Нью-Йорк хотноо нээгдсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эхний өдөр индэр дээр гарч илтгэл тавигчид олон байсан ч оролцогчдын гол анхаарал Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн үгэнд төвлөрч байв гэж “ВВС”-ийн сурвалжлагч Эмма Оуэн НҮБ-ын төв байрнаас мэдээлэв. Зеленский сонсогчдод "Украины эсрэг явуулж буй одоогийн дайны гол зорилго нь манай улс, ард түмэн, бидний амьдрал, нөөц баялгийг та нарын эсрэг эргүүлж, олон улсын дүрэм, журамд суурилсан дэлхийн дэг журмын эсрэг өөрийн зэвсэг болгон хувиргах явдал юм" гээд "Орос улс дэлхийг сүүлчийн дайн руу түлхэж байна. Гэвч Оросын энэхүү түрэмгийлэл дууссаны дараа дэлхийд хэн ч аль ч улс руу довтолж зүрхлэхгүй болгохын төлөө Украин чадах бүх зүйлийг хийж байна… Дайны гэмт хэрэгтэнгүүд шийтгэгдэж, албадан гаргасан, дайнаас дайжсан хүмүүс эх орондоо буцаж ирэх ёстой. Эзлэн түрэмгийлэгчид нутаг руугаа буцах ёстой” гэж мэдэгдэв.
НҮБ-ын индэр дээрээс Зеленскийн хэлсэн үгийг товчлон тоймлох аваас “Оросууд Украин руу довтолсноор дэлхий дахинд ноцтой аюул учирч байгаа нь тодорхой болсон тул Орос улсад цөмийн зэвсэг эзэмших эрх байх ёсгүй. Ерөнхийлөгч Путин хоол хүнс, эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг бүх зүйлийг зэвсэг болгон хэрэглэж байна. Москва Европын хамгийн том атомын цахилгаан станц Запорожьег эзэлж түүнийг “бохир бөмбөг” болгон хувиргасан. Оросууд эх орноо үзэн ядахад сургах зорилгоор манай хүүхдүүдийг Украинаас олноор нь хулгайлсан хэрэгт Оросын хүчний байгууллагынхан ч хариуцлага хүлээх ёстой. Дайны явцад талуудын бүх гэрээ хэлцэл нээлттэй байх ёстой болоод байгаа бөгөөд учир нь Путины холбоотон асан, “Вагнер”-ийн удирдагч Евгений Пригожиний хувь заяа Оростой гэрээ хэлцэл хийх нь ямар аюултай болохыг бидэнд батлан харуулсан” гэж онцлон мэдэгдсэн байна. Харин В.Зеленскийн өмнө үг хэлсэн Жо Байден “Энх тайванд хүрэх замыг Орос ганцаараа хааж байна” гэсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ эгзэгтэй мөчид Америк өөрийн хүлээх ёстой хариуцлагаа бүрэн ойлгож байна гэж мэдэгдээд, тус байгууллагын бүх гишүүдийг Оросын түрэмгийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэхийг уриалав. Тэрээр “Хоёр жил дараалан НҮБ-ын нэгдсэн чуулган Оросын эхлүүлсэн дайны сүүдэрт дарагдаж байгааг онцлоод "Орос улс дэлхий залхаж, Украинд харгис хэрцгий үйлдлээ үргэлжлүүлэхийг Кремльд зөвшөөрнө гэдэгт итгэж байна.
Иймээс би та бүхнээс асууя. Хэрэв бид түрэмгийлэгчийг тайвшруулахын тулд НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудаас татгалзвал энэ байгууллагын гишүүн бүр НҮБ-ын зарчмыг хамгаална гэдэгт итгэлтэй байж болох уу? Хэрэв бид Украиныг задлахыг зөвшөөрвөл аль нэг улсын тусгаар тогтнолын баталгааны тухай ярих боломжтой болох уу? Мэдээж үгүй гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч би итгэлтэй байна. Иймээс АНУ дэлхий даяарх холбоотнууд болон түншүүдийнхээ хамт Украйны эрэлхэг ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдал, эрх чөлөөг нь хамгаалсаар байх болно" гэж мэдэгдэв. Жо Байден илтгэлдээ Украины тухай ярихад маш бага цаг зарцуулан ялангуяа уур амьсгалын асуудал, хиймэл оюун ухааны талаар онцлон ярьсан гэж “BBC”-ийн Хойд Америкийн редактор Сара Смит мэдээлээд, гэвч түүний Украины талаар хэлсэн зүйл нь шуудхан бөгөөд илүү хатуу байр суурь баримталсан байв гэж онцолсон байна. Ерөнхийлөгч Байдены хэлсэн үгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэмжиж, Украины дайныг “Аймшиг тасралтгүй үргэлжилж буй цуврал” гэж нэрлэээд “Оросын эхлүүлсэн дайн хүний амь насыг сүйтгэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, гэр бүлүүдийг салгаж, хүүхдүүдийг айлган цочоож, итгэл найдвар, мөрөөдлийг нь эвдэж байна” гэж онцлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн дэлхий нийтэд Украины хүнс, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны аль аль нь хэтэрхий хэрэгтэй байгаа бөгөөд үүнээс зах зээлийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал хамаарна гэж анхааруулав. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Ерөнхий Ассемблэйд үг хэлэхдээ, Орос Украинд хийсэн түрэмгийллийг 1939 онд Нацист Герман болон Зөвлөлт Холбоот Улс хамтран Польш руу довтолж эзлэн түрэмгийлэл үйлдсэнтэй адилтгав. Тэрээр “Тэр үед ч, одоо ч бусдыгаа захирах гэсэн солиотой мөрөөдөл гарч байна. Гэхдээ энэ бүхэн өнгөрсөн, хэзээ ч эргэж ирэхгүй” гэж мэдэгдэв. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ВВС-д өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Байдентай санал нэг байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг Оросын түрэмгийллийг зэмлэн буруушааж, Украинд дэмжлэг үзүүлэх нь маш чухал гээд "Украины ард түмний эр зориг дэлхий нийтийг гайхшруулсан" гэж онцлон тэмдэглэв. НАТО-гийн удирдагч "Хэрэв бид Украины төлөө зогсоогүй бол дэлхийн аль ч улсын аюулгүй байдал алдагдах байсан. Гэхдээ энэ дайн хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй” гэж тэр хүлээн зөвшөөрөөд “НАТО болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Украин Оросын түрэмгийллийг сөрөн зогсож чадсан” гэж онцлон тэмдэглэв хэмээн “BBC” мэдээлжээ.
Г.АМАРСАНАА