Categories
гадаад мэдээ

Европын Дээд хэмжээний чуулган юу шийдвэрлэв DNN.mn

250 мянган хүн амтай ч жуулчдыг татах талаараа дэлхийд алдартай, Испаний Гранада хотод өнгөрсөн долоо хоногийн эцсээр Европын 50 шахам улсын удирдагчдын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв. Дээд чуулган болж буйтай холбогдон хөдөлгөөн ихтэй хотын төв рүү орох замууд хаагдаж, нийтийн тээврийн хэрэгсэл тойрч, ойролцоох барилгуудын оршин суугчид гэртээ харихын тулд цагдаагийн хамгаалалтыг тойрч гарах шаардлагатай болжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Испанийн хаан VI Фелипе, Хатан хаан Летизия нартай Альхамбр ордонд уулзахаар болж уг ордон хаагдан XIII-XIV зууны үеийн Маврикийн ордон, цэцэрлэгт хүрээлэнгийн архитектурын шилдэг бүтээл болох Альхамбрыг өөрийн нүдээр үзэхээр Гранада хотод ирсэн жуулчдын урам хугарсан явдал болов. Мөн уг хотын гол үзэмжит хэсгийг дээд хэмжээний уулзалтын өндөр зэрэглэлийн зочдод үзүүлэн гурван өдрийн турш хаалттай байлгав. “Бид Гранадыг үзэх гэж дахин буцаж ирэхээр боллоо” гэж АНУ-аас ирсэн хөгшин жуулчин сэтгэл дундуур байгаагаа нуулгүй хэлэв.

Ийм том, дээд хэмжээний анхны уулзалт жилийн өмнө Прага хотод болсон. Дараа нь тавдугаар сард дээд хэмжээний уулзалтыг Молдав зохион байгуулж, зочдыг Кишинев хотоос 20 км-ийн зайд орших ордонд урьж, улс орныхоо агаарын орон зайг хааж байсан бол эдүгээ ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Испанид болсон байна.

Ердийнхөөрөө уг уулзалтанд оролцох нь хэдхэн цагийн өмнө тодорхой болсон Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дээд хэмжээний уулзалтын цэнхэр хивсэн дээр зогсож сэтгүүлчдэд хандан “Бидний өмнө тулгамдаж буй гол сорилт бол Европын эв нэгдлийг зөвхөн ЕХ-оор хязгаарлахгүй Европ тив даяар өрнүүлэх явдал” гэж мэдэгдэв. Энэхүү дээд хэмжээний уулзалтын эхэнд Украины ерөнхийлөгч, уг чуулганыг зохион байгуулагч Испани, Европын холбооны тэргүүлэгчид болох ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нар л үг хэлсэн юм. Зеленский Оросын буудлагаас хамгаалж, Харьковын метрон дотор хүүхдүүддээ бүтэн боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрхэн бүрэн хэмжээний сургууль байгуулсныг дурдаад “Бид 2023 онд амьдарч байна. Энэ бол Оростой хөрш зэргэлдээ орших явдал юунд хүргэдгийг баталж буй явдал” гэж мэдэгдээд Украины тагнуулын мэдээллээс иш татан ОХУ 2028 он гэхэд Украины зэвсэгт хүчинд устгуулсан цэргийн чадавхиа сэргээх боломжтой болно. Үүний дараа Балтын орнууд Оросын ээлжит довтолгооны бай болж магадгүй гэж анхааруулав. Зеленский “Энэ дайнд Оросын цэрэг бүрэн ялагдах ёстой. Путин түрэмгийллээ бусад улсад хийж чадахгүй болгохын тулд бид Украинд ялах ёстой” гээд “Танай хотуудад хүүхдүүдээ хамгаалах хангалттай метроны буудал бий юу?” гэж Европын удирдагчдаас асуусан юм.

Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын зорилго нь Украины эсрэг Оросын түрэмгийллийг сөрөн зогсоход Европын удирдагчид хамтран бүх боломжийг ашиглан “эв нэгдлээ сэргээх” явдал юм гэж чуулганы өмнө Мадрид албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украинтай эв санааны нэгдлээ илэрхийлж, яг яаж дэмжихээ харилцан ярилцан тохирч байв. Учир нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хамтын шийдвэр гаргаж, ерөнхий мэдэгдэл хийгээгүй юм. Үүний оронд хоёр талын уулзалт, хэлэлцээрүүд явагдсан. Тухайлбал, энэ үеэр Герман, Испани улсууд хамтран Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем өгөхөөр Зеленскийтэй тохиролцсон билээ. Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярилцахдаа ч мөн ийм дэмжлэгийн талаар тохиролцсон гэж мэдэгдсэн бол дараа нь “Бид нутагтаа эд ангиудыг нь угсарч эдгээр бүх системийг бүрэн ажиллуулах болно гэдэгт би үнэхээр итгэж байна, Иймээс эдгээр агаараас хамгаалах систем бүгд Украинд ирнэ” гэж Германы канцлер Олаф Шольцтой уулзахдаа тохиролцсон, өөрийнх нь хэлснээр энэ уулзалтаас гарсан “хүчирхэг шийдлийг” тайлбарласан юм. Тэрээр “Германы засгийн газар яг одоо, энэ өвлийн улиралд Украиныг “Патриот” системээр хангахын төлөө ажиллах болсон” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Бүх төлөөлөгчид оролцсон чуулганы хуралдааны дараа улс орны удирдагчид хэсэг бүлгээрээ хуралдав. Украины дайны үр нөлөөг “Олон талт үзэл ба геостратеги” бүлэгт хэлэлцсэн байна. Энэ үеэр Испани улс НАТО болон ЕХ-ны холбоотнуудтайгаа хамтран Киевийг “баттай бөгөөд бүрэн” үргэлжлүүлэн дэмжих хүсэлтэй байгаагаа батлан илэрхийлэв. “Европын холбоо шаардлагатай үед Украин болон түүний ард түмэнд улс төр, эдийн засаг, цэрэг, санхүү, хүмүүнлэгийн хүчтэй дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж ЕХ-ны зөвлөлийн түр ерөнхийлөгчийн хувьд Испанийн тал мэдэгдсэн байна. Харин ЕХ-ны тэргүүн Чарльз Мишель Владимир Зеленскийд биечлэн хандаж, “Бид тантай болон Украины ард түмэнтэй хамт байна” гэж батлан хэлээд Европын холбоо Украинд 82 тэрбум еврогийн тусламж хэдийнэ хуваарилж, томоохон хэмжээний дараагийн шинэ багц бэлдэж байгааг нэмж мэдэгдэв. Мишель мөн ЕХ ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний дарамтыг нэмэгдүүлэхийн тулд 2024 оноос эхлэн G7-гийн түвшинд Оросын очир алмаазыг хориглохыг дэмжиж буйг онцолжээ. Хариуд нь Зеленский Европын холбооны 12 дахь хориг багцад Оросын цөмийн салбар хамаарах ёстойг онцлов.

Гранада хотод болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны удирдагчид ЕХ-ны өргөтгөлийн стратегийн талаарх томоохон бөгөөд түвэгтэй мэтгэлцээний эхлэлийг тавьсан юм. Энэ нь зөвхөн Украин, Молдав, Гүрж зэрэг нэр дэвшигч орнууд Европын холбоонд элсэхийн тулд юу хийх ёстойгоос гадна ЕХ өөрөө тэлэх бэлтгэлээ хэрхэн хангах тухай байв. Тухайлбал, ямар шинэчлэл хийх, ямар шинэ хууль батлах, энэ өргөтгөлийг яаж санхүүжүүлэх вэ гэдэг талаар мэтгэлцэв. Тухайлбал, ЕХ гадаад болон татварын бодлогодоо нэгдсэн нэг санал баримтлах зарчмаасаа татгалзаж, ирээдүйд бүхнийг олонхийн саналаар шийдэх ёстой гэж Германы канцлер Олаф Шольц үзсэн юм.

Энэхүү чуулганыг хааж Урсула фон дер Лейен “Бидний үүрэг бол хүч хэрэглэх биш, харин эзлэн түрэмгийлэгчдийн хүчиндээ итгэж эхлүүлсэн дайнд Украинчуудыг ялуулах явдал. Бидний үүрэг бол Европын аюулгүй байдлын архитектурыг буцаан сэргээх, ингэснээр европчууд энэ тивд энх тайван, эрх чөлөөтэй амьдрах боломжтой болох явдал бөгөөд үүнийг л Европын улс төрийн хамтын нийгэмлэг удирдлага болгох ёстой” гэж онцлов.

 

Г.АМАРСАНАА

One reply on “Европын Дээд хэмжээний чуулган юу шийдвэрлэв DNN.mn”

Хүссэн ч эс хүссэн ч Орос ялах нь тодорхой. Танай сайт юу ч сурталдаад Оросын ялалтыг үгүйсгэж чадахгй. Танай сайт ч Орост дагаар орох цаг ирнэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *