Categories
мэдээ нийгэм

Л.Гүндалайн Зайсанд зайдалсан түүх DNN.mn

Монголын улс төр бол бирд юм. Сайн муу, чадвартай, чадваргүй хэнбугай ч улс төрд орж чадвал хоосон буудаггүй. Багадаа л Богд уулын аль нэгэн аманд өөрийн гэсэн газартай, байшин барилгуудтай, төрийн аль нэг сангаас хүүгүй зээл авчихсан, Боловсролын сангийн зээлээр өөрөө биш юм гэхэд үр хүүхэд, хамаатан саднаа сургачихсан байдаг. Тэд хууль бус хөрөнгөө нэр дээрээ хадгалахгүй. Хамаатан садан, найз нөхдийнхөө нэр дээр гаргуулаад араас нь өөрсдөө удирдаж суудаг жишиг л Монголын улс төрд тогтоод байгаа. Жирийн монгол иргэн насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хөрөнгийг сонгуульт дөрвөн жилдээ бий болгож чаддагийг бирд гэхээс өөр юу гэх билээ.

Үүний бэлээхэн нэг жишээ бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. Тэрбээр 2000 оноос хойш УИХ-д Хөвсгөл аймгаас нэр дэвшин гурван удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар 2006-2007 онд ажиллаж байсан улс төрийн намтартай.

Түүнийг УИХ-ын гишүүн гэхээс илүү Зайсангийн эзэн Гүндалай гэдэг нэршил ард түмний чихэнд хоногшсон. Учир нь тэрбээр 2000-аад оны үеэс Зайсанд хууль бусаар газар авч, барилга бариулсан, бариулаагүй гэдэг маргаан 20 орчим жил үргэлжилж буй. Хэвлэлүүд баримт дэлгэдэг. Л.Гүндалай үгүйсгэдэг юм. Өнөөдөр ч тэрбээр нөгөө л Зайсандаа “Би хууль зөрчөөгүй, миний хөрөнгө биш” гэдэг худал үгээ хэлж, энэ ажиллагаандаа гэр бүл, хамаатан саднаа татан оролцуулж гаршжээ.

“Гишүүн асан Л.Гүндалай дархан цаазат Богд хан уулын аманд О.Одсүрэн гэгч дүүгийнхээ нэр дээр олон га газар авсан. Уг газар дээрээ барилгын компаниудаар орон сууц бариулангуутаа бүтэн орц, давхараар нь өөртөө байр авдаг. Барилгын компаниуд оршин суугчдад тоглоомын талбай, амарч зугаалах талбайтай гэх зураг төсөл үзүүлж, хууран мэхэлж зарчихаад эцэст нь уг газар дээрээ дахиад барилга барьдаг. Оршин суугчид шаардлага тавихаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа “Хууль зөрчиж барьсан орон сууцыг худалдаж авсан та нарын хохь” хэмээн загнадаг” гэсэн гомдлыг оршин суугчид өнгөрсөн 2021 оны эхээр гаргаж, нэлээд том маргаан дэгдэж байлаа. Өнөөдөр ч тэдгээр оршин суугчид гомдолтой байдаг гэх юм билээ.

Л.Гүндалайгийн халхавч О.Одсүрэн гэх залуу бий. Энэ залуу түүний төрсөн эгчийнх нь хүү. Тэрбээр дүүгийнхээ нэрийг ашигласан залилангийн томоохон нэг асуудал байдаг. Тодруулбал, түүний дүү О.Одсүрэн одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 оны есдүгээр сарын 4-нд барилгын “Мфикс Капитал” компанитай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан байдаг. Тэд тухайн үед тус, тусдаа орон сууцны барилгын төслүүд хэрэгжүүлж байсан бөгөөд тэдгээрийг дулаанаар хангах зорилгоор О.Одсүрэн өөрийн эзэмшлийн ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун талд байрлах Дүнжингарав гудамж дахь талбай дээр дулааны төв магистрал шугам татах, түүнд зориулагдсан тоног төхөөрөмж болон ДТТ-(дулаан түгээх төв)-ийн барилга барих талаар “Мфикс Капитал” компанитай зөвшилцөж, гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу О.Одсүрэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас дулааны техникийн нөхцөл, ДТТ- ийн барилгын зураг, ДТТ-ийг барих газрыг өөрийн нэр дээр бэлэн байлгах үүрэг хүлээсэн байна. Гэвч тэрбээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.1, 3.2, 3.3-д Б тал буюу иргэн О.Одсүрэн өөрийн нэр дээр байгаа дулааны 178 тоот техникийн нөхцөлд “Мфикс капитал” ХХК-ийн барилгын дулааны ачааллыг багтаах, ДТТ-ийн газрын гэрчилгээг бэлэн болгох, ДТТ-ийн барилгын зургийг хийлгэж барилга бариулах үүрэгтэй байж. Гэвч гэрээний үүргүүдээ биелүүлж чадаагүйгээс болж тухайн жилдээ шугам татах болон ДТТ-ийн ажил гацаж зогссон байна. ДТТ гэдэг бол аливаа орон сууцны амин чухал зүйл. Дулаан татаж чадахгүй бол орон сууц ашиглалтад орохгүй. Төсөл зогсоно, захиалагч, оршин суугчид эрсдэлд орох магадлалтай. Тиймээс “Мфикс Капитал” компанийн зүгээс орон сууцаа цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд 2009 оны зургадугаар сарын 17-нд Эрчим хүчний яамнаас 07/2009 техникийн нөхцөлийг Зайсан толгойн зүүн салаанд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын хамт гаргуулан авч ажлаа эхлүүлсэн байгаа юм. Шинэ техникийн нөхцөл гарснаар иргэн О.Одсүрэнгийн нэр дээр гарсан байсан дулааны 178 тоот техникийн нөхцөл хүчингүй, ач холбогдолгүй болж таарчээ. Сүүлд 2010 онд иргэн О.Одсүрэн хүчингүй болсон 178 тоот техникийн нөхцөлийн оронд өөрийн барилгуудыг дулаанд холбох 35/2010 тоот техникийн нөхцөлийг гаргуулснаар түүний өмнөх гэрээгээр хүлээгээд байсан 178 тоот техникийн нөхцөлийг ашиглаагүй нь нотлогдож байгаа юм.

2009 онд “Мфикс капитал” ХХК-ийн захиалгаар “Ану сервис” ХХК дулааны шугам, ДТТ-ийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн тухайн жилдээ Улсын комисст хүлээлгэн өгчээ. Уг бүтээн байгуулалтад 1.7 тэрбум төгрөг зарцуулагдсан гэдэг. Үүнээс 526,0 сая төгрөгийг “Мфикс капитал” ХХК, 1,2 тэрбум төгрөгийг “Ану Сервис” ХХК гаргасан нь баримтаар нотлогддог. Мөн тус ДТТ болон шугам сүлжээний урсгал засвар, зардлыг 13 жилийн турш “Ану Сервис” ХХК дангаараа хариуцан ажиллаж ирсэн. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13.нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц /ДТТөв/, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, гадна дулааны шугам сүлжээ, ДДТөв, тоноглолыг заавал тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэн, хангагчтай дулаан худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Жишээлбэл, нэг жилийн урсгал засвар 800,0 гаруй сая төгрөг байдаг бөгөөд 2023 онд шугам сүлжээ болон ДТТ-ийн шинэчлэлтийн ажилд 1,3 тэрбум төгрөг зарцуулжээ.

Харин Л.Гүндалай /О.Одсүрэн/ өнгөрсөн 13 жилийн хугацаанд уг шугам сүлжээ, ДДТ-ийн засвар үйлчилгээнд нэг төгрөг ч гаргаагүйгээс гадна өөрсдийн хамаарлын барилгуудад зөвшөөрөлгүй дулаан татсанаас гадна бусад компаниудад дулаан зарсан баримтууд байдаг. Нэгэнт өөрсдийн хүчин чармайлтаар техникийн нөхцөлөө гаргуулж, хөрөнгө оруулалтаа хийн ДТТ-ийг оруулсан “Мфикс Капитал” компанийн хувьд иргэн О.Одсүрэнтэй байгуулсан гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн байна. Гэвч ДТТ-ийг барих газрын эзний зүгээс зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн хариуг өгөлгүй таг болжээ. Тиймээс компани гэрээг цуцлахыг зөвшөөрсөн гэж үзэн, Дулааны төвөөс бусад орон сууц, аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр дулаан авахыг зөвшөөрсөн байна. Учир нь Зайсан орчмын дулааны ганц эх үүсвэр “Мфикс Капитал” компанийн ашиглалтад оруулсан ДТТөв юм.

