Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Багшийн цалинг 1000 америк доллар, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалинг 800 америк доллартай тэнцэхүйц болгох” санаачилга гаргаж, D-Parliament.mn сайт дээр өчигдрөөс эхлэн санал хурааж эхэлжээ.
Уг саналд нийт 30 хоногийн хугацаанд 100 мянган хүн саналаа өгвөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх юм. Одоогийн байдлаар нийт 2100 гаруй хүн саналаа өгсөн байна. Та санал өгөхийг хүсвэл ЭНД дарна уу.
Тэрбээр, өргөдөлдөө “Улс эх орны хөгжлийн тэргүүлэх салбар нь боловсрол мөн. Монгол улсын хувьд ч боловсрол тэргүүлэх салбар гэдгийг Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:” гэж заажээ. Өнөөдөр боловсролын салбарын ачааны хүндийг үүрдэг багш нар 1273000 төгрөг буюу 368 ам.доллар, боловсролын үйлчилгээний ажилчдын цалин 750000 буюу 217 ам.доллартой тэнцэж байгаа нь сүүлийн 30 гаруй жил энэ салбарын багш ажилчдын цалин бодитоор нэмэгдээгүй гэдгийг харж болно. Үүний хор уршгаар боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд орох, улмаар боловсролын чанар буурах үндсэн нөхцөл болж байна. Иймээс 2024 оны 01-р сарын 01-нээс Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын цалингийн доод хэмжээг 1000 ам доллартой, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод хэмжээг 800 америк доллартой тус тус тэнцэхүйц болгох хуулийн төслийг санаачилж байна. Дэмжиж өгнө үү. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Дашнямын МӨНХБААТАР” гэжээ.