Засгийн газрын хэргийг эрхэлдэг, Ардын намыг ерөнхийлөн даргалдаг Д.Амарбаясгалантай холбоотой материал өнгөрсөн долоо хоногт гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Энэ дархлагдсан даргын талаарх тэр материалд шинэ юм багатай. Яригддаг л сэдэв байсан. Ялангуяа улс төрийн хүрээнд яриад удаж байгаа мэдээллүүд байв. Онцлог нь Монголын хэвлэлүүд Д.Амарбаясгалангийн тухай тийм мэдээллүүдийг хөнддөггүй. Учир нь энэ юм. Гэхдээ “Экспортынхоо гол орлогыг үрэн таран хийж буй Засгийн газрын цуврал авлига Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөв. Нүүрсээр баян тус улс нь хуучин барууны блок болон байгалийн баялаг ихтэй ЗХУ-ын дагуул улсуудын дунд зонхилох үзэгдэл болсон “баялгийн хараал”-ын тод жишээ. Энэ нөлөө нь БНМАУ-аас орчин үеийн олон намын тогтолцоонд шилжсэний дараах гучин жилийн улс төрийн тогтворгүй байдлын улмаас ужгирчээ. Тус улсын Тавантолгойн нүүрсний орд нь 7.3 тэрбум тонн нөөцтэй дэлхийн томоохон ордуудын нэг юм. Гэтэл энэ үндэсний баялгаа гарын салаагаараа урсгаж, орлогоос нь ердөө аравхан жилийн дотор 11.6 тэрбум ам.доллар хулгайд алдагдаж, “Монголын нүүрсний хулгай” гэж нэрлэгдэх болжээ” гээд эхэлж буй “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын хэрэг Монголыг тогтворгүй болгож байна” гэх гарчигтай материал хачин монголжуу бичвэртэй байсныг энд хэлэх хэрэгтэй. Хачин. Харин тэр өөрөө үүнийг “Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна. Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна” гэж няцаав. Тэр Д.Эрдэнэбилэгийг хэлсэн бололтой. Гэтэл Д.Эрдэнэбилэг түүнийг бодох байтугай эх орондоо ч хөл тавьж чадахгүй өөрийгөө яая гэж яваа. Тэгэхлээр Д.Амарбаясгалан руу хэн, хаанаас, яах гэж ийм чулуу шидсэн нь сонирхол татаад л үлдлээ.
Нүүрсний хулгайтай холбоотой энэ дуулианыг дараад ногоон автобусны шуугиан босч ирэв. Ногоон автобус ч яахын аргагүй авлига, хулгай юм аа. Нэг бүрийг нь 340 орчим сая төгрөгөөр авсан автобусыг нөхдүүд 7.6 сая төгрөгөөр авсан болж таарч байна. Бүх мөнгөн дүн нь Арай л дэндсэн хулгай болжээ, янз нь. Энэ автобусны талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 тоот захирамжаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болсон. Уг ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэ заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан. Гурван үндсэн нөхцөлийн аль нэг нь байвал хууль хамаарахгүй гэж зохицуулсан. Нэг бол хуулиар төрийн нууцад хамааруулсан, Үндэсний аюулгүй байдалтай хамааралтай, галт зэвсгийн гэсэн байна. Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн байдаг. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах түүнчлэн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбар, олон улс, Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байгаа. Хоёрдугаарт, хүний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт Иргэдийн амьдрах, ажиллах, аюулгүй орчныг хангах, гамшгийн эрсдлийг бууруулах, хүнийг аюулгүй байдлыг баталгаажуулах нь үндэс болно гэж заасан байгаа. Олон автобусны насжилт хэтэрсэн. Ингээд зам тээврийн осол гарч, иргэд 40 минутаас дээш автобус хүлээж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих байдалд хүрсэн. Тийм учраас Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй” гэв. Нөгөө талд НИТХ-д байдаг ХҮН-ын гишүүд “Энэ автобусыг ямар компанитай, яагаад гэрээ байгуулсан эсэхээр хойноос нь тултал нь явна. Шаардлагатай бол Вьетнам явна гэсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд нэг их наядыг автобусанд оруулжээ. Өнөөдөр автобусаа худалдаж авч чадахгүй хэмжээнд ирлээ. Уржигдар ногоон гэх автобусыг очиж үзлээ. Үүнээс гадна нийслэл 224 улаан автобус оруулж ирсэн. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. “Daewoo” компаниас худалдаж авсан гэж ярьж байгаа. Нийтдээ 600 автобус бөгөөд нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгөөр авсан гэсэн. Үүн дээр нэмээд 150 цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Түүнээс гадна дунд оврын автобус 50 ширхгийг оруулж ирж байгаа гэх мэдээллийг өгч байна. “Тэнүүн-Огоо” ХХК нь тендерээр сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбараа өгсөн. Энэ бүрэлдэхүүнээрээ газар дээр нь очиж үзээд миний бие салоны байдлыг харсан. Голчилж манай инженер А.Отгонбаяр деталь зураг, кузов засвар, арлын дугаарыг авсан. Нийслэлийн худалдан авсан автобусыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм бэ. Автобусны асуудал нийслэл дээр энэ сарын 19-ны өдөр болсон ХҮН-ын бүлгийн хуралтай шууд холбоотой. Бид нийтийн тээврийн асуудлаар асуулга тавихад “Үүнийг бид дэлгэж чадахгүй. Нууцтай холбоотой” гэсэн тайлбар хэлснээр дээрх асуудал босч ирсэн юм” гэлээ. Ингэж өндрөө авсан ногоон автобусны асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Хэвлэл, цахим сүлжээний мэдээллээс харахад нийлж байгаад бараг л дэлгээд, дөхүүлээд өгчихсөн байна шүү, энэ автобусны талаар. Тэд мөдхөн мухарлаад үнэнийг иргэдэд хэлэх байлгүй дээ. Ганц “Тэнүүн-Огоо” ХХК энэ том хэргийг мандаана гэж ч юу байх вэ. Ард нь том том дарга нар байж таарахаар болоод явчихлаа. Д.Амарбаясгалан, автобус гээд Ардын намынхны авлига ар араасаа зад үсэрч байна даа.
Б.Тулгат
One reply on “Д.Амарбаясгалан, автобус гээд Ардын намынхны авлига ар араасаа зад үсэрч байна DNN.mn”
МАФИЖСАН МАН-ЫН ЛУЙВАРЧИД ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ САЛБАРТ ШИМЭГЧЛЭН ЧАДЛЫНХАА ХИРЭЭР ХУЛГАЙЛАН ЗУВЧУУЛЖ ИРСЭН ИРСЭЭР БАЙНА ! АВТОБУСНЫ ХУДАЛДАН АВАЛТЫН ЛУЙВАР МӨСӨН УУЛЫН ОРОЙ ТӨДИЙ !!!