Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Батсуурь: Нүүрсний сонсголыг самууруулж, хэргийг өөрсдөөсөө “төөрүүлэх” гэсэн үйлдэл хийгдлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдах нэрст ихэвчлэн АН-ын хүмүүс байна. Нүүрсний хэрэг анх яригдахад зарлагдсанаас өөр хүмүүсийн нэр орж ирснийг та юу гэж харж байна вэ?

-Нийгэмд болж бүтэхгүй байгаа, иргэдийн санаа зовоосон, төрийн мөнгийг шамшигдуулсан, авлига хээл хахууль, хууль зөрчсөн үйлдэл их байна. Энэ хэмжээгээр иргэдийн амьжиргаа дордож ядуурал нэмэгдэж байна. Эдгээр асуултын хариуг өгөх хүмүүс нь эрх баригчид. Гэтэл эрх баригчид хоёр шалтаг хэлдэг. Ковидтой, дайнтай байсан гэдэг. Дэлхий дээр ганцхан Монгол Улс оршиж байгаа юм биш. Бүх л орон ковидын зовлонг даван туулсан. Дайны хор уршгийг даван туулж байна. Гэтэл үүнд ганцхан Монгол Улс нэрвэгдээд байгаа юм шиг ярьцгаадаг. Дайн, ковид 2021 оноос хойш үүссэн асуудал. Харин эрх баригчид 2016 оноос хойш өнөөг хүртэл засаглаж байна. Тэдэнд ахиц гаргаж байгаа юм алга. Үүнийг бүгд харж байна. Тиймээс болохгүйг нь хэлэхээр “Бид болж байна” гэж байгаа нь ичгэвтэр харагдаж байна.
Нүүрсний хулгайн эзнийг тодруулъя. Юу болов гээд Ерөнхий сайдаасаа эхлээд нийгэмд шуугиан дуулиан тарьсан. Хүн барьж хорьсон. Гэтэл шүүх хурал нь хэдэн ч удаа хойшлов. Сонсголоор нэгнийг яллахгүй, олон нийтэд л мэдээлэл өгөх гээд байгаа юм шүү дээ. Гэтэл хаа хамаагүй хүмүүсийг гэрчээр оруулах гэж байна. Тэд нүүрсэнд ямар ч холбоогүй. Нүүрстэй холбогдоогүй иргэдийг хэдэн зуугаар нь авчирч, байцаах юм байна л даа. Нүүрсний хэрэгтэй холбоотой гээд өнгөрсөн хугацаанд баахан хүн орон шоронд хийсэн. Хэд хэдэн гишүүнийг түдгэлзүүлчихсэн. Зарим нь өөрсдөө өргөдлөө өгчихсөн. Гэтэл тэр хүмүүсийн нэр алга. Үүнээс харахад дунд түвшнээс дээш “тул хүртэлх загаснууд” энэ сонсголоор яригдахгүй нь. Жараахай зиндааны мэтийн хүмүүсийг нь авч ирэх нь. Ийнхүү нүүрсний хэргийг самууруулж, өөрсдөөсөө төөрүүлэх гэсэн үйлдэл явж байна.

-Танай намын хэрэгжүүлж байгаа “Өрийн дарамтгүй Монгол” аяныг эрх баригчид үгүйсгэж байна. Монголыг өрөнд оруулсан нам ингэж ярих эрхгүй. Бид тавьсан өрийг нь дарж байна гэцгээж байна?

-Эрх баригчид асуудал тулахаар муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг АНруу заадаг. Ардчилсан нам муу байж болно, би энд өмгөөлөхгүй байя. Гэтэл найман жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ аваагүй.

Сонгуульд ялж Засгийн газраа байгуулсны маргаашнаас нь буруу байсан бол хариуцлага тооцож, шоронд хийж шонд дүүжлээд буруугүйг нь цагаатгачихгүй яасан юм бэ. Гэтэл бүр дордуулчихаад сонгууль дөхөхөөр яриад байна. Үүнд иргэд үнэмшихгүй шүү дээ. АН-аас “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний аян хийхээр зарим нь бухимдаад байна. Ардчилсан намын тавьсан өрийг бид дарах гэж үйлээ үзэж байна гэх юм. Үгүй шүү дээ. Социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжсэн цагаас 2016 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд тавьсан өрийн хэмжээтэй дүйцэх хэмжээний өрийг сүүлийн долоохон жилийн дотор МАН тавьчихлаа. Өмнөх өрийг төлж байгаа бол нэг хүнд оногдох өр 2016 онд байсан 15 сая төгрөгөөс багасах ёстой. Гэтэл өнөөдөр нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй байна. Нэг хүнд оногдох өр гэж өөрсдөө амаараа хэлсэн. Ам.долларын ханш унасан гээд 00 цаас, өндөг барьчихаад савсганаад байсан. Өнөөдөр ам.доллар 3500 болчихлоо. Тухайн үед МАН-ынхан өлгийтэй хүүхэд хүртэл 15 сая өртэй байна. Ардчилсан нам улсыг сүйрүүлчихлээ гэж байсан. Гэтэл тэд өнөөдөр Монголын өрийг хоёр дахин нэмчихээд сууж байна.

Ямар өр дарсан юм бэ гэсэн бодит асуултыг тавимаар байна. АН-аас л салчихвал инфляци буурч, өргүй болно, цэцэглэн хөгжинө гээд байсан. Өнөөдөр тэр бүхэн нь хаана байна вэ. 2016 онд 100 мянган төгрөгөөр хоёр тор хүнс авч хүрдэг байсан. Өнөөдөр юуных нь хоёр тор. Нэг тор ч дүүрэхгүй байгаа нь бодит үнэн. Чингис бондын мөнгөтэй тэнцэх дүнтэй мөнгөн дээр өнөөдөр төрийн өмчийн нэг компанийн захирал гарын үсэг зурж байна. Тэр мөнгө юунд зарцуулагдав гээд үзэхээр хувь хүний гэрээс алтан гулдмай, энд тэнд шилэн байшингууд гарч ирээд байна. Гэтэл бид Чингис бондын мөнгөөр Улаанбаатарын замын бүх уулзваруудыг янзалсан. Хэрвээ уулзвар байгаагүй бол түгжрэл юу болох уу. Аймгуудыг нийслэлтэй холбох замуудыг тавьсан. Гэтэл Дарханы замыг найман жил барьж байна. Цахилгаан станцын өргөтгөл, дулааны станц барьсан. Барилгын материал, хүнсний үйлдвэрүүд баригдсан. Энэ бүрийг иргэд мэдэж байгаа. Өмнө нь пиар, хар технологи, троллоор олон нийтийн тархийг угаадаг байсан. Өнөөдөр энэ технологи нь боломжгүй болсон. Монголчууд бүх зүйлийг харж, ойлгож байна, амьдрал дээрээ мэдэрч байна. Иргэд хариуцлага тооцох гээд ирэх жилийн сонгуулийг хүлээгээд сууж байна.

-2024 оны төсөв ер нь ямархуу төсөв батлагдчихав. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Мэдээж эдийн засаг тэлэх нь сайн. Гэхдээ эдийн засаг бүх түвшинд өсч байна уу гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, нүүрс, алт гэхчилэн уул уурхайн бүтээгдэхүүнийг их гаргаснаар эдийн засаг өсч байна уу, эсвэл ханшны зөрүүнээс хэдэн төгрөг олно гээд түүнийгээ хувааж байна уу гэдгийг харах ёстой.
Үе үеийн төсвөөс энэ жилийнх хамгийн том дүнтэй, хамгийн их зарлагатай төсөв. Сонгуулийн жилүүдэд төсөв өсдөг. Учир нь ингэж амлалтаа биелүүлж байгаа юм шиг харагдуулдаг. Энэ нь дараагийн дөрвөн жилийн эдийн засгийг сөхрүүлдэг. Том том үнийн дүнтэй бүтээн байгуулалтыг хийнэ гээд эхлүүлчихдэг. Төсвийн хэмнэлтийн хуулиар нийт хөрөнгө оруулалтын 1/3 хувийг тавьсан тохиолдолд төсөвт суулгах хуультай. Батлагдсаны дараа харахад 100 сая төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтад 10 сая төгрөгийн төсөв тавьсан байдаг. Энэ нь тухайн бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалтын 10 хувь шүү дээ. Зарим нь бүүр дуусдаггүй, замхарч дутуу баригдсан барилга, зам болон үлддэг. Ингэж дараагийн Засгийн газрын ажиллах боломжийг хумьж, дараагийн эдийн засгийн хүндрэлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, би үхэхээр чи үх гэсэн хандлагаар хандаж байна гэсэн үг.

Инфляци эдийн засгийн буруу бодлогоос үүдэж бий болдог. Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Цалинг инфляцитай уялдуулж нэмээд байгаа юм шиг хэрнээ баруун гараараа бага мөнгө өгөөд, зүүн гараараа их мөнгө суйлж байна. Энэ нь хүүхдийг чихрээр хуурч байгаатай адил үйлдэл.

Ер нь Засгийн газар уялдаа муутай байна. Жишээлбэл, Монгол Улс цахилгааны их үүсвэргүй боллоо. Цахилгаан, дулаан үйлдвэрлэл эцэстээ тулчихлаа. Өвлийг яаж давах уу гэж байхад нөгөө талд гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур өгнө гэж байх жишээний. Төрийн бодлого уялдаатай явах ёстой. Тэгж байж үр дүн гарна. Гэтэл нэг нь цахилгаанаа хэмнэнэ гээд зарим газрын ажлыг нь ч хийлгэхгүй хязгаарласан. Мэдээлэл багатай орон нутагт бүс бүсээр нь тасалж байна. Харин Улаанбаатарт иргэд утаа гээд ундууцахад цахилгаан халаагуур тараана гэж байна. Ийм байж болохгүй. Ковидод 20 их наяд төгрөг зарцуулсан. Энэ мөнгөөр нэг айлд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд бараг 200 мянган айлыг орон сууцтай болгоно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын бүх яндан, зуух нураад унах хэмжээний их мөнгө. Гэтэл өнөөдөр яндан зуухны тоо буурч байгаа юм алга. Ковидын мөнгөний зарцуулалтыг огт тайлагнахгүй байна.

-Танай нам ковидын төсвийн зарцуулалтаар сонсгол явуулах санаачилга гаргасан. Гэтэл шинжээч дээр гацчих шиг боллоо. Шинжээч маш чухал үүрэгтэй байдаг юм шиг байна, тийм үү?

-Тийм. Манай намын бүлгээс ковидын төсвийн зарцуулалтаар сонсгол хийе гэсэн. Сонсголд саад болох олон үйлдэл гарч байна. Жишээлбэл, шинжээч гаргаж өгөхгүй байна. Улсын эдийн засагтай тэнцэхүйц ийм их мөнгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүд очоод зөв бурууг ялгах боломжгүй. Үүнд нарийн мэргэжлийн шинжээч чухал. Үүнээс гадна ирэх нэг дэх өдөр ковидын сонсгол болно гэж байхад баасан гаригийн орой ажил тарсны дараа материалаа өгч байх жишээтэй. Энэ мэтээр төрийн байгууллагууд мэдээллээ өгөхгүй байна. Сөрөг хүчний санаачилсан нийтийн сонсголд мэдээллээ өгөхгүй байгаа юм чинь ард түмэнд мэдээллээ өгөхгүй байгаа нь энгийн үзэгдэл боллоо. Эрх баригчид хэт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.
Би орон нутгаар явлаа. Иргэд шүдээ зуучихсан байна. Хүчээ нэгтгэнэ гэсэн. Хүчээ нэгтгээд бүгдээрээ хулгай хийсэн байна. Хүчээ нэгтгээд инфляцийг нэмсэн байна. Хүчээ нэгтгээд ядуурал руу түлхсэн байна гэцгээж байна. Эрх баригчдын хэт дураараа энэ үйлдэл Хадгаламж зээлийн хоршоо, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг идэж уусан, 60 тэрбумаас эхлэлтэй. Дараа нь ЖДҮ, БЗС, Хөгжлийн банк гээд явна. Сүүлдээ нүүрсний хулгай боллоо. Улсын төсвийг хоёр нугалсан хэмжээтэй мөнгө энд яригдаж байна. Үүнийг таслан зогсоох зүйл бол сонгууль. Дэлхий дээр ер нь ийм бузар булай зүйлийг сонгуулиар засдаг.

-Авлигын шүүх байгуулах тухай асуудал яригдаж байна. Энэ талаар шүүмжлэлийг ч мэргэжилтнүүд хэлж байна л даа. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Сонгууль дөхөхөөр элдвийн юм ярьж байгаад эгдүүцэл төрж байна. 2016 онд гарч ирээд Авлигын шүүхээ байгуулж байхгүй яасан юм бэ. Хүний өөрийн гэж ялгалгүй хүмүүсийг цэвэрлэж байхгүй яасан юм бэ. Авлигатайгаа тэмцэж чадахгүй, намынхан нь бүгд аалзны шүлс шиг холбогдож, барьцалдсан. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдийг тайвшруулах зорилгоор Авлигын шүүх гэх нэр томьёог гаргаж ирж байна. Ардчилсан нам авлигатай тэмцэхийг 100 битгий хэл 1000 хувь дэмжинэ. Гэхдээ өнөөдөр Монгол төрийн институцуудыг эрх мэдэлдээ оруулах нь шударга шүүхийн зарчим алдагдана гэж бодож байна. Жишээлбэл, АТГ-ын даргыг Засгийн газар өөрөө томилдог. Прокурор мөн нэг хэсэг мэдэлтний гарт байгаа. Харин шүүх харьцангуй бие даасан байдалтай байна. Гэтэл авлигатай хэсгээс нь тасдаж аваад анхан болон давж заалдах шатгүйгээр шүүнэ гэж байна. Үүнийг иргэдэд сайхнаар ойлгуулаад ард нь өөрсдийнхөө найман жил хийсэн булай, булхайгаа бөөнөөр нь дарах гэж байгаа гэж бодож байна.

Хоёрдугаарт, бие даасан шүүхийн тогтолцоонд халдах нь буруу. Учир нь 37 онд “Онц комисс” гэгчийг байгуулаад баахан хүнийг хэлмэгдүүлсэн. Хээрийн шүүхээр баахан хүнийг буудан хороосон. Ер нь аливаа зүйл цөөхөн үйлдэл рүү орох тусам тэнд булхай үүснэ. Жишээлбэл, оффтейк гэрээ. Үүнийг гурван хүн хийсэн. Хэрвээ 30 хүн хийдэг байсан бол тэр гэрээ хийгдэхгүй байсан. Өнөөдөр шүүхийн системд хэдэн шүүгч байдаг, өөрийнх нь хэрэг аль шүүх дээр шүүгдэхийг мэддэггүй. Хуваарилагдаж очдог учраас шүүгчээ сонгох боломжгүй. Тэгвэл Авлигын шүүх гээд 12 хүнтэй шүүхийг зарлая. Авлигачид тэрхүү 12 хүний долоог нь хээл хахууль өгөх замаар авлигын нарийссан сүлжээ үүсгэнэ. Ингээд шударга шүүхийн зарчим алдагдана.

Иргэдэд сайхан сонсогдуулаад ард нь дандаа буруу үйлдэл хийдэг. Жишээлбэл, нүүрсний хулгайчидтай тэмцэнэ, сонсгол хийнэ гэж мэдээлэхээр иргэд дуртай хүлээж авсан. Гэтэл гол холбогдогч эзэд хаана байна. Байхгүй. Авлигын шүүх үүнтэй адил сайхан сонсогдож байгаа. Гэтэл нэг шоколад авсан байдаг ч юмуу баахан хүнийг шорон руу илгээчихээд их наядаар авсан зохион байгуулалттай бүлэглэл өөрсдийн шүүхээр өөрсдийн хэргийг устгуулах боломжтой. Дараа нь шүүхийн шийдвэр эцсийнх. Бид шүүхээр шийдүүлсэн. Ямар ч будилаан, булхайгүй гээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Одоогийн энэ зүйлээ 2016 онд хийгээд долоон жилийн хугацаанд хэрэгжүүлж үр дүнг нь үзсэн бол эргэлзэх зүйл алга. Сонгууль дөхөхөөр ийм юм хийж байгаад эргэлзэж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *