Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Уртнасан: Судалгаанд оролцсон иргэдийн 51.4 хувь нь ардчилсан тогтолцоонд эргэлзэж байна гэсэн үнэлэлт өгсөн DNN.mn

Ардчилсан хүчний холбооноос олон улсын хүний эрхийн өдөрт зориулж “Ардчилал, хүний эрхийн уулзвар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан юм. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого хариуцсан дэд дарга Ц.Уртнасантай ярилцлаа.

-Монголын өнөөгийн нийгэмд ардчилал, хүний эрх хэр хангагдаж байна вэ. Эрдэм шинжилгээний хурлын үеэр энэ чиглэлээр ямар дүгнэлт хийсэн бол?

-Ардчиллын үндсэн шалгуур нь хүний эрх байдаг. Хүний эрхийг дээдэлж хүндэтгэдэг, хамгаалдаг аливаа улс оронд ардчилал оршин тогтнож байна гэж дүгнэж болно.

Монголын өнөөгийн нийгэмд хүний заяагдмал эрхээс авахуулаад хүний түгээмэл эрхүүд ноцтой зөрчигдсөөр байна. Тиймээс Монгол ардчилсан улс мөн үү, ардчилсан замаар хөгжиж чадаж байна уу гэсэн асуулт нийгэмд хурцаар тавигдаж байна.

Саяхан хийсэн нэгэн судалгаанд оролцсон иргэдийн 51.4 хувь нь ардчилсан тогтолцоонд итгэхгүй байна, эргэлзэж гэсэн үнэлгээг өгсөнтэй таарч байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилалд аюул нүүрлэжээ, ардчилсан тогтолцоог хэрэгжүүлэх, хамгаалах механизм үйлчлэхгүй байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Хүний эрх хэрэгждэг, ардчилсан хөгжлийн тогтолцоог авч үлдэхийн тулд бидний анхаарах ёстой, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого үйл ажиллагааг тодорхойлоход өнөөдрийн эрдэм шинжилгээ хурлын зорилго чиглэсэнд талархалтай байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ, ямар гарц шийдэл байна вэ гэдэг нь чухал юм.

-Судалгаагаар хүний эрх зөрчигдөж байгаа гол шалтгаан юу гэж гарсан бол. Нэг нам хэт удаан хугацаанд засаглаж байгаа нь нөлөөлж байна уу?

-Ардчилсан тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн зөвхөн нэг нь улс төрийн нам. Ардчилсан тогтолцоо өөрөө маш олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Тухайлбал, улс төрийн нам чиг үүргээ хэрэгжүүлдэг, иргэдийн төлөөллийг хэрэгжүүлж буй төрийн институциуд нь хүний эрхийг дээдэлж эрхэмлэдэг, хууль тогтоомжоо хэрэгжүүлэх чадамжтай байх, иргэний нийгмийн байгууллагууд нь ардчилсан тогтолцоогоо хамгаалах, оролцох зохих чадамжтай байх, бүтээлч санаачлагатай иргэдтэй байх зэрэг орно.

Эдгээр бүрэлдэхүүн хэсгийн зөвхөн улс төрийн намуудын тогтолцоог аваад үзье л дээ. Парламентад улс төрийн намуудын төлөөлөл нь хангагдаагүй. Сонгууль нь шударга явдаггүй. Сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн улс төрийн албан тушаалтнуудыг томилж, баталдаггүй, сонгогдож гарч ирсэн улстөрчид нь ардчилсан тогтолцоогоо хамгаалах, иргэний нийгмийг бэхжүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй болчихсон байгаа нь ардчилсан тогтолцоог гажуудалд хүргэж байна.

Дахин хэлэхэд, ардчилсан тогтолцооны нэгхэн хэсэг нь л улс төрийн нам. Гэтэл манай улс төрийн намууд нийгэмд гүйцэтгэх үүргээсээ хазайчихсан байна. Улс төрийн намууд зөвхөн Засгийн эрх авахыг л зорьж байна. Угтаа нийгмээ соён гэгээрүүлэх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг гол чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй байна.

Мөн л гол чиг үүргүүдээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь арчилсан тогтолцоог гажуудуулахад хүргэж байна.Үүнээс гадна мөн улс төрд “мөнгө” гэдэг үнэт зүйлтэй, улс төрийн үйл ажиллагаанд “мөнгө” гэдэг улс төрийн арга хэрэгсэлтэй болчихсон байна. Зөвхөн “мөнгө” гэдэг үнэт зүйл, “мөнгө” гэдэг улс төрийн арга хэрэгслээр ардчилсан тогтолцоог бэхжүүлж, улс орныхоо хөгжлийн зорилтыг хангаж дийлэхгүй шүү дээ. Нийгмийн олон үнэт зүйлийг мөнгө гэдэг ганцхан зүйлээр төлөөлүүлчихээр бусад нь мэдээж үгүйлэгдэж, доголдож таарна.

Улстөрчид мөн л үйл ажиллагаа явуулахдаа ганцхан мөнгийг арга хэрэгсэл болгодог болчихсон. Сонгуульд оролцвол мөнгө өгнө. Саналаа өгвөл мөнгө өгнө. Үзэл бодол, эрх ашгаа хамгаалах жагсаал цуглаан хийвэл мөнгөөр хөдөлнө.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг бэхжүүлэхийн тулд зүй зохистой бодлого, үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоор ардчилсан тогтолцоо мухардалд орж байна. Өнөөдөр бид өөрсдийгөө ардчилсан тогтолцоотой улс, Азийн ардчиллын баян бүрд гэж бахархаж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр хүний эрхийн хэрэгжилтийн байдал “ул”-ны түвшинд хүрчихлээ шүү дээ.

