Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид хонгил нурсны улмаас газрын гүнд боогдсон 41 ажилчныг аврах ажиллагаа амжилттай явагдаж дуусав. Газар дор 4,5 км-ийн гүнд орших хонгил 17 хоногийн өмнө нурсан бөгөөд ажилчид аз болоход нурангид дарагдаж гэмтэж бэртээгүй боловч гарах гарцгүй болсон байна. Мөн уртаашаа 2 км орчим, өндрөөшөө 8.5 м том орон зай дотор хүчилтөрөгчийн тодорхой хэмжээний нөөц байжээ.
Аврагчид нурангин дундуур өрөмдөн нүх гаргаж, түүгээр хоол хүнс, ус, хүчилтөрөгчийг ажилчдад дамжуулан өгч байжээ. Гэхдээ хүчилтөрөгч дуусаж ажилчдын биеийн байдал муудах вий гэсэн болгоомжлол байсаар байв. Уг аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний гол зорилго нь нурангин дундуур бетон хоолой тавих явдал байжээ. Даваа гаригт эхэлсэн ажиллагааны сүүлчийн үе шатанд “уурхайчин-хархнууд” гэгддэг аврагчдын тусгай багийнхан оролцсон аж. Тэд уурхайн маш давчуу орон зайд ажиллах тал дээр мэргэшсэн хүмүүс юм байна.Ийнхүү тэдний ухсан нарийхан хонгилыг ашиглан бүх уурхайчдыг эсэн мэнд аварч чадсан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагаанд оролцсон бүх хүнд баяр хүргээд, өөрсдийг нь аврах хүртэл тэсвэр хатуужилтай байсан ажилчдын эр зоригийг онцлов. “Удаан хүлээсний эцэст найз нөхөд маань ойр дотныхоо хүмүүстэй уулзаж буйд би маш их баяртай байна” гэж тэрбээр “Х” нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Г.Амарсанаа