Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэгт буруутган, шалгаж дуусчээ. Түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Түүнийг МҮОНРТ-ийн нэрээр төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан, байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй зэрэг асуудлаар буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.
МҮОНРТ-ийн ажилчид, уран бүтээлчид өнгөрсөн зургадугаар сард /2023.06.09/ мэдээлэл хийсэн. Ажилчдын төлөөллийн зүгээс “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөл ирүүлсэн дөрвөн удаагийн бичгийг үндэслэн дүгнэлт гаргаж, тэр дүгнэлтээ хэлэлцүүлэх хурал болсон. Энэ хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас халсан процесс нь хууль бус шийдвэр байна гэдгийг нягталж өгөөч гэсэн 156 уран бүтээлчийн гарын үсэгтэй бичигт ажлын хэсэг гарч ажиллаад, дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт тавдугаар сарын 26-нд Үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоол гарч, А.Бүрэнбаатарыг ажлаа хангалтгүй хийж байна гэж огцруулсан. Энэ тогтоолыг эсэргүүцэж, тавдугаар сарын 26-нд нэг, маргааш нь нэг, тавдугаар сарын 28-нд нэг, бас 29-нд нэг гээд дөрвөн удаа Үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн гишүүн н.Оюун-Эрдэнэд хаягласан бичиг ирсэн байсан. Энэ бичгийг нийт хамт олноос, ахмадын зөвлөлөөс, Үндэсний зөвлөлийг огцруулъя гэсэн бичигт гарын үсэг зурсан хуудас нь олдохгүй байна гээд өгөөгүй. Надад гурван удаагийн албан бичгийнхээ гарын үсэг зурсан хувилбарыг өгсөн. Тэгээд энэ бичгийг хянасан ажлын хэсэг захирал А.Бүрэнбаатарыг огцруулсан үйл ажиллагаа 156 хүний гарын үсгийг няглаагүй, хууль бус байна гэдэг дүгнэлт гарсан. Дүгнэлт бол тушаал, шийдвэр биш.
Ингээд Үндсэний зөвлөл тэр дүгнэлтийг авч хэлэлцээд, шөнийн 03.00 цагт А.Бүрэнбаатарыг ажилд нь эргүүлэн томилсон.
Тавдугаар сарын 25-нд гаргасан 11 тоот тогтоолыг Үндэсний зөвлөлийн 13 гишүүн хуралд орж, 10 гишүүний саналаар А.Бүрэнбаатарыг огцруулсан. Гэтэл өчигдрийн хурлаар 12 гишүүний долоон гишүүн нь дэмжиж, тав нь огцруулна гэсэн саналтайгаар А.Бүрэнбаатар үлдсэн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр тогтоол дээр энэ хүнийг огцруулна гэж гарын үсэг зурсан хэд хэдэн гишүүн сүүлийн хурал дээр огцруулахгүй гэж дэмжсэн. Бид энэ асуудлыг мэдээд, удаа дараа хүсэлтээ дахин оруулсан боловч Үндэсний зөвлөлийн шийдвэр яг хэвээрээ гарсаар байсан. Тэгэхээр гаднаасаа захиалгатай, хэн нэгний томилгоотой ирсэн гишүүдийн эргэж буцсан шийдвэрээс болж, уран бүтээлчдийн шударга шаардлага, нэг жилийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгээс ирсэн дүгнэлтийн биелэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээр А.Бүрэнбаатарын ажлын тайланг үзэж, огцруулсан шийдвэрийг хүчингүй болгосон. Ингээд А.Бүрэнбаатар захирал өнөөдрөөс ажилдаа орж байна. Тэрбээр тавдугаар сарын 3-нд бүх нийтийн хурал дээр “Би цалин огт нэмж чадахгүй. Хэрвээ нэмэх бол 50 хувийг цомхотгохоос өөр аргагүй” гэж хэлж байсан. Гэтэл үүрэг гүйцэтгэгч Монголын мэдээ сувгийн захирал Р.Гандиймаад 14 хоногийн турш тамгаа өгөлгүй явсаар байгаад өчигдрийг хүргэсэн. Тэгээд Үндэсний зөвлөлийн гишүүдийн хууль бус тогтоолыг сонсмогцоо өнөөдөр уран бүтээлчдийн цалинг 250-450 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Цалин нэмж байгаа нь сайн. Гэтэл манай сурвалжлагч 714 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ том байгууллагад тогтвортой, чадварлаг боловсон хүчин ажиллах шаардлагатай. Ийм цалингаар хэн ажиллах вэ. Манайх боловсон хүчний хомсдолд орсон” гэдгийг хэлж байв.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “Т” нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад эдийн давуу байдал бий болгосон гэх;
- “А” нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх;
- “Б” нь Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ц” нарын албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх;
- Хилийн цэргийн …-р ангийн заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б”, жагсаалын дарга “Ч” нар нь бусдаас хахууль авсан гэх;
- Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Цаг, уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э”, “Г” нар нь өөртөө хууль бус давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон, байгууллагад хохирол учруулсан, бусдыг залилсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын удирдах албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- “Ц” нь Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Н” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.