Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 10-нд Орхон аймагт тоглолтоо хийх гэж байна.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Соёлыг түгээе” аяны хүрээнд аймгийн Засаг даргын урилгаар Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол улсын Соёлын элч Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүдийн тоглолт хийхээр болсон байна. Тоглолтод Урлагийн гавьяат зүтгэлтэн, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Соёлын тэргүүний ажилтан Н.Жигжиддорж, гавьяат жүжигчин, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр, Д.Дүйнхэржав, Л.Насанбуян, Н.Нямсүрэн, Д.Дагвадорж нар оролцох аж.
Тоглолтын тасалбарын үнэ 35 мянган төгрөг бөгөөд тасалбарыг арваннэгдүгээр сарын 29-нөөс Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборын кассаар худалдаалж эхлэх гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн. Морин хуурын чуулгыг анх 1992 онд байгуулж, анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Морин хуур чуулга одоогоор 36 орон тоотой ажиллаж байна. Цаашид тус чуулгыг өргөтгөж, орон тоог нэмэх, хөгжим хэрэгслийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ойрын үед Морин хуур чуулгыг өргөтгөхтэй холбоотой шийдвэр гарна” гэдгийг мэдээлсэн юм.