Гэтэл гурван жилийн дараа буюу 2012 онд “Мфикс Капитал” компани шүүхэд дуудагджээ. Нэхэмжлэгч нь иргэн О.Одсүрэн. Тэрбээр гурван жилийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөсөө ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй ДТТ-ийг хамтран эзэмшинэ гэж үзжээ. Тухайн жилд гурван шатны шүүх О.Одсүрэнгийн талд шийдвэр гаргасан байдаг. Нэг жилийн дотор хуурамч бичиг баримт бүрдүүлэн гурван шатны шүүхээр өөрийн талд шийдвэр гарахад нь, Л.Гүндалайгийн хуурай ах гэгддэг тухайн үед ШЕЗ-ийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндорж нөлөөлсөн байж болзошгүй гэсэн яриа сонсогддог. Дулааны төвийг тойрсон маргаан 2018 онд дахин шүүхийн шатанд ирсэн байдаг. Энэ удаа О.Одсүрэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-д хаяглаж, “Мфикс Капитал” компанийн барьсан дулааны төвөөс дулаан авч байгаа бусад байгууллагуудын гэрээг цуцалж, ДДТ-ийн 50 хувийг эзэмших эрх тогтоолгохыг хүсч шүүхэд ханджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч “Мфикс Капитал” компани давж заалдсан. 2018 оны 10 дугаар сарын 18-нд болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх бодит байдлыг харжээ. Шүүх “…Нэхэмжлэгч О.Одсүрэн нь Эрчим хүчний хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т өөрийн эзэмшлийн шугам тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй тул гуравдагч этгээдүүдэд зөвшөөрөл олгож, гэрээг шинээр байгуулахад саад болох учиргүй” гэж үзсэн байдаг. Ингэснээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийг “Мфикс Капитал” компанийн ДДТ-өөс дулаан авч буй байгууллагуудын гэрээг цуцал гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэн О.Одсүрэн, “Мфикс Капитал” компанийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тэд зөвхөн “Мфикс Капитал” компанийн хөрөнгийг эзэмшинэ гээд зогсохгүй Дулааны төвөөс хууль ёсны гэрээгээр дулаан авч буй бусад аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний мөнгө нэхдэг байдал удаа дараа гаргасан гэдэг юм билээ.. Тухайлбал, тус дулааны төвд холбогдсон “Номин констракшн” ХХК-иас Л.Гүндалай 300 сая төгрөг хууль бусаар нэхэж байжээ. Энэ тухай “Номин констракшн” итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “…О.Одсүрэн, түүний ах Л.Гүндалай нар нь зарим гуравдагч этгээдийн дулааныг тасална гэж сүрдүүлж дарамталж байгаад их хэмжээний мөнгө авсан. Тэгээд дараа нь шүүхийн нэхэмжлэлээсээ татгалздаг. Үүнийг батлах баримтууд олон удаагийн шүүхийн шийдвэрүүдэд байдаг. “Номин констракшн” компаниас л гэхэд 300 сая төгрөг нэхэж байсныг би гэрчилнэ” гэсэн байдаг. Түүгээр зогсохгүй тэд өөр ч хоёр компанид 100 болон 800 сая төгрөгөөр дулаан зарсан баримтууд шүүхийн шийдвэрт авагдсан байдаг.

Л.Гүндалай дүү О.Одсүрэнгийн нэрээр 2008 оноос хойш бусдаар дулааны төв магистрал шугам татуулж, ДДТ-ийн барилга бариулан тэндээсээ өөрийн мэдлийн орон сууцныхаа дулааныг хангаад зогсохгүй тэнд эзэмшигч болохыг санаархаж шүүхэд хэд, хэдэн удаа нэхэмжлэл гаргасан. Тэд 2021 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хандсан байдаг. Нэхэмжлэл нь нөгөө л “Мфикс Капитал” компанийн барьж ашиглалтад оруулсан Дулааны төвийн бичиг баримт дээр өөрийн нэрийг оруулах хүсэлт гаргасан байгаа юм. Шүүх хурал 2021 оны долдугаар сарын 28-ны өдөр товлогдоход О.Одсүрэн шүүх хуралдаа шалтгаангүйгээр оролцоогүй нь шүүхийн протоколд тэмдэглэгджээ. Шүүгч түүний энэ үйдлийг үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.0-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн юм. Ингэснээр О.Одсүрэн бусдын эзэмшилд санаархах боломжгүйг шүүх ийнхүү баталгаажуулсан байна.

О.Одсүрэн, Л.Гүндалай нарын 13 жил бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл 2021 онд дуусгавар болсон юм. Учир нь 13 жилийн өмнө Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулан 50/50 хувь эзэмшсэн иргэн О.Одсүрэнгийн ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун талд байрлах Дүнжингарав гудамж дахь газар нь бусдын эзэмшил болж таарсан байдаг. Тодруулбал, “Жэй эн моторс” гэх компанийн эзэмшлийн газрыг иргэн О.Одсүрэн гэрчилгээг нь хуурамчаар үйлдэн өөрийн мэтээр бусдад ойлгуулан хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан баримт ил болжээ. Уг баримтыг сөхөж үзвэл “Жэй эн моторс” компани 2004 оны зургадугаар сарын 4-нд ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун талд 2.8 га газар эзэмших гэрчилгээг гаргуулж байжээ. Ингээд тэд 2017 онд өөрийн эзэмшлийн газартаа хөрөнгө оруулалт татан аялал жуулчлалын зориулалттай үйлчилгээний төв барихаар төлөвлөн кадастрын зураг хийлгэхээр болжээ. Гэтэл хэмжилт хийлгэхэд өөрийн талбай дээр нь ДТТөв баригдсан байсныг мэдсэн байна. Энэ нь иргэн О.Одсүрэнгийн 2008 онд “Мфикс Капитал” компанитай гэрээ байгуулан хийсэн ДТТөв байлаа.

Мэдээж өөрийнх нь эзэмшил бүхий талбайд дур мэдэн барилга барьсан үйлдлийг “Жэй эн моторс” компани хүлээн зөвшөөрөөгүй. Барилгыг албадан буулгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа юм. Шүүх хурал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 8-нд болж, нэхэмжлэгч компанийн талд шийдвэрлэжээ.

Энэ үйл явдал “Мфикс Капитал” компанид хүнд туссан нь ойлгомжтой. 2008 оноос хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулж өөрийн эзэмшлийн орон сууц болон бусад гуравдагч компаниудын орон сууцыг гэрээний үндсэн дээр дулаанаар хангаж байсан үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Тиймээс тус компаниас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа уг гомдлыг хэлэлцэн, 2012 онд Дулааны төвийн барилга байгууламжийг О.Одсүрэнгийн талд шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Нэгэнт хэргийн эзэд бусдын талбайг өөрийн эзэмшлийн газар хэмээн хууран мэхэлж, Дулааны төв бариулсан, холбогдох шугам хоолойг татуулсан. Үүнийг газрын жинхэнэ эзэд илрүүлэн шүүхэд хандсан. Шүүхээс О.Одсүрэн, Батсарай ХХК-ийн хүний газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилгуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг /Ү-2206024181/ хүчингүй болгоод зогсохгүй, зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг албадан буулгах шийдвэр гаргаад хоёр жилийн нүүр үзэж байхад УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК-иуд цахилгаан, дулаанаар хангасаар байгаа нь хачирхалтай. Угтаа бол Эрчим хүчний хуулийн дагуу газрын маргаантай, эзэмшигчийн нэр зөрсөн тохиолдолд дулаан болон цахилгаанаар хангах техникийн нөхцөл хүчингүйд тооцож эрчим хүчээр хангахгүй байх журамтай.

2012 оноос эхэлсэн 11 жилийн хугацаанд болсон шүүхийн процессыг тоймлоход ийм. Бусдын эзэмшлийн газрыг өөрийнх хэмээн луйвардаж, бусдад дамлан Дулааны шугам сүлжээ татуулж, ДТТ-ийг хүртэл бариулан тэндээсээ өөрийнхөө хамаарал бүхий барилга, хотхонуудыг дулаанаар хангуулж ирсэн. Өөр бусад компаниудаас ч мөнгө шантаажилж явсан хүмүүсийн үйлдэл илэрч, олон байгууллага, иргэдийг хохироогоод байна. Түүгээр зогсохгүй 2012 оноос хойш Монголын шүүх байгууллагуудад удаа дараа ээлжлэн хандаж цаг хугацаа, хөрөнгө мөнгө хожиж ирсэн зальжин арга ч хэрэглэж иржээ. Өнөөдөр ч тэд хийсэн гэмт үйлдлээ зөвтгөж, гэмгүй нэгэн мэтээр сошиалд аашилж сууна.

Д.САРНАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *