Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт есдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ард иргэдийг хамруулан аюулгүй цэгт нүүн шилжих болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явуулснаар өндөрлөлөө.
Түүнчлэн иж бүрэн сургуулийн хүрээнд бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор хээрийн гал түймэр унтраах дадлага, үер усны ослоос эрэн хайх, аврах, газар хөдлөлтийн гамшгаас эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиудыг зохион байгуулсан юм.
Мөн өгөгдсөн цагийн байдлын дагуу аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотголоо.
Энэ удаагийн иж бүрэн сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн шүхэрчид шүхрийн буулт хийж, нисдэг тэргээр өндрөөс аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагааны үзүүлэх сургуулийг хийснээрээ онцлог байв.