Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон “GB News” телевизийн сувагт ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэ оны эхээр парламентын гишүүний суудлаасаа буусан Б.Жонсон тус мэдээллийн сувагт хөтлөгч, нэвтрүүлэгч, тоймчоор ажиллах юм. Тэрбээр ирэх онд Их Британи, АНУ-д болох сонгуулийн явцыг сурвалжлахад “гол үүрэг гүйцэтгэх” бөгөөд “Их Британийн сүр хүчийг дэлхий дахинд харуулсан цуврал нэвтрүүлэг хөтөлнө” гэж тус телезийн удирдлага мэдэгджээ.
Б.Жонсон олон сэдвээр “үзэл бодлоо илэн далангүй ” хуваалцана гэдгээ амласан аж. Түүнээс гадна, тэрбээр ирэх оноос эхлэн “Daily Mail” сонинд тусгай булан эрхлэн гаргахаар болжээ.
Бизнесийн асуудал эрхэлсэн сайд асан Жейкоб Рис-Мог, намын дэд дарга Ли Андерсон, парламентын гишүүн Эстер Маквей, Филип Дэвис (эхнэр, нөхөр) нарын дараагаар тус телевизийн сувагт ажиллах Консерватив намын улстөрчдийн сүүлчийнх нь Б.Жонсон болж байна.
Б.Жонсон 2022 онд Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон бөгөөд цар тахлын хөл хорионы үеэр ковидын эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир өнгөрсөн зургаадугаар сард парламентын гишүүний суудлаасаа татгалзахаас аргагүйд хүрсэн юм.