Төрийн захиалгаар нийгэм ахуйн /эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал,тамгын газар / барилга барьж буй компаниуд 2009 оноос хойш мөрдөгдөж байгаа ЦАЛИНГИЙН ТАРИФАА нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлуудаа шийдвэрлүүлэхийг шаардаж Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэтэй уулзах шаардлага хүргүүллээ.
Барилгын салбарын Норм, нормативын сангийн үйл ажиллагаа цаг үетэйгээ нийцэхгүй, шинэчлэл удаан байгаас шалтгаалж 2009 оны тарифт цалин өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд мөрдөгдөж хуучин төсөвтөй барилгууд баригдах боломжгүй болсон. Учир нь 2009 оны тарифт цалин 1 өдөрт 19.300 төгрөг тооцож төсөвлөж байсан бол өнөөдөр зах зээлийн бодит цалин нэг өдрийн 100.000төгрөг болсноор компаниуд ихээхэн алдагдал хүлээж төрийн захиалгат ажлуудыг гүйцэтгэх боломжгүй болж татвар, нийгмийн даатгал, банк, ббсб, ломбард, хувь хүмүүст ихээхэн хэмжээний өртэй болж дампуурч байна. Энэхүү нөхцөл байдлыг засуулхаар удаа дараа холбогдох яам захиалагч нарт хүсэлт хүргүүлсний үндсэн дээр, цаашид баригдах боломжгүй болсон барилгуудын төсөвт өртөгт магадлал хийх тухай Засгийн газрын 2023 оны 08-р сарын 09-ны өдрийн 290-р тогтоол гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байсаар 2024 оны төсөв УИХ-д өргөн баригдсан тул аж ахуй нэгжүүд энэ тогтоолоо хэрэгжүүлхийг шаардаж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар хуучин төсвөөр баригдаж байгаа 600 орчим барилга байгууламж байгаа бөгөөд бүгд цаашид баригдаж дуусах боломжгүй болсон байна.
Хуучин төсөв гэдэг нь 2021 оны 01-р сарын 01-нээс өмнө зураг төсөв нь магадлалаар батлагдсан ажлууд бөгөөд уг төсвийн цалингийн зардал 2009 оны тарифаар, машин механизмын зардал 2012 оны тарифаар, тээврийн зардал 2019 оны тарифаар тооцогдож төсөвлөгдсөн болно. 2009 оны цалингийн тарифаар 2023 онд барилга барих ямар ч боломжгүй гэдгийг ард түмэн, төр засгийн байгууллагууд та бүхэн ойлгох биз ээ.
Мөн Татварын Ерөнхий газрын даргын 2023 оны 09-р сарын 29-ны өдрийн 01/1 дугаар бүхий “Татварын өр хураах үйл ажиллагааг сайжруулах тухай” албан даалгавар гарч 100.0 сая төгрөгөөс дээш өртэй татвар төлөгчийн Хөрөнгийн байдлыг тогтоох ажиллагаа эхэлж Татварын Ерөнхий хуулийн 60-66 дугаар зүйлд заасан хөрөнгө битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төрөөс хэдэн их наядаар хулгайлсан нүүрсний хулгайчууд, төсвийн мөнгөөр хэт өндөр үнээр худалдаж авсан “Ногоон автобус”-ны хулгайчид, авилгийн мөнгөө оймсондоо нуудаг төрийн албан хаагч, гэртээ 7 тэрбум төгрөг хулгайлж нуусан төмөр замын авлигачин, тэрбум төгрөг авлигалаар аваад баригдаж 40 саяар торгуулсан УИХ-н гишүүн асан, Нийгмийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөг шамшигдуулсан УИХ гишүүн асан, улсаасаа баян болтлоо Төсвөөс хулгайлж хил даван зугтааж байгаа олон хулгайчид гэх мэт хулгайч, авлигачдын хөрөнгийг хураагаагүй байж мөрөөрөө бизнес эрхэлж, ажлын байр гаргаж татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлж яваа бизнесүүдээ яагаад ингэж шийтгэж дарамталж байгааг эгдүүцэн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.