Categories
мэдээ нийгэм

ТӨВ АЙМАГ: Нээлттэй Төв аймаг форум болж байна DNN.mn

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТНЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” ФОРУМ

Төв аймаг “Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон аймгийн хөгжлийн жил жилийн төлөвлөгөө зэрэг богино, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-ын хурлаараа батлан хэрэгжүүлж байна. Харин дээрх шийдвэрүүдийн хүрээнд нутгийн удирдлагын байгууллага, бүх шатны Хурлын Төлөөлөгчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилга, оролцоотойгоор “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үзэл баримтлалд нийцүүлэн орон нутгийн онцлогыг тусган бие даасан хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар тогтоолоор “Нээлттэй Төв аймаг” хөтөлбөр батлаад байна.

Энэхүү хөтөлбөрт аймаг, орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, түүх, соёл, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн ололт амжилтыг олон нийтэд мэдээлэн сурталчлах, Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн харилцааг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, орон нутагт шилжин ирэгсдийн ажиллаж амьдрах орчин, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар аймаг, орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форумыг өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж байна. Форумын арга хэмжээний үеэр “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, хэлэлцүүлэг, Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум-Нутгаа зорьё” 27 сумын өдөрлөг, “Төв аймаг -Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг, Төрийн байгууллагын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулж байна.

“НЭЭЛТТЭЙ СУМ-НУТГАА ЗОРЬЁ” өдөрлөг

Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч 100 жилийн түүхтэй Төв аймагт “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Богд хан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах Үндэсний томоохон төслүүд хэрэгжиж манай аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байна. “Нээлттэй Төв аймаг” форумын хүрээнд 27 сумынхаа өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний танилцуулга, шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар сонирхогч аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулах, орон нутагтаа хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос сум руугаа чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих зорилгоор“НЭЭЛТТЭЙ СУМ-НУТГАА ЗОРЬЁ” сумдын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээрУлаанбаатар хот, өөр аймгаас 25 аж ахуй нэгж, байгууллага, 800 орчим иргэд Төв аймагт суурьшин ажиллаж, амьдарч байна.

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтыг хангах түшиц аймаг Төв аймаг. Үржил шимт хөрс, ажилсаг, хөдөлмөрч ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Төв аймагчууд улсын хэмжээний үр тарианы 26%, төмсний 50%, хүнсний ногооны 18%, ногоон тэжээлийн 55%-ийг, нийслэл Улаанбаатар хотын хүн амын махны хэрэгцээний 40%, хүнсний ногооны 56.5%, сүүний хэрэгцээний 45%-ийг тус тус хангаж байна.

Аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг эдгээр өдрүүдэд Өв соёлын төв өргөө цогцолборт зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгдчийн нэрийн хуудас болсон брэнд бүтээгдэхүүнүүд (сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн,  төмс, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд ) худалдаалагдана. Үзэсгэлэн худалдааны давуу тал нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Форумын хүрээнд зохион байгуулах “Төрийн байгууллагын нээлттэй өдөрлөг”-т 10 орчим төрийн байгуулага, 12 хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад, үйлчилгээ үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ӨДӨРЛӨГ

“Нээлттэй ажлын байр” өдөрлөгийн хүрээнд ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагууд танилцуулга хийж, ажлын ярилцлага зохион байгуулан E-Job программд ажлын байрны захиалга болон ажил хайгчийг бүртгэнэ. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн 128  байгууллагын 699 ажлын байрны захиалгыг ангилж, QR кодоор байршуулж, иргэд байгууллагыг мэдээллээр хангаж ажиллана.

 

 

 

НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГТ ТАВТАЙ МОРИЛНО УУ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *