Монголын хөдөөд малчид хоорондоо, Газар тариалангийн аж ахуйн нэгж болон малчин хоорондын хэрүүл тэсэрч нэгэн рүүгээ буу шагайх нь хэвийн үзэгдэл болжээ. Намар хадлангийн үе, хавар тариалалтын цагаар энэ үзэгдэл гаарч байна. Хадлангаа булаалдсан малчид нэгнийгээ шууд л газар дээр нь буудаад унагадаг болж. Тарвага бууддагтай ижил нэгэн рүүгээ шууд гох дардаг болсон байна. Нэгнийхээ гэдэс гүзээг зэрлэгээр хүү татах нь наад захын үзэгдэл болж. Энэ нь өнөөх л бэлчээрийн маргаантай холбоотой. Тэр бүү хэл тариалангийн компанийн захирлууд малчдыг араас нь бандгар жийпээр элдэж амь насанд нь заналхийлдэг болсон байна. Ийм үзэгдэл Монголын хөдөөд хавтгайрчээ. Энд сүүлийн хэдхэн жишээг л онцолъё.
Хэнтий аймгийн Биндэр болон Дадал сумын зааг нутагт бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийгээ буудаж газар дээр нь хөнөөсөн хэрэг есдүгээр сарын эхээр гарсан байна. Алга дарам газрын төлөөх маргаан даамжирч 20 хэдэн жил саахалт явсан дүүгээ суурин дээр нь нам буудсан байна. Иргэн “З” нь хадлангаа авахдаа хөршийнхөө эзэмшлийн гэх аман гэрээтэй газарт техниктэйгээ орсноор маргааны суурь тавигдаж. Хадлангийн талбайгаа харамласан иргэн “Ш” очиж бага хэмжээний маргаан хийгээд буцахаар эргэхдээ л тархиндаа сум зоолгуулаад босч ирээгүй байна. Мотоцикльдоо мордоод хөдөлмөгц нь л гох дарсан байгаа юм. Болсон явдал товчхондоо ийм. Талийгаачийн ард бага насны гурван ч хүүхэд өнчирч хоцров. Харин нутаг усандаа нэр хүндтэй, бэл бэнчинтэй нас тогтсон эр үлдсэн насаа “хар нүхэнд” өнгөрөөх нь.
Архангай аймгийн Чулуут суманд энэ оны наймдугаар сард иргэн Л мөн л бэлчээрээ харамлаж хөршийгөө газар дээр нь нам буудсан байна. Нутгийн улсын хэлж байгаагаар хөршийгөө хөнөөсөн буугаа 10 сая төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан гэх.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Гачуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат мал туулаа гэх үндэслэлээр малчдыг “ланд 200” маркийн тээврийн хэрэгслээр элдэн хөөж амь насанд нь заналхийлсэн хэрэг 2023 оны зургадугаар сарын 15-нд гарав. Эл хэргийг мөрдөн байцаах ажил үргэлжилж байна.
Хэнтий аймгийн Батноров суманд бэлчээрийн маргаанаас үүдэж нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг 2022 оны гуравдугаар сард гарч байв.
Хөвсгөл аймагт нэг голд хамтдаа өссөн найзаасаа бог малын бэлчээр харамлаж буудаж алсан хэрэг хоёр жилийн өмнө гарч байв.
Завхан аймгийн Идэр суманд бэлчээрийн асуудлаар хоорондоо маргалдаж нэгнийгээ долоон удаа хутгалж, аманд нь тонгорог эргүүлж яргалсан хэрэг өнгөрсөн хавар гарсан.
Өмнөговь аймгийн Манлай суманд мал услах худгаа харамласан малчин саахалтын залууг буудаж алсан хэрэг 2020 онд гарч байв.
Булган аймгийн Могод суманд иргэн Э-г зөвшөөрөлгүй малаа бэлчээлээ гэх үндэслэлээр сайга маркийн буугаар шүршсэн явдал 2022 оны зургадугаар сард гарч байв. Аз тохиоход хүний аминаас холуур өнгөрсөн байна.
Ил болсон жишээнээс хэдхэнийг нь онцлоход ийм байна. Зарим сумын хэсгийн төлөөлөгчдийн онцолж байгаагаар бол малчид малынх нь бэлчээр рүү зүглэсэн хэний ч тархинд сум зооход бэлэн, буу үүрээд шогшдог болсон гэдгийг онцолж байв. Буу нь сумгүй бол хутга бариад л малын бэлчээрт нь халдсан хэний ч гэдсийг хүү татахад бэлэн явж байдаг болж.
Малчид ийн улангасч бэлчээрээ манадаг болжээ.
Түүнчлэн улстөрч болон компанийн захирлууд, замнал дууссан бөхчүүд мал аж ахуйн салбарт хүч үзэх болж. Тэд хамгийн багадаа л 4000-5000 мянган бод малтай. Үүнийг нь туслах малчид нь хариуцдаг. Тэр олон мал нь нутгийн уугуул иргэдийн хадланг сүйтгэснээр тэдний хооронд асуудал үүснэ. Хөлсний малчдын ард эзэд нь туслахуудаа турхираад сууж байдаг гэх. Ингээд л буу шийдэмдээ тулж нэгнийгээ хөнөөх тохиолдол түгээмэл гарах болж.
Бэлчээрийн хууль эрх зүйн зохицуулалтын талаар хуульч Э.Энхцэцэгээс тодруулга авлаа.
-Бэлчээрийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтын талаар танаас тодруулах гэсэн юм. Бэлчээрийн талбай болон хадлангийн талбайд гэрчилгээ олгож байна уу?
-Малчин өрх бүр өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авна гэж Бэлчээрийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл 0.7 га газар олгодогтой яг ижилхэн. Үүнийгээ тухайн сум орон нутгийн удирдлагадаа уламжилж авдаг. Бэлчээрийн тухайд бол аман гэрээтэй л явдаг. Яг энэ хэсэг нь Батынх, тэр хэсэг нь Доржийн малын бэлчээр гэх ялгаа зааг байдаггүй.
-Бэлчээрийн маргаан түгээмэл гарах болжээ. Хадлангаа булаацалдаж нэгнийгээ буудсан тохиолдол гарсан байх юм. Энэ нь ялгаа зааг байхгүйтэй холбоотой юу?
-Олонх кэйс бэлчээрийн маргаанаас л болж гардаг. Хөдөөд бол амьжиргааны их үүсвэр нь мал. Өвс, тэжээл, бэлчээртэй байж л малаа тэжээнэ. Үүнийхээ тулд бэлчээртээ амь шигээ хайртай. Айл өрхүүд хоорондоо энэ тэднийх, тэр эднийх гэх аман гэрээтэй л байдаг. Яг цаасан дээр буусан баримт байхгүй. Ялгаа зааг нь тодорхой биш. Гамнаж байгаа бэлчээрт хэн нэгний мал ороод маргаан гарч янз бүрийн асуудал үүсдэг. Энэ нь даамжраад нэг, нэгнийгээ хөнөөх дээрээ тулсан тохиолдол түгээмэл байна.
-Та ийм хэрэгт ажилласан шүү дээ. Тухайн кэйсийн талаар тодруулж ярих боломжтой юу?
-Олон жилийн турш хамт нутаглаж саахалт явж ирсэн хөршийгөө буудсан хэрэг дээр ажилласан. Сэрэмжлүүлээд хэлэхэд бэлчээрээ харамласнаас л асуудлын суурь тавигдаж дээрх нөхцөл байдалд хүрсэн байгаа юм. Ерөөсөө хадлангийн талбай руу малаа оруулж бэлчээгээд байхад нь л буудчихсан байгаа юм. Хэдэн үеэрээ нутаглаж ирснээрээ энэ манайх гэх явцуу ойлголт нь л үүнд хүргэсэн нь харагддаг.
-Бэлчээрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хэрэгтэй байна уу. Бэлчээрийг өмчлөх талаар зарим улс хэлдэг шүү дээ.
-Бэлчээр нийтийн өмч гэх ойлголтыг малчдын тархинд суулгах хэрэгтэй. Хувьчлаад өгчихвөл илүү ноцтой үр дагавар гарч болно. Мал тэрний энэний бэлчээр гэж ялгахгүй. Ингэснээр малчид хооронд дайн болж мэднэ. Анхаарах зүйл нь бэлчээрийн талбай бол нийтийн өмч” гэв.
Буу агссан малчид бэлчээртээ халдсан хэний ч тархинд сум зооход бэлэн явж байгааг халуун цэгт нь ажиллаж буй хэсгийн төлөөлөгч залуу хэлж байна. Малчин хоорондын асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч очсоныг ар араасаа шил шилээ дараад гарсан жигшүүрт хэргүүд харууллаа. Үүнд бодлогоор арга хэмжээ авахгүй бол хэдхэн малчдын хэсэг нь шоронд, нөгөө хэсэг нь шороонд булагдаад дуусах нь.