмт хэргийг ихэнх тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, мэдээллийн үндсэн дээр шалгадаг. Мөн мөрдөх байгууллагаас өөрсдөө илрүүлсэн, хяналт, шалгалтаар тогтоогдсон зэрэг үндэслэлээр бас шалгаж болно. Гэхдээ бүртгэгдсэн гомдол, мэдээлэл бүгдээрээ гэмт хэрэг болдоггүй. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан, төрийн байгууллагын ил тод нээлттэй байдал нэмэгдсэн, мөн иргэд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй гэсэн хандлагатай болсон зэрэгтэй холбоотойгоор гомдол, мэдээллийн тоо өсөх хандлагатай байна.

-Хэргийн шийдвэрлэлт, шийтгэл хүлээсэн хүний талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Нийслэлийн прокурорын газраас 2023 оны эхний 11 сарын байдлаар хэрэг бүртгэлтийн 906, мөрдөн байцаалтын 312 авлига, албан тушаалын хэрэгт хяналт тавьж, 122 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо 840 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байна.

Авлигын хэрэгт зөвхөн хээл хахууль авсан, өгсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд хамаардаг гэж иргэд өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ гэмт хэрэг нь илүү өргөн цар хүрээтэй. Төсвийн ба төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах, цаашлаад мөнгө угаах зэрэг гэмт хэргүүд ч багтдаг. Энэ онд тус газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт нийт 296 хүн, таван хуулийн этгээдийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Үүнээс 150 нь төрийн албан хаагч байгаа. Тодруулбал, улс төрийн ес, төрийн захиргааны 24, төрийн тусгай 29, үйлчилгээний 88 албан тушаалтан байна. 2020-2023 онд тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдэд гэмт хэрэг үйлдэх үедээ УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан найман хүнийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

-Тоон үзүүлэлтээс харахад мөрдөн байцаалт явуулсан хэргийн 40 орчим хувь нь шүүхэд шилжсэн байна, тийм үү?

-Энэ онд мөрдөн байцаалт явуулсан 312 хэрэгт хяналт тавьж, 40 орчим хувийг буюу 122 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 51 хувиар нэмэгдсэн. Авлига, алба тушаалын гэмт хэргийг бусад хэрэгтэй харьцуулахад шалгахад цаг хугацаа их шаарддаг онцлогтой. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг учраас түүнийг шалгаж тогтоох, хууль бусаар олсон орлогыг олж илрүүлэхийн тулд олон нарийн ажиллагаанууд хийх шаардлагатай болдог.

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх арга улам боловсронгуй болж, олон хүний оролцоотой, илүү зохион байгуулалтын хэлбэрт шилжиж, олон улс орон дамжин үйлдэгдэх болсон. Хамгийн гол нь өндөр мэдлэг боловсролтой, эрх мэдэл бүхий хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг учраас ул мөрийг маш сайн далдалсан байдаг. Багадаа нэг жил, цаашлаад 10 жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг шалгадаг тул мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээг хамарч, цаг хугацаа, хөрөнгө, хүч их шаарддаг. Зөвхөн дансны хуулга, утасны лавлагаа зэрэг баримт бичиг шалгаад л тогтоогдчихдоггүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах, гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээж, хамтран ажиллах, олон хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хөрөнгө битүүмжлэх, хохирол төлүүлэх гээд тоочвол удаан хугацаанд шалгагдахад нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг.

-Авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгадаг хэдэн прокурор ажиллаж байгаа вэ, ажлын ачааллын хувьд ямар байна?

-АТГ-ын 60 гаруй мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт тус хэлтсийн 15-16 прокурор хяналт тавьж ажиллаж байна. Эдгээр прокуроруудын ажлын ачаалал маш их. Нэг прокурор жилд дунджаар 150 орчим гомдол, мэдээлэл, хэрэгт хяналт тавьдаг. Жишээ нь, авлига, албан тушаалын нэг хэргийн материал хамгийн багадаа тав, дээд тал нь 500 орчим хавтас болдог. Нэг хавтаст хэрэгт 250 хуудас баримт, материал үдэгдсэн байдаг. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн дүүргийн шүүхүүдэд очиж хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргах гээд цаг хугацаа их ордог.

-Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирол нөхөн төлөлтийн талаар мэдээлэл өгөөч?

-2023 оны эхний 11 сарын байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан авлигын гэмт хэргийн улмаас улсад 11 их наяд 322 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 10.5 их наяд буюу 89 хувь нь нөхөн төлөгдсөн. Энд албан тушаалтнуудын бусдаас хахуульд авсан мөнгийг хурааж улсын орлого болгосон мөнгөн дүн бас орсон. Мөн авлигын гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг гадаад улсад гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө угаасан байвал олж илрүүлэх, хураан авах, битүүмжлэх зэрэг ажиллагаануудыг хийдэг. Тухайлбал, энэ онд Монгол Улсын нийтийн албан тушаалтан албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогоороо АНУ-д худалдан авсан 11.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр хаус, Англид авсан 4.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц зэргийг буцаан авч чадсан.

-Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд тулгарч буй хүндрэлүүд юу байна?

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэлтэй асуудлууд бий. Үүнээс онцолж хэлбэл, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын зарим гэмт хэргийг хууль хэрэгжүүлэгч нар харилцан адилгүй ойлгож, хэрэглэх явдал түгээмэл байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах суурь шалтгаануудын нэг болж байна.

Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн зарим зүйл, заалтыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасантай нийцүүлэн тодорхой тусгах шаардлага бодитоор үүсч байна. Цаашид Монгол Улс эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан улсын тоог нэмэгдүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон, авлигын эсрэг бүс нутгуудын холбоонуудтай хамтын ажиллагааг дээшлүүлснээр гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг хураан авах ажиллагаанд ахиц дэвшил гарна гэж харж байна. Авлигатай тэмцэхэд хууль хяналтын байгууллагаас гадна иргэдийн оролцоо ч маш чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

Б.ЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *