Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч С.Амаржаргал: Нүүрсний хулгайг шүүхээс өмнө авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүхээ байгуулах хэрэгтэй DNN.mn

Улс  төр судлаач, хуульч С.Амаржаргалтай дагнасан шүүх байгуулах асуудлын хүрээнд ярилцлаа.

-Засгийн газрын тэргүүн энэ жилийг авлигын эсрэг жил болгон зарласан. Одоо он гарахад сар гаруй хугацаа үлдлээ. Үндсэндээ 2023 он шувтарч байна. Улс төр судлаач хүний хувьд Монголын авлига буурсан гэж харж байгаа юу?

-Юуны өмнө бусад орнуудын авлигын индексийг нэг хараарай. Манайх шиг огцом ухралттай орон нэг ч байхгүй байгаа. Бусад орны хувьд тэр дундаа манайх шиг авлигын эрсдэл өндөртэй орнууд болох Турк, Беларусь, Болгар зэрэг улсуудын авлигын индекс өсөхдөө нэг, хоёр байраар ухардаг. Харин буурахдаа огцом буюу 5-10 байраар урагшилдаг. Юу гэхээр Турк жишээ нь 180 орноос 100-д орсон байлаа гэж бодъё. Тэгвэл авлигын эсрэг арга хэмжээ авсанаараа ирэх жил нь 90 рүү бүр 80 руу ороод ирэх жишээтэй. Үүнийг огцом бууралт буюу урагшлалт гэж байгаа юм. Гэтэл манай орны авлигын индексийн бууралт удаашралтай буюу 1-2 байхад өсөлт нь огцом буюу 5-10 байраар явагдаж байна. Тэгэхээр бусад орны хувьд авлигал адилхан байгаа ч зоригтой тодорхой шийдвэрүүдийг гаргаснаараа авлигын индексээ огцом урагшлуулж чадаж байна.

-Авлигатай тэмцэх тогтолцоо нь өөрөө буруу байна уу?

-Харин манайд тодорхой зоригтой шийдвэр гаргадаггүй учраас авлигын индекс нь буурахдаа удаашралттай байна. Өөрөөр хэлбэл бидний авлигатай тэмцэх хөтөлбөр, бодлого зохицуулалт, тогтолцоо маань буруу, үр дүнгүй байна гэсэн үг. Өнгөрсөн 2021 онд Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 110-т орж байсан. Харин 2022 онд 116 дугаар байрт бичигдсэн нь огцом өсөлт. Тиймээс Ерөнхий сайдын хувьд 2023 оныг авлигын эсрэг жил болгон зарласан. Энэ хүрээнд “5 Ш” ажиллагааг эхлүүлсэн. Улмаар авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулна гэсэн зорилтыг тавьсан.

Гэхдээ миний харж байгаагаар авлига албан тушаалын хэрэгт хариуцлага тооцох арга механизм нь удаашралтай явагдаж байгаа учраас энэ жилийн тухайд Засгийн газар зорьсондоо хүрэхгүй байх. Монгол Улсын хувьд 116 гэсэн байраас буух ч хоёр оронтой тоо руу орохгүй.

-Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж буй хариуцлагын явц удаашралтай байна гэлээ. Яагаад удаашралтай байна вэ. Хурдан шуурхай шийдвэрлэдэг байхын тулд дагнасан шүүх байгуулах шаардлагатай юу?

-Авлига албан тушаалын хэргүүдийг манай цагдаа, АТГ тодорхой хэмжээнд мөрдөөд, илрүүлж л байна. Гэтэл илрүүлсэн, шилжүүлсэн хэрэг нь прокурор дээр очоод уддаг. Цаашлаад шүүхийн шатандаа очоод ял өгч чаддаггүй. Нэг бол торгоод явуулчихдаг. Тэгэхээр энэ систем маань өөрөө авлигыг өөгшүүлээд байна. Тиймээс бид яах ёстой вэ гэхээр маш тодорхой нэг зүйл байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд ч бий. Юу гэхээр, тусгайлсан буюу дагнасан шүүх байгуулж болно гэж заасан хуультай. Ийм эрх зүйн орчин нэгэнт байгаа учраас бид ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын хэргийг тусгайлан шийддэг шүүх Монгол Улсад нэн даруй хэрэгтэй болчихсон гэсэн үг.

-Гэхдээ цагдаа, прокурор, шүүх байгууллага энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж л байгаа шүү дээ…?

-Одоо бол Эрүүгийн болон Захиргааны хэргийг шийддэг шүүх байгууллагууд байна. Тэгвэл үүнтэй адилхан авлига, албан тушаалын хэргийг шүүдэг шүүх байгууллагатай болох цаг нь болсон. Мөн дан ганц шүүхээс гадна дээрх төрлийн гэмт хэргийг мөрддөг, шалгадаг тусгайлсан хууль хүчний байгууллагууд хэрэгтэй. Тэгэхээр бусад хэргийг шийдвэрлэдэг хууль хүчний байгууллага болон шүүхийн байгууллага авлига албан тушаалын хэргийг мөрдөж, илрүүлж, шүүж чадахгүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд ямар нэгэн байдлаар барьцаалагдсан байна. Ямар нэгэн байдлаар нөлөөнд автчихаж. Тиймээс авлига, албан тушаалын хэргийг үнэн зөвөөр, хурдтай, богино хугацаанд шийдвэрлэдэг хуулийн цогц байгууллагатай болох шаардлагатай байгаа юм аа. Ингэж чадвал Монгол Улсын авлигын индекс огцом буурч, Засгийн газрын дэвшүүлсэн зорилго буюу хоёр оронтой тоо руу орох боломж нээгдэнэ.

-Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах асуудал 2020 оны сонгуулиас хойш л яригдаж байгаа. Одоо ямар шатандаа яригдаж байдаг юм бол. Засгийн газраас өргөн мэдүүлэх гэж байгаа гэж сонссон, үнэн үү?

-Хотын шинэ дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа уг асуудлыг илүү анхаарч, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байсан. Одоо Хууль зүйн сайд Б.Энхбаяр ахлаад явж байгаа байх. Хуулийн төсөл ерөнхийдөө бэлэн болсон гэдгийг миний танил хуульчид хэлж байсан. Тэгэхээр тун удахгүй Засгийн газраас авлигын асуудлыг дагнан шийдвэрлэх шүүх байгууллага байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих болов уу. Магадгүй өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж ч болно. Хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг нэн яаралтай хэлэлцээд шийдвэрлэх шаардлагатай гэж харж байгаа.

-Таны хувьд яагаад уг асуудлыг хурдлуулах шаардлагатай гэж үзээд байгаа юм бэ. Сонгууль дөхсөн учир авлигын асуудлаар улс төр явах гээд байна уу?

-Миний хувьд улс төр талаас нь асуудлыг харахгүй байна. Харин өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин болон шүүх, хуулийн байгууллагуудын тогтолцооны гажигаас болж авлигын асуудал хойшлогдох ёсгүй. Өнөөдөр авлига авсан гэх тодорхой мэдээлэл олон нийтэд цацагдаад байхад л тухайн этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байна. Тооцлоо гэхэд толгойг нь илээд өнгөрсөн шийдвэрийг Монголын шүүх гаргаж байна шүү дээ. Тухайлбал, ЖДҮ гээд л мартагдсан. Дараа нь Боловсролын сангийн зээл гээд л бас мартагдсан. Хэн, ямар албан тушаалтан энэ асуудлуудад хариуцлага тооцогдсон бэ. Нэг ч байхгүй шүү. Одоо нүүрсний хулгай гэх хэдэн арван их наядын асуудал яригдаж байна. Анх нийгэмд ил тод болохдоо хулгайчдад хуулийн хамгийн өндөр хариуцлагыг тооцно гэж байсан. Гэтэл өнөөдөр уг асуудлаар нийтийн сонсголоо ч УИХ хийж чадахгүй, гацчихсан байна шүү дээ. Үүнээс харвал нүүрсний хулгайн хэрэг нөгөө л нэг ЖДҮ шиг таг чиг болох горимдоо орчихож. Саяхан “Ногоон автобус”-ны хэрэг гарлаа. Үүнд мөн хэн хариуцлага хүлээж байна. Хэдэн хүн хорьсон л гэж байгаа. Салбарын сайдыг нь яллагдагчаар татлаа, шүүх рүү шилжүүллээ гэсэн. Шүүх дээр очоод торгох, эсвэл албан тушаалаасаа буугаад л өнгөрнө. Монголд авлигын асуудал яг л ингэж шийдэгдэж байна. Ийм байхад яаж авлига буурах вэ. Тиймээс л одоо нүүрсний сонсгол явуулахаас өмнө авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл нүүрсний хулгайч нарт бид хариуцлага тооцож яагаад ч чадахгүй. Өнөөгийн шүүх л лав тэдэнд хариуцлага хүлээлгэж чадахгүй гэдгийг олон нийт мэдлээ.

-Дагнасан шүүх байгуулах асуудал эрх зүйн хувьд боломжтой ч амьдрал дээр биелэх боломжгүй гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Таны хувьд уг асуудлыг яаж шийдэх боломжтой гэж харж байгаа вэ?

-Шүүх байгуулагдлаа гэхэд хорин нэгэн аймаг, сумдад давхар байгуулна. Тиймээс байр савны асуудлаа яаж шийдэх юм бэ гэх мэтээр асуудлыг дэндүү жижиг талаас нь харах хэрэггүй юм. Монгол Улсын эдийн засгаас давсан авлигын асуудал байхад бид мянга эдийн засгаа сайжруулна гэж яриад яах билээ. Эхлээд авлига авсан хулгайч нартайгаа тэмцэж, үр дүн гаргаж чадвал Монгол Улсын эдийн засаг гурав дахин тэлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр та нэг сая төгрөгийн цалин авч байгаа бол авлигын асуудлыг шийдчихвэл гурван сая төгрөгийн цалинтай болно гэсэн үг. Энэ бол нийтийн эрх ашиг. Тиймээс өнөөдрийн жижиг сажиг тулгамдсан асуудлыг бид олж хараад, том зорилгоосоо ухарч болохгүй. Нөгөөтэйгүүр бид хуучин сэтгэхүйгээсээс салах хэрэгтэй байна. Тэр нь жолооч гэхээр бүх техникийг мэддэг, жолооддог хүн гэж боддог. Эмч гэхээр бүх өвчнийг анагаах шидтэн мэт боддог. Орчин цагт нийгмийн салбар бүр дагнасан мэргэжлийг илүүд үзэх болсон. Эмч гэвэл зөвхөн зүрхний эмч. Жолооч гэвэл зөвхөн жижиг тэрэгний ч гэх үү эсвэл автобусных гэх зэргээр дотроо задраад явна. Үүнтэй адил гэмт хэргийг дотор нь задалж, зөвхөн нэг төрөлд нь хариуцлага тооцох, маргаан шийдвэрлэх механизмыг бүрдүүлж өгөх ёстой. Нийгмийн явж буй зүй тогтлоос шүүх байгууллага ангид байна гэж яагаад ч байхгүй. Тиймээс бид цаг үеэ дагаад дагнасан шүүх байгууллагатай болох шаардлагатай.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *