Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 8 настай охиныг хүчирхийлж, хөнөөгөөд, цогцсыг жорлонд хийсэн 21 настай эрэгтэй А-д анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, найман настай охины хоолойг боон амь насыг нь бүрэлгэн нүхэн жорлонд орхисныг тухайн айлынхан мэдэж, цагдаагийн байгууллагад хандснаар хэрэг ил болсон. Хүүхдийн цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран гаргасан байдаг.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээд нь 21 настай, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нэгэн бөгөөд тухайн хэргийг үйлдээд оргон зайлсан байхад нь цагдаагийнхан саатуулсан байдаг. Тухайн этгээд 2002 онд төрсөн, охины ахынх нь найз гэх А бөгөөд ял эдэлж, хорих ангиас дөнгөж суллагдаад байжээ.