Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тавинбэх: Нөөцгүй учраас эх үүсвэр дээр гэмтэл гарлаа гэхэд шууд цахилгаан хязгаарлалт хийгдэх эрсдэл бий болсон DNN.mn

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхтэй тус салбар өвөлд бэлэн байгаа эсэх асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө танаас эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар асуумаар байна. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбар ямар хэмжээнд явж байна. Мэдээж тулгамдаж байгаа асуудал олон бий…?

-Таны асуултад шууд хариулъя. Бид өнөөдөр улс даяараа чадлын дутагдалд орчихсон байна. Өөрөөр хэлбэл бид эрчим хүч үйлдвэрлэхээсээ илүү хэрэглэдэг болчихсон байна гэсэн үг. Тэгэхээр бид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай барих шаардлага бий боллоо. Энэ ажлыг бид яарахгүй бол цаашид эрчим хүчний доголдолд орж болзошгүй байна. Нөгөөтэйгүүр үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалаад м а н а й салбарын ажиллагсдын орох, гарах хөдөлгөөн их байгаа. Сүүлийн жилүүдэд энэ хөдөлгөөн улам нэмэгдэх хандлагатай байна. Энэ бол салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Бид цаашид энэ салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг тасралтгүй авах болно.

-Та хэллээ. Бид эрчим хүч үйлдвэрлэхээс илүү хэрэглэж байна гэж. Тэр утгаараа эрчим хүчний салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна шүү дээ?

-Жилээс жилд санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад бид 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй хөрөнгө оруулалтын ажил, хийж чадаагүй засварын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага зэрэг тулгамдсан нийгмийн асуудал байна. Ер нь өнөөдөр учраад байгаа энэхүү санхүүгийн алдагдал нэг зүйлээс шалтгаалж байгаа юм. Т ухайл бал , хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртөгөөс нь доогуур үнээр борлуулж байгаад учир байна. Товчхондоо санхүүгийн алдагдал үүнтэй холбоотой. Тиймээс энэхүү алдагдлаас гарахын тулд эхний ээлжинд бид доод өртөгт хүргэх шаардлагатай. Мэдээж хэрэглэгчдийн үнийг нэмнэ гэдэг нь өөрөө нийгэмд амаргүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Тэгэхээр үнэ тарифын асуудал хариуцсан Эрчим хүчний тухай хуулиар бие даасан, хараат бусаар шийдвэр гаргадаг Эрчим хүчний зохицуулах хороо гэх байгууллага бий. Бидний зүгээс үнэ нэмэгдүүлэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудад байнга тавьдаг. Удахгүй энэ асуудлаар шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

–  Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүй бол бид хомсдолд орно гэж ярилаа. Т э р утгаараа эрчим хүчний хараат байдлаас гарах, хэрэгцээгээ бүрэн хангасан эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохын тулд ямар ажил хийж байна. Ойрын хугацаанд шинээр бий болох эх үүсвэр юу байгаа вэ?

-Мэдээж эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл сайн. Гэвч бид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хэрэглээгээ цаг тухай бүрд нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож чадаагүйгээсээ болоод өнөөдөр б ид импортын эрчим хүчээр хангаж байна. Импортын эрчим хүч гэдэг маань өөрөө тийм ч муу зүйл огт биш шүү. Энэ нь өөрөө олон улсад байдаг систем. Тэр бүү хэл өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн импортоор эрчим хүч авдаг. Гэхдээ импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг зохистой харилцаанд барих хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах зорилгоор 11 эх үүсвэрийг барихаар тусгасан. Үүн дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ч бий. Уламжлалт нүүрсний технологитой эрчим хүчний эх үүсвэр ч байна. Хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орох гэж байгаа эрчим хүчний эх үүсвэр бол хувийн хэвшилийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөгжүүтийн 300 Мвт- ын хүчин чадалтай станц байгаа. Энэ станц 2024 оны өвлийн ид ачааллаас өмнө ашиглалтад орохоор бүтээн байгуулалтынх нь ажил эрчимтэй өрнөж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжээд явж байна. Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч нь тодорчихсон. Одоо гэрээний хэлэлцээрт орохоор ажиллаж байгаа. Эдгээр станцууд 3-4 жилийн дараа бүрэн ашиглалтад орохоор байна. Дор хаяж  ййм хугацааны дараа ашиглалтад орох учраас тэр хүртэл өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ бид хэрхэн хангах вэ. Энэ бол манай салбарт тулгамдаж байгаа амаргүй асуудал. Гэхдээ бид гарц шийдлийг нь олж явахаас өөр арга байхгүй.

-Эрчим хүчний сайд ч хэлж байсан. Б и д өнгөрсөн өвлийг амаргүй давсан шүү гэж. Тэгэхээр энэ жилийн өвлийг хэрхэн давах төлөвлөгөөтэй байна вэ. Үүсч болзошгүй эрсдэл юу байна?

-Өвлийн бэлтгэл хангах ажлыг салбарын хэмжээнд төлөвлөгөөнийхөө дагуу бүрэн авч хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар өвлийн ачаалал эхэлчихсэн байна. Бид бүх хэрэглэгчдээ цахилгаан, дулааныг нь хангаад ажиллаж байгаа. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тиймээс ажиллаж байгаа тоноглол дээр тэр дундаа эх үүсвэр дээр гэмтэл саад гарлаа гэхэд гэмтлийнхээ хэмжээгээр эрчим хүч хязгаарлаж болзошгүй хэмжээнд байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ер нь олон улсын жишгээр бол дотоодын эрчим хүчний 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой.

Гэтэл манайх ийм нөөцгүй байгаа нь өөрөө эрсдэлтэй нөхцөлд бид ажиллаж байна гэсэн үг.

-Сайжруулсан шахмал түлшний асуудал танай салбарт харьяалагдах зүйл. Тэр утгаараа шахмал түлшний чанар, аюулгүй байдал ямар байгаа юм бэ. Мөн энэ өвлийн нөөц хангалттай хэмжээнд байгаа юу?

-2023-2024 оны өвлийн ид ачааллыг давахын тулд бид 118 мянган тонн сайжруулсан түлш бэлдсэн. Энэ нь өөрөө Улаанбаатар хотын хэмжээнд 45 хоногийн нөөц байна гэсэн үг . Өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний нөөц бэлтгэсэн нь хангалттай байсан . Тэгэхээр шахмал түлшний нөөц боломжийн хэмжээнд бэлтгэгдсэн гэсэн үг. Чанар, аюулгүй байдлын асуудал мэдээж их яригддаг. Тэр утгаараа сайжруулсан шахмал түлшний үйлвэрлэлд өдөр болгон Мэргэжлийн хяналтын байгууллагууд ирж шалгалт хийдэг. Одоогоор ямар нэгэн байдлаар Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна. Тийм бүтээгдэхүүн гарвал бид үйлдвэрлэлийг шууд зогсоох арга хэмжээ авдаг. Тиймээс шахмал түлшний хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг би итгэлтэй хэлж чадна.

Э.МӨНХ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *