Categories
мэдээ нийгэм

Ирэх онд аврагч, сургагч багш нарыг БНХАУ-д сургаж дадлагажуулна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллаж байна. Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Онцгой байдлын удирдлагын яамны сайд, ноён Ван Шяньшитай хийсэн хоёр талт албан уулзалтад оролцсоноос гадна харилцаа холбооны “Хайтера” ХХК, цэргийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн “Шиншин Жихуа” ХК, БНХАУ-ын Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Байгалийн гамшгаас сэргийлэх, тэмцэх судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Хошууч генерал Г.Ариунбуян цэргийн хувцас хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн “Шиншин Жихуа” ХК-ний удирдлагатай уулзах үеэр БНХАУ-д ашиглагдаж буй хүн тус бүрийн хамгаалах хэрэгслээс гадна аврах, гал түймэр унтраах ажиллагааны хувцас, машин техник, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд ашиглагдаж буй өнөөгийн шинэ технологи, инновацитай танилцав.

БНХАУ-ын Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний албатай танилцах үеэр хоёр талын хамтын ажиллагаа болон “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус сургалтын төвд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын аврагч, сургагч багш нарыг ирэх 2024 онд сургахаар тохиролцож, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагааг шинэчлэх, хүүхэд багачууд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын үед авах анхан шатны арга хэмжээний талаар таниулан мэдүүлэх анги танхимыг байгуулах зорилго бүхий төслийг санаачлан хамтран хэрэгжүүлэх арга замыг хэлэлцлээ.

Байгалийн гамшгаас сэргийлэх, тэмцэх судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн талаар танилцуулж, хоёр улсын ижил чиг үүрэг бүхий хүрээлэнгийн хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг илэрхийлэхээс гадна сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг харилцан хуваалцах, онцгой байдлын салбарт болон байгалийн гамшигтай тэмцэх, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таамаглан мэдэх үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй инноваци, шинэ санаануудыг боловсруулах тал дээр манай эрдэмтэн судлаачдыг сургах, дэмжин ажиллах, туршлага хуваалцан хамтран ажиллахаар тохиролцсон байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *