Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаан DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан эхлэхэд ОХУ-ын НҮБ дахь суурин төлөөлөгч Василий Небенза хэд хэдэн удаа Украины ерөнхийлөгч эхлэн үг хэлэх ёсгүй гэж маргасан ч уг хуралдааныг даргалж буй Албаны ерөнхий сайд Эди Рама ийм дүрэм журам байхгүй гэдгийг Оросын талд сануулж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад үг хэлэх зөвшөөрөл олгов. Оросын эхлүүлсэн түрэмгий дайнаас болж Украины иргэд төдийгүй дэлхий нийт хэрхэн хохирч байгааг баримтаар нотлон дурдав. Дараа нь Украины ерөнхийлөгч үг хэлсэн бөгөөд тэрбээр үг хэлснийхээ дараа өөрийн “Х” хуудсанд “Хүндэт Эди Рама аа, та өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Оростой хэрхэн зөв харьцах ёстойг батлан харуулж Оросын суурин төлөөлөгчийн худал хуурмаг, хоёр нүүртэй байдлыг дэлхий нийтэд илчлэн харууллаа” хэмээн Албанийн ерөнхий сайдад талархал илэрхийлсэн юм.

Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчдийг худалч хэмээн нэрлэж, НҮБ-ыг мухардалд хүргэсэн нь гагцхүү Оросын хориг тавих эрх гэдгийг мэдэгдээд энэхүү хоригийг хэрэглэх дүрмийг өөрчлөхийг санал болгов. Тэрбээр “НҮБ-ыг яг юу үр дүнгүй болгож байгааг дэлхийн хүн бүр харж байна. Зөвлөлт холбоот улс задран унасны дараа хөшигний араар суудлыг нь хууль бусаар эзлэн авсан Аюулгүйн зөвлөлийн энэ суудалд Оросын түрэмгийлэл, бусад үндэстнийг хомроглон устгах ажлыг зөвтгөх үүрэгтэй худалч хүмүүс сууж байна. Түрэмгийлэгчийн гарт байгаа хориг тавих эрх нь НҮБ-ыг мухардалд оруулж буй зүйл юм. НҮБ-ын одоо байгаа систем нь цөөхөн хэдхэн улсад энэхүү хориг тавих эрхийг олгож байгаа, бусад нь ямар ч улс байсан тэдний дор ордог тэгш бус байдлыг бий болгож байгааг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский онцлон дурдаад НҮБ-ын бусад бүх гишүүнд хохирол учруулж байгаа энэхүү хориг тавих дүрмийг шинэчлэхийг санал болгов Украины ерөнхийлөгч НҮБ, түүний Аюулгүйн зөвлөл болон байнгын гишүүдийн эрх мэдлийг гурван хэсэгт шинэчлэхийг санал болгов. Үүнд Аюулгүйн зөвлөлийг дэлхийн өнцөг булан бүрийг төлөөлөх улсуудаар өргөтгөн байнгын гишүүний хоригийг бүх гишүүний 2/3-ын саналаар хүчингүй болгох эрхийг Ерөнхий ассамблейд олгох; Герман, Африкийн холбоо, Латин Америк, Япон гэх мэт Азийн орнууд болон бусад улсуудаар Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн тоог нэмэгдүүлэн улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдахаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, түрэмгийлэл гарсан тохиолдолд түүний эсрэг  НҮБ-ын хориг арга хэмжээ авах асуудлыг автоматаар авч үзэх тогтолцоог бий болгох; Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн түрэмгийлсэн тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох гэсэн санал тавив. Владимир Зеленский мөн Украины дайныг зогсоох хоёр зүйл бүхий энхийн төлөвлөгөөгөө зарлав. Эхнийх нь 1991 оны хилийн хүрээнд Оросын холбооны улсын бүх цэрэг, Хар тэнгисийн флотыг Украины бүх нутаг дэвсгэрээс бүрэн гаргах явдал юм. Хоёрдахь нь Хар ба Азовын тэнгис, Керчийн хоолой дахь улсын хил, эдийн засгийн онцгой бүсийг бүхэлд нь Украины хяналтад бүрэн буцааж өгөх явдал юм. “Энэ хоёр заалтыг хэрэгжүүлснээр л байлдааны ажиллагаа шударга, найдвартай, бүрэн зогсох болно” гэж Украины ерөнхийлөгч хэлэв.

Зеленскийн дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Аюулгүйн зөвлөл дээр үг хэлж Оросын дайны украинчуудад үзүүлж буй гамшгийг өөрийн харсан баримтаар жишээ болгон ярьж “Орос улс Украинд өдөр бүр дайны гэмт хэрэг үйлдэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэж мэдэгдэв.

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдааны үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Украины эсрэг цэргийн түрэмгийлэл хийж байна хэмээн эрс шүүмжилж “Украин болон дэлхийн бусад оронд үргэлжилж буй зовлонгийн шалтгаан нь гайхалтай энгийн зүйл. Оросын ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхт хөрш Украиныг цэргийн хүчээр эзлэн авах империалист төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорьж байна” гээд “Энэ дайнд олон арван мянган цэрэг, түүнчлэн Украины энгийн иргэд амь үрэгдсэн. Тоо томшгүй олон тооны Украины хүүхдүүд хулгайлагдсан. Оросын цэргүүд украинчуудыг алж, хүчиндэж, тамласан. Тэд хот, тосгоныг сүйрүүлсэн” гэж хэлжээ. Украины дайны үр дагаврыг дэлхийн бүх ард түмэн мэдэрч байна гэж канцлер онцолж, дэлхийн хүнсний хямралыг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаанд оролцсон Японы ерөнхий сайд гэх мэт олон удирдагч уг зөвлөлийг өөрчилж бусад улсаар өргөжүүлэх асуудлыг дэмжив. Гэхдээ энд нэг асуудал бий. Энэ нь бүх гишүүний нэгдсэн чуулганаар 2/3-ын саналаар НҮБ дүрэмдээ өөрчлөлт оруулсан ч одоогийн дүрмээр эрх бүхий таван улсын аль нэг нь энэ асуудалд хориг тавьчихвал бүх зүйл ямар ч үр дүнгүй болох нь тодорхой байгаа юм. Иймээс дүрэмдээ өөрчлөлт оруулахын тулд бүх гишүүний 2/3-ын саналаар эхлээд хориг тавих магадлалтай улсыг НҮБ-аас түдгэлзүүлэх эсвэл хасах шаардлага бий болчихоод байна. Энэ түдгэлзүүлэх эсвэл хасах улс нь мэдээж ОХУ болж таараад байгаа юм. Гэхдээ хөшигний ард Оросыг энэ удаа НҮБ-д үлдээнэ гэж тохирон дүрэмдээ өөрчлөлт оруулах нэг арга бий. Яг яасан нь ирэх өдрүүдэд ойлгомжтой болно. Хамгийн гол нь Орос хасагдах эсэх нь чухал бус НҮБ өөрөө “Бүх “амьтад” тэгш эрхтэй, таван “гахай” бүр илүү эрхтэй” гэсэн ардчилалд харш, балай дүрмээ өөрчлөх шаардлагатай байгаа юм.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *