Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 70 хувь нь зудын эрсдэлтэй байна DNN.mn

Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд зудын өндөр эрсдэлтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээнээс газраас мэдээлэв. Харин 25 хувь нь дунд, таван хувь нь бага эрсдэлтэй байна. Төв болон зүүн аймгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 36 см хүртэлх зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин суманд 36, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Давст, Хяргас, Баруунтуруун суманд 27-31 см, Увс аймгийн Улаангом, Зүүнговь, Сагил, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт суманд 24-26 см цасан бүрхүүл тогтсон байна.

Тус газрын дарга Г.Оюунжаргал “Арваннэгдүгээр сарын 16-19-нд ихэнх нутгаар дулаарч цасан бүрхүүлийн өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл үүссэн нь малын бэлчээрлэлтийг улам хүндрүүлэх нөхцөл болж байна. Арваннэг болон арванхоёрдугаар сар гарснаар цаг агаарын муудалт буюу аюулт, гамшигт үзэгдэл болсон. Арваннэгдүгээр сар гарсаар манай орны хэмжээнд гурван удаа цаг агаар муудсан. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 3-4-нд шилжих шөнө агаарын температур өмнөх шөнөөс, ялангуяа Ховд аймгийн нутгаар дулаарч, дулааны гаралтай Фион салхи ажиглагдаж, салхины дундаж хурд 24-38 сек метр хүрч, цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Одоогоор хохирлын хэмжээ хараахан ирж амжаагүй байна” хэмээн ярилаа.

Тэрбээр цааш ярихдаа “Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд аймгаар хүчтэй салхитай. Дулааны гаралтай буюу халуун хуурай салхи ажиглагдана. Ялангуяа Ховд аймгийн Зэрэг, Чандмань сумдад салхины дундаж хурд 28 секунд метр давж, 37-38 секунд метр хүрч гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй. Энэ процесс маргааш  буюу 7-ныг дуустал үргэлжлэх төлөвтэй. Тодруулбал Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ болон төвийн аймгуудын баруун хойд хэсгийн сумдаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн өмнөд буюу говийн аймгуудын хэсгээр хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай хэмжээнд хүрнэ. Харин 8-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхины аюултай үзэгдэлд хүрнэ. Тиймээс цастай байгаа аймгуудаар нэмж цас орж, зузаан нэмэгдэнэ. Өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндрэх нөхцөл бүрдсэн. Малчид, тээвэрчдийг анхаарах болгоомжтой байхыг зөвлөж байна” гэв.

Өнөөдөр ихэнх нутгаар агаарын температур сулрах бөгөөд говийн аймгууд нэмэх хэмд орох төлөвтэй байгаа аж. Энэ нь цастай байгаа аймгуудад цас хайлж, мөсөн бүрхүүл үүсэх учраас мал бэлчээрлэхэд хүндрэл үүсэж байгааг онцоллоо.

Энэ сарын 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бөгөөд зарим газарт 37 хэм хүрч хүйтрэх ажээ. Ихэнх нутгаар өдөртөө 20 хэм хүртэлх хүйтэн байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *