Categories
мэдээ нийгэм

Гэртээ харих зам DNN.mn

Тэсгим хүйтэн өвлийн нар эрт буцахыг хэлэх үү харанхуйд гэрээсээ гараад харанхуйд гэртээ ирдэг үе ирлээ. Түмнийг араасаа гүйлгэн суулгах автобусандаа суугаад гэрийнхээ урд буухад нэгэн тэргэнцэртэй эмэгтэй яг тэр цагт автобус хүлээгээд зогсож байгаа харагддаг юм.

Улаанбаатарын автобус л болсон хойно техниктэй хүн битгий хэл хөлийн хүч сайтай залуу бидний ч шандасыг шалгадаг хойно. Надтай зөрөөд суух тэр бүсгүй ойр хавиар явж байгаа эрэгтэй хүн болгоныг өргөөд ороход туслаач гээд гуйж байгаа нь харагддаг. Монгол эрчүүд ч тусархуу зангаараа гурав, дөрвөөрөө нийлэн өргөөд оруулж өгнө. Харин нэг удаа би ганцаараа бууж таарахад эргэн тойронд хэн ч харагдсангүй.

Бид хоёр бие бие рүүгээ хараад ойлголцсон ч ганцаар өргөж дийлэхгүй учир жолооч ахаас тусламж гуйв. Энэ өдөр жолооч ахтай хоёулахнаа тэр бүсгүйг өргөж оруулахдаа энэ маань буухдаа яах юм бол гэж бодож билээ. Миний хувьд ажилдаа ирж очих зам түгжрэлийг эс тооцвол нэг л хэвийн өрнөдөг. Гэтэл тэр бүсгүйн хувьд өдөр болгон хэн нэгнийг гуйх, санаа зовох асуудалтай нүүр туулдаг гэхээр бүх зүйл шударга бус санагдана.

Тэр бүсгүй над шиг л гэртээ харихаар ийн зогсох нь бид өөр ертөнцийн хоёр хязгаараас энэ автобусны буудал дээр нийлж байгаа мэдрэмжийг надад төрүүлдэг байж билээ. Миний хувьд гэртээ харих зам хамгийн дардан байдаг бол тэр бүсгүйн хувьд хамгийн их бартаат зам нь байдаг. Энэ бүхнийг эрэгцүүлэн суухад бид хүндээ ээлгүй тэр тусмаа тусгай хэрэгцээт ийм хүмүүстээ хамгийн ээлгүй хотыг, нийгмийг бүтээжээ. Хэдий болтол хажуугаар өнгөрөх хэн нэгэнээс дэм хүсч,  хүн царайчлахгүйгээр гэртээ харьдаг болох вэ, тэр бүсгүй. Ойрын хэдэн сар тэр үзэгдсэнгүй. Магадгүй бусдад хамгийн дардан ч хамгийн хэцүү замд явахаас түүртээд гэртээ суухыг сонгосон юм болов уу. Тэр бүсгүйг буруутгах аргагүй. Тэр чадах бүхнээ хийсэн.

Энэ бүгдийг эргэцүүлэн суухдаа бид адилхан л хүн гэтэл яагаад хоёр өөр ертөнцөд байгаа мэдрэмж төрөөд байгаагийн учрыг тайлах шиг. Бид хоёр зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл, бие хүнийхээ хувьд ижил ертөнцөд аж төрдөг ч нийгмээс шалтгаалах зүйлс л биднийг тусгаарлаад байгааг ойлголоо. Хэрэв тэр бүсгүйг гэрт нь хүргэдэг автобус тусгай хэрэгцээт хүмүүст зориулагдсан техникээр тоноглогдсон бол, харааны бэрхшээлтэй хэн нэгнийг чиглүүлэх замын хавтан нь стандартыг хангасан, шон мөргөхөд хүргэдэггүй бол би ч тэр бүсгүй рүү тэгж харахгүй тэр бүсгүй ч над руу тийм харцаар ширтэхгүй байх байж. Учир үүнд л байж.

2021 оны статистик мэдээллээр Монгол Улсад 106100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байна.Улсын хэмжээнд 13700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхэлж байна. Манай хуулиар байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах үүргийг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол тодорхой төлбөр төлнө. Ихэнх байгууллагууд төлбөр төлөх сонголтыг хийж байна. Гэтэл нөгөө талд ажил хийж, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй олон мянган иргэн бий. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа нь хоёр талтай. Нэг талд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ажил олгогчид ойлголт, мэдлэг багатай байна. Нөгөө талд ажил хийхийг хүсэж буй иргэдийн мэдлэг, ур чадвар шаардлага хангахгүй байх нь түгээмэл. Тиймээс ажил олгогчийн хандлагыг өөрчлөх, ажлын байрны таатай орчин бүрдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд нь хэлжээ. Энэ асуудлууд бодит байгаа нь үнэн. Гэхдээ яг энэ хоёр асуудлын зааг дээр орших тэдний ажилдаа явах, ирэх дэд бүтцийн асуудлыг хөндөхгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Солонгос, Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхдээ энэ мэт нарийн асуудлыг нь ч шийдэж чаддаг нь суралцмаар. Тухайн иргэнийг ажилд авсан байгууллага, ажилтан тусгай тээвэр шаардлагатай гэх хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлбэл шаардлагатай техникээр тоноглосон машинаар түүнийг ажилд нь хүргэж, бас авна. Энэ нь мэдээж нийгмийн халамж, даатгалын санхүүжилтээр шийдэгдэнэ. Энэ зөвхөн нийтийн тээврээр зорчих боломжгүй иргэдийн хувьд яригдах зүйл. Харин миний зүс таних тэр бүсгүй шиг өөрөө бие дааж ажилдаа явахад ямар ч бэрхшээл тулгарахгүй. Бүх нийтийн тээвэр нь тэдний зорчих бүх эрхийг хангасан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь хэн бүхэнд ашигтай. Тэд нийгмийн халамж хүртдэг бус татвар төлдөг иргэн байхыг хүсдэг. Тэд бусадтай л ижил нийгмийн амьдралд оролцож, алдаж онож, амжилт, уналтыг мэдэрч, хамт олны дунд буцалж байхыг хүсдэг. Гуравхан сая хүн амтай бидний хувьд хүн бүр хөдөлмөрлөж байж л хүсээд байгаа эдийн засгийн хөгжилдөө хүрнэ. Харин тэр бүх боломжийг бий болгох, түүнийг шаардах нь бид бүхний үүрэг. Хэн нэгнийг хойно үлдээхгүй хамтдаа л хөгжицгөөе. Уриалж байна.

 

Б.Заяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *