Израйлийн зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсэгт ХАМАС-ын эсрэг хуурай замын цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн болохыг Израйлийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари мэдэгдэв. Мөн “Израйлийн тусгай хүчин Ливан, Турк, Катар дахь ХАМАС бүлэглэлийн гишүүдийн араас хөөцөлдөх ажлыг цаг хугацаа, элдэв бэрхшээлээс хамаарахгүйгээр явуулж тэднийг устгах болно” гэж Израйлийн Дотоод аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Шин Бет мэдэгдэв. Тэрээр “Бидний зорилго энгийнээр хэлбэл, ХАМАС-ыг устгах. Энэ ажиллагаа манай Мюнхен байх болно. Бид Газын зурвас, Баруун эрэг, Ливан, Турк, Катар гээд хаа сайгүй энэ зорилгоо хэрэгжүүлэх болно. Хэдэн жил шаардагдах ч бид энэ ажлыг хийж дуусгана” гэж хэлжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “ХАМАС-ыг устган тактикийн ялалтад хүрч чадах ч, хэрэв палестиний энгийн иргэдийг хөнөөх аваас Израйль стратегийн ялагдал хүлээх болно” гэж анхааруулсан байна. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах прокурор
Карим Хан ХАМАС-ын дайчдын халдлагад өртсөн газрууд болон Баруун эррэгт дөрөв хоногийн айлчлал хийснийхээ дараа “Израйль, ХАМАС хоёр дайны ажиллагаа явуулах олон улсын хууль, дүрмийг хүндэтгэж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх нөхцөл бүрдүүлэх ёстой. Хүмүүнлэгийн тусламжийн тухай хууль хоёрдмол утгатай зүйл биш. Энгийн иргэд үндсэн хоол хүнс, ус, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг цаг алдалгүй, хурдан бөгөөд хангалттай хэмжээгээр авах ёстой. ХАМАС хүмүүнлэгийн тусламжийг урвуулан ашиглах ёсгүй. Бүх талууд олон улсын хуулийг хүндэтгэх ёстой. Хэрэв тэд үүнийг хийхгүй бол дараа нь бидний үйлдлийн талаар гомдоллох хэрэггүй” гэж мэдэгдэв. Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани “Израилийн Газын зурвас дахь “гэмт хэрэг”-ийн талаар нэн даруй, иж бүрэн, шударга олон улсын мөрдөн байцаалт явуулахыг Катар шаардаж байна” гэж мэдэгдэв. Тэрээр мөн Катар улс шинэ эвлэрэл байгуулж, бүрэн бөгөөд эцсийн гал зогсооход хүргэхийн тулд чадах бүхнээ хийсээр байх болно гэсэн байна.
Израиль НҮБ-ын Гаагийн шүүхийн гишүүн биш бөгөөд түүний харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй учир уг шүүхээс ХАМАС бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгахад Израильд туслалцаа үзүүлэх боломжгүй байгаа юм.
Дайн эхэлснээс хойш Израйлийн цэргийн хүчин ХАМАС-ын газар доорхи 800 хонгилын гарцуудыг илрүүлж, 500-г устган мөн энгийн иргэдийн барилгуудын доорх олон км хонгилын сүлжээг устгаад байгаа бөгөөд НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор Газын зурваст 1.8 сая хүн орон гэрээсээ дүрвэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж.
НҮБ-ын Гаагийн шүүх ХАМАС нь Газын зурвас дахь албан ёсны засаг захиргаа бөгөөд өөрийн мөрийн хөтөлбөрт “Израилийг устгаж, еврей хүн бүрийг ална” гэж тусган үүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн тул Израиль өөрийгөө хамгаалж ХАМАС-ыг устгахаас өөр аргагүй болсон гэдэг бодит үнэнийг авч үзэх болно. Харин байлдааны явцад энгийн иргэд амь үрэгдсэн явдалд холбогдох тодорхой хувь хүмүүс хариуцлага хүлээж, оногдох ялаа эдлэх нь тодорхой юм.
Г.АМАРСАНАА