Өнөөгийн эрх баригчид өнгөрсөн 7 жилд ардчилсан тогтолцоог устгахад хамгийн их хувь нэмэр орууллаа, харамсалтай. Энэ зөвхөн миний дүгнэлт  биш . Өнөөдрийн олон судлаачдын судалгаа, дүгнэлт миний дүгнэлтийг нотолж өглөө.

-Эрдэм шинжилгээний бага хурлаар ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлж, хамгаалахад чиглэсэн ямар арга хэмжээг авах талаар ярилцав. Бидний гарц шийдэл юу байна вэ?

-Товчдоо “Монгол Улс хөгжлийн зүй бус замд орсон байна. Тиймээс ардчилсан тогтолцоог хамгаалахын тулд нийгмээрээ шинэ мэдлэг, шинэ хандлага соёлд суралцах ёстой болжээ” гэсэн дүгнэлтийг хийсэн. Наанадаж ардчилсан нийгмий н иргэд нь аливаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг байхын чухлыг судлаачид онцолж байна. Учир нь нийгмийн бүх шатанд, салаа мөчир бүхэнд хүний эрх, хууль ёс зөрчсөн, шударга бус үйлдэл гарах бүрд иргэд нь шүүмжилдэггүй, тэмцдэггүй, таслан зогсоох арга хэмжээ авдаггүй, хүлцэнгүй байгаа нь нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалах чадамжгүй байгааг харуулж байна.

Өөрт нь ямар нэгэн асуудал үүсээгүй бол монголчууд чимээгүй л яваад өнгөрч байдаг. Өнөөдөр нэг хүний эрх зөрчигдөж байна гэдэг нь маргааш таны эрх зөрчигдөх нөхцөл бий болж байгаа хэрэг. Тиймээс иргэд ч, төрийн интитуциуд ч, улс төрийн интитуциуд нь ч, иргэний нийгмийн байгууллагууд ч, бүгдээрээ ардчилсан тогтолцоог хамгаалах, хүний эрхийг бэхжүүлэхийн төлөө хандлагаа өөрчлөх, ардчилсан нийгмийнхээ соёлд суралцах талаар хамтарч ажиллах шаардлагатай байна.

– Та ярианы эхэнд заяагдмал эрх зөрчигдөж байгаа талаар хэлсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Үндсэн хуульд “эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрхтэй” гэж заасан шүү дээ. Гэтэл Монголын хүн амын тал илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатарчуудын амьсгалж байгаа агаарын чанар ямар хэмжээнд байгаа билээ. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ямар ч бололцоогүй түвшинд байна. Энэ бол хүний эрх зөрчигдөж буй наад захын жишээ. Цаашлаад ярьвал Монголын шийдлээ хүлээсэн, иргэд олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан түмэн асуудал хөвөрнө.

Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалаар тодорхойлсон хүний маш олон эрх халагламаар хэмжээнд зөрчигдөж байгаа. Энэ бүхэн судлаачдын хийсэн хүний эрхийн талаарх тайлан судалгаагаар хангалттай нотлогдож байгаа юм л даа. Сургууль, хийд, цэргийн хуаран, их дээд сургуулиуд, ажлын байран дээр Монгол хүмүүс хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдөж буй түмэн мэдээн дунд дасал болсон мэт л бид асуудалд хандаж байна.

– Ардчилал, хүний эрхийг хамгаалах үүргийг хэрэгжүүлэх  ёстой субъектэд хариуцлага тооцдог механизмаа сайжруулах шаардлага тулгарч байна, тийм үү?

-Тийм. Бид олон асуудалд нэрийн төдий хандаж байгаа учраас өнөөдөр ардчилсан тогтолцоог гажуудалд оруулчихсан байна.

Төрийн интитуциудын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцооны талаар хийсэн нэгэн судалгаагаар манай 150 орчим хуульд иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулж болно гэсэн заалт байна гэнэ. Өөрөөр хэлбэл, оролцуулж ч болно, оролцуулахгүй байж ч болох нь. Заавал биш гэсэн үг. Зөвхөн иргэний нийгмийн оролцооны асуудлаар л гэхэд ийм нэр төдий зохицуулалтыг хийж, өөрсдийгөө хуураад явж иржээ. Нөгөө талаар улс төр, нийгэм, эдийн засгийн аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэйг анхааруулж байна. Судалгаа нотолгоотой, онол арга зүйн үндэстэй асуудалд ханддаггүй, харанхуйгаар, ерөнхийлж асуудалд хандаад байгаа нь нийгэм, эдийн засгийн олон асуудал тэр дундаа улс төрийн ардчилсан тогтолцоог хамгаалж, бэхжүүлэхэд мухардалд хүргэж байна.

Тиймээс үнэнтэй нүүр тулж, аливаа асуудлыг зарчим, дэг жаягийн дагуу шийдвэрлэж, хэрэгжүүлэх хандлага, соёлд суралцах шаардлагатай тулж ирсэн байна.

Р.ХИШИГЖАРГАЛ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *