Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, өчигдөр буюу аравдугаар сарын 06-нд цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Сэжигтэн Г.Гантулга нь хамгийн сүүлд 2014 онд танхайрах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх, зургаан жилийн хорих ял сонссон байдаг. Харамсалтай нь, түүнийг засран хүмүүжсэн гэх шалтгаанаар 2016 онд суллажээ. Тодруулбал, 2016 онд 1324 хоригдол сулласны нэг Г.Гантулга аж. Суллагдсан 1324 хүний 997 нь хугацаанаасаа өмнө суллагджээ. Одоогоор тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үзүүлсэн өршөөл, прокурор, хорих ангийн даргын магадлангаар суллагдсан эсэх нь тодорхой байна. Мөн Г.Гантулгатай хамт тухай онд 415 дугаар хорих ангиас 41 хүн суллагджээ.