Засгийн газрын өнөөдөр /2023.10.11/-ийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хэрэгтэй холбогдуулж, дараах заалтуудад өөрчлөлт, нэмэлт оруулахаар бэлдсэн гэв.
Энэ талаар тэрбээр “Жолооч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцно.
- Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 450 мянгаас 2.7 сая нэгжээр торгох, эсхүл
- 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл
- 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл
- 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дээрх гэмт хэргийг дахин үйлдсэн үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно.
Тээврийн хэрэгслийг жолоодохдоо согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр 3-5, хүнд 5-8, хүний амь насыг хохироосон үед бүх насаар нь жолоодох эрхийг хасна.
2017-2023 оны байдлаар,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 252,838 зөрчил
- Жилд дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36,120 зөрчил
- Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жил бүр дунджаар 110 хүн зам тээврийн ослоор нас барж байна.
2023 оны эхний найман сарын байдлаар,
- Нийт 15,094 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний 83.2 хувь нь нийслэл, 16.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33,723 зөрчил гарсан.
- Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 50 хүний амь нас хохирсон байна. Энэ нь өмнөх жилээс хоёр дахин буурсан үзүүлэлт юм.
- Зам тээврийн осолд 529 хүүхэд хохирогч болж, 37 хүүхэд нас барсан
Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо 15 хувиар буурсан. Үүний шалтгаан нь 2022 оны найман сарын байдлаар улсын архины борлуулалт 1.3 сая литрээр буурсан байна” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Замын хөдөлгөөний дүрэмд торгууль төлөхгүй явж буй тохиолдол их байна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ. Торгуулиа төлөхгүй бол шийтгэлийн торгууль нэмэгдэнэ. Нэг жилийн дотор торгуулиа төлөх ёстой бөгөөд ингэхдээ итгэлцүүрээр нэмэгдэнэ. Хамгийн дээд талын хугацаа нь торгуулийн дүнгийн 50 хүртэлх хувиар торгууль нэмэгдэнэ. Хэрэв ингээд ч төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийнэ.
- Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд оруулах
- Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
- Жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх
- Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах
- Тендер шалгаруулалтад оролцох
- Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх
- Үндэсний гадаад пасспорт олгох зэргийг хязгаарлана” гэлээ.
2 replies on “Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөхгүй бол дараах хязгаарлалтыг хийнэ DNN.mn”
Зөв зүйтэй эхлэл.Харин ч чангатгах хэрэгтэй байсан юм.
Энэ Энхбаяр ч хүний эрхийг хязгаарлах жинхэнэ коммунист арга хэрэглэхээр санал дэвшүүлжээ. Энэ нөхөр өөрөө боловсролын зээлээ төлөхгүй 20 жил болоод баригдахын даваан дээрээ төлж өр цайрсан хүн шүү дээ. 20 жилийн хугацаанд энэ нөхрийн ямар эрхийг Монголын төр хязгаарласан юм бол доо? Зөв механизмаа ол. Хааж бооно гэж тэнэгтдэг үе өнгөрсөн.