Шинэ түүхий эдээр хийсэн түлшийг 177 тэрбум төгрөгөөр оруулж ирж, нийслэл даяар туршилт хийх саналыг өнгөрөгч наймдугаар сард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн олон нийтэд танилцуулсан.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тэрээр мэдээлэл өглөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байгаа. Нисэх, Яармаг нь Хан-Уул дүүргийн гэр хороолол, бусад гэр хорооллоос тасарчхаж байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна, хайран мөнгө гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй.
Хотын утаа бол зөвхөн айл өрхөөс биш, ТЭЦ-ууд болон автомашинуудаас ялгарч байгаа. Мөн ердийн тоосжилт ч гэж байна. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна. Шууд гэрээ байгуулж, нууцад хамааруулахгүй. Тендер нь ил зарлагдсан байгаа” гэлээ.