Categories
гадаад мэдээ

Арголанд гэх хуурай газрын үлдэгдлийг олжээ DNN.mn

Нидерландын Утрехтын их сургуулийн эрдэмтэд Австрали тивээс 155 сая жилийн өмнө салж алга болсон Арголанд гэх хуурай газар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хоёр хэсэгт хуваагдаж үлдсэнийг олон жилийн судалгааны үр дүнд тогтоожээ. Арголандын багахан хэсэг өнөөдрийн Мьянмар улсын нутаг дэвсгэрт үлдсэн бол үлдсэн том хэсэг нь Индонез улсын зүүн арлуудын суурь болж тогтож Уоллосын шугам хэмээх нүдэнд үзэгддэггүй далд байгалийн хил хязгаар тогтоосныг бас нотолжээ.

Зүүн Өмнөд Азийн арлуудын амьтны аймаг энэ шугамаар хуваагдаж, хоорондоо эрс ялгаатай байдаг аж. Зөвхөн амьтад биш, эртний хүний төрөл зүйлүүд хүртэл энэ шугамаар хуваагдаж тархсан байдаг гэнэ. Тухайлбал шугамын баруун хэсэгт бар, заан, мич зэрэг амьтад байдаг бол зүүн хэсэгт ийм амьтад огт байхгүй, харин Австрали тивийн уугуул амьтадтай ижил төрөл зүйлийн амьтад нутагладаг юм байна. Энэ зааг ялгаа нь Арголанд тивийн хэсэг сүүлд энэ бүс нутагт амьтны аймгийн хамт шилжиж ирсний нотолгоо гэж эрдэмтэд үзсэн байна. Эрдэмтэд энэ бүс нутагт үлдсэн эртний хуурай газрын үлдэгдлүүдийг хооронд нь эвлүүлэх замаар ямар хуваагдал болсныг тодорхойлсон бөгөөд “Бид арлуудын учрыг олох хэцүү даалгавартай тулгарсан учраас манай судалгаа ийм удаан үргэлжилсэн. Бид шууд утгаараа арлуудын дүрсийг эвлүүлэхэд долоон жилийг зарцууллаа” гэж Утрехтийн их сургуулийн геологич, судалгааны багийн ахлагч Элдерт Адвокаат тайлбарласан байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *