Categories
мэдээ нийгэм

С.Чинзориг: Донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгсөн нь бидний алдаа DNN.mn

Хүний эд эс, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэл хийлээ.


Тэрбээр “Зүрх нь зогсоогүй амьд хүнээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Эрүүл Мэндийн Яамны зүгээс мэдээллийг авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсны дүгнэлт гарч, үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар үндэслэлтэй, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно.

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, 58 хүний амь насыг аварсан байна.

Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн хяналт дор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, энэ мэдээлэл нь үндэслэлгүй юм. Харин донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болжээ.

Ер нь амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл явц нь амаргүй нөхцөлд явагддаг. Ойр дотны хүнээ алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд донор болох санал тавьж, тайлбарлан ойлгуулахад маш хүнд байдаг.

Нийгмийн сүлжээгээр “зүрх нь зогсоогүй амьд хүн”-ээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

Донорын тухай хуулийн 15.1-д “тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж маш тодорхой зохицуулсан байна.

Хүний тархины бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдахыг тархины үхэл гэж үздэг. Харин амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг нь эмийн бэлдмэл, аппаратын тусламжтай зохиомлоор дэмжиж, тодорхой хугацаанд цусан хангамжийг тогтвортой байлгаж, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлдэг” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *