Categories
мэдээ улс-төр

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд цаг үеийн асуудлаар иргэд, олон нийт болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг парламентын гишүүдэд уламжжиллаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн хийгээд соёлын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн ч хүний эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байгаа гээд “Хүний эрхийн олон улсын индексээр Монгол Улс 165 орноос 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна” гэлээ.

Улсын Их Хурлаас 2000 оны арван хоёрдугаар сарын 07-ны өдөр  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг анх баталж, хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоог бий болгосныг тэрбээр дурдав. Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаас хойш манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 22 удаагийн илтгэлийг Улсын Их Хуралд ирүүлсэн. “Парисын зарчмууд” нэршлээр түгсэн “Хүний эрхийг дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын эрх зүйн зарчмууд’’-д нийцүүлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шинэчлэн баталсан гэдгийг тэмдэглэв. Энэ хуулиар олон чухал зарчмын өөрчлөлт хийсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдөр зөвхөн гурван зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, Улсын Их Хурал анх удаа өөрийн эрхээс татгалзаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, сонгон шалгаруулж, томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Эдгээрийн гол зорилго нь хүний эрхийн зөрчил гарч байгаа газар бүр хүрч, илрүүлж, иргэдийн дуу хоолой болж ажилладаг байгууллагыг төлөвшүүлэх юм. Гэтэл сүүлийн үед хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчлүүд шил дараалан гарах боллоо. Аливаа асуудлыг үүссэн хойно нь биш, үүсэхээс нь өмнө сануулдаг, сэргийлдэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөвшүүлж ажиллах үүрэг, чиглэл өгсөн байдаг. Хоёрдугаарт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэлээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж заавал биелдэг байх зохицуулалттай болсон. Өнгөрсөн хугацаанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг үл ойшоодог талаар шүүмжлэл гарсаар байсныг Улсын Их Хурал шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй аливаа этгээдэд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга энэ зохицуулалтаа хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг гомдол ирж байна. Гуравдугаарт, Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар илтгэлийг жилд нэг удаа Улсын Их Хуралд ирүүлдэг баймааргүй байна. Жилд нэг удаа дээрх илтгэлийг ирүүлдэг, тэр хүрээнд нь Улсын Их Хурлаас баахан дүгнэлт, тогтоол баталдаг ч түүнийг нь хэрэгжүүлдэггүй. Ийм учраас Хүний эрхийн Үндэсний Комиссын энэ асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй” гэв.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга, хүний эрхийн асуудлыг бүхний түрүүнд тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг хууль хэрэгжүүлдэг бүх байгууллагад сануулж, энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстойг сануулаад, шаардлагатай бол удирдлагаа өөрчлөх, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлээр ажиллахыг чиглэл болгов.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв (2023.11.16) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Гэрийн тэжээвар амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвар амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 53 саналаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлд “Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.” гэсэн 2.3 дахь хэсэг, мөн төслийн 3 дугаар зүйлд “нохой, муур үржүүлэх” гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг”, “нохой, муурын нэгдсэн бүртгэл гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг”, “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг” гэсэн  агуулгатай 3.1.8, 3.1.9, 3.1.10 дахь заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 6 дугаар зүйлд “Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно” гэсэн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн 9 дүгээр зүйлд “энэ заалт нохой салхилах зориулалтын талбайд хамаарахгүй” гэсэн агуулгатай тайлбар, мөн зүйлд “Энэ хуулийн 9.2.3-т заасан үүрэг Монголын үндэсний уугуул үүлдрийн нохойны асран хамгаалагчид хамаарахгүй.” гэсэн агуулгатай 9.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн юм.

Төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах” гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 23 дугаар зүйлд “Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ” гэсэн 23.2 дахь хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *