Нийслэлийн өвлийн бэлтгэлийг хангах ажил Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хувьд 98, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хувьд 96 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үлдсэн ажлуудыг хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдрийн дотор дуусгахыг компанийн удирдлагууд Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа. Харин Монгол Улсын хувьд шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг энэ онд ашиглалтад оруулах “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуур” төслийн гүйцэтгэл 96.5 хувьтай байна. Зарим төрлийн туршилтуудыг эхлүүлж, энэ сарын 20-нд техникийн комисс ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай барилга угсралтыг хугацаандаа дуусгах, батарей хуримтлуурыг системд залгахтай холбоотой Реле хамгаалалтын автоматик /РХА/ -ийн тавилын тооцоо, сэлгэн залгалтын программ боловсруулах баримт бичгийг боловсруулах даалгаврыг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д, мөн EPC гүйцэтгэгч 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөлд төхөөрөмжийн тохиргоо хийх, М-Акт бүрдүүлэх ажлыг дуусгахыг үүрэг болголоо.
Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80 МВт суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Ингэснээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг багасгах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргийлэх, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх аж.