Categories
гадаад мэдээ

Африкийн “Айргийн тав” DNN.mn

Африк бол Азийн дараа орох олон хүн амтай тив. Энэ тив арлуудаа оруулаад 30.3 сая км талбайтай, дэлхийн нийт гадаргуугийн зургаан хувийг эзэлдэг. Статистик мэдээллээс харахад 1.4 тэрбум гаруй хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 18 гаруй хувийг эзэлж байна. Олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн 54 бүрэн эрхт улс, хүлээн зөвшөөрөгдөөгүй найм болон хоёр “де факто” бие даасан улсаас бүрддэг Африк тив дэлхийн хамгийн хүчирхэг тивийн нэг гэдэг байр сууриа хадгалсаар байгаа билээ.

Африкт авлига бол ноцтой асуудал болсон зүйл. Авлигатай тэмцэх дэлхийн байгууллага болох “ТTransparency International” байгууллагаас улс орнуудын төрийн салбар хэр авлигад автсанаар нь эрэмбэлсэн Авлигын индекс(CPI)-ийг тогтмол гаргадаг билээ. Энэхүү байгууллагын гаргасан Авлигын индексээр Африкийн улсуудын “Айргийн тав”-ыг энэ оны байдлаар араас нь жагсаах аваас:

  1. Бүгд найрамдах ардчилсан Конго улс. CPI: 19. Бүгд найрамдах ардчилсан Конго Улс нь зэс, кобальт, алмааз зэрэг байгалийн баялаг ихтэй Африкийн томоохон орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч тус улс олон арван жилийн турш мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдалд нэрвэгдсээр ирсэн. БНАКУ-д авлига өргөн тархсан бөгөөд төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг. Тус улсын уул уурхайн салбар ч авлигад нэрвэгдэж, хууль бусаар ашигт малтмал олборлох, хууль бусаар хил нэвтрүүлэх явдал газар авчээ.
  2. Чад.CPI: 20. Чад бол газрын тосны экспортоос ихээхэн хамааралтай Төв Африкийн далайд гарцгүй орон юм. Гэсэн хэдий ч Чад улсад авлига өргөн тархсан. Тус улсад хээл хахууль түгээмэл байдаг бөгөөд засгийн газрын ил тод байдал хангалтгүй байгаа нь олон улсын тусламжид саад болдог. Тус улсын хүний эрхийн нөхцөл байдал ч мөн адил тун доогуур түвшинд оршдог. Засгийн газар нь сөрөг хүчнээ дарж, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарладаг.
  3. Судан.CPI: 20. Судан олон арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, мөргөлдөөн, иргэний дайнд нэрвэгдэж байна. Суданд авлига өргөн тархсан. Тус улсын шүүх засаглал ч авлигад идэгдсэн бөгөөд шүүгчид шүүхийн шийдвэрт нөлөөлөхийн тулд авлига байнга төлдөг.
  4. Комор.CPI: 20. Комор бол Зүүн Африкийн эрэг орчмын жижиг арлын улс юм. Коморт авлига өргөн тархсан. Шүүх засаглал нь авлигад идэгдсэн.
  5. Гвинейн Бисау. CPI: 21. Гвинейн Бисау бол олон арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, авлига хээл хахуульд нэрвэгдсэн Баруун Африкийн жижиг улс юм. Тус улсын эдийн засаг ноолуурын экспортоос ихээхэн хамааралтай ч энэ салбарын хөгжилт, өсөлтөд авлига саад болж байна. Гвинейн Бисаугийн төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын үүднээс төсвийн мөнгийг завшдаг.

Гэвч Африкийн олон орон эдийн засаг, нийгмийн байдлаа эрчимтэй хөгжүүлж, дэлхийд байр сууриа бэхжүүлсээр байна. Эдгээр улсын хөгжлийн түвшнийг тодорхойлохын тулд нийт болон нэг хүнд ногдох ДНБ, орлогын хуваарилалт, хүн амын тоо, хүний хөгжлийн индекс (ХХИ) гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан үзэх шаардлагатай. Эдгээр үзүүлэлтээр хөгжлийг нь тодорхойлж олон улсад “Африкийн арслан улсууд” гэж нэрлэх болоод байгаа эхний таван улсыг хойноос нь жагсаавал:

  1. Алжир улс. Тусгаар тогтносон огноо: 1962.07.05 (Францаас).Нутаг дэвсгэр: 2,381,740 км. Хүн ам: 38,087,812.Засгийн газрын хэлбэр:Ерөнхийлөгчийн парламентын бүгд найрамдах улс. Алжир нь Хойд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй орон гэж тооцогддог. Хүчирхэг, тогтвортой эдийн засаг нь газрын тос, байгалийн хийн асар том ордуудад суурилдаг. Нүүрс устөрөгчийн экспорт нь бусад үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын хөгжлийг баталгаажуулдаг. Алжир бол Африк тивд олон улсад өргүй цорын ганц улс юм. Алжирын хамгийн том худалдааны түншүүд нь Европын орнууд юм. ДНБ нь 163 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 3943.17 ам.доллар, Африкт хүн амын дундаж наслалт хамгийн өндөр буюу ХХИ нь 0.748.
  2. Египет улс. Тусгаар тогтносон огноо: Эртний түүхтэй цөөн улсын нэг.Нутаг дэвсгэр: 1,001,450 км.Хүн ам: 100,704,000. Засгийн газрын хэлбэр: Ерөнхийлөгчийн парламентын бүгд найрамдах улс. Египет нь Африкийн хамгийн баян, эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг юм. Түүний хүчирхэг эдийн засгийн үндэс нь газрын тосны үйлдвэрлэл, хөгжсөн аялал жуулчлалын салбар, өндөр технологийн үйлдвэрлэл, хүчирхэг экспортын зах зээл юм. Иймээс ДНБ 404.1 тэрбум ам.доллар. Нийт 105 сая гаруй оршин суугчтай ч нэг хүнд ногдох орлого 3899 ам.доллар байдаг. Иргэдийн амьдралын чанар нэлээд өндөр, ХХИ 0.707 байна.
  3. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс.Тусгаар тогтносон огноо: 1961.05.31 (Их Британиас).Нутаг дэвсгэр: 1,219,912 км.Хүн ам: 54,956,900. Засгийн газрын хэлбэр: Парламентын бүгд найрамдах улс.Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нь Африк тивийн анхны өндөр хөгжилтэй орон гэж тооцогддог. Байгалийн баялгийн экспорт, эдийн засгийн хөгжингүй салбарууд болох эрчим хүч, санхүү, тээвэр, хууль эрх зүй, анагаах ухаан өндөр хөгжсөн. ДНБ 419 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох 5947.89 ам.доллар, ХХИ үзүүлэлт 0.707 бөгөөд тогтмол өсч байна. Өмнөд Африк бол “G20”-ийн гишүүн Африкийн цорын ганц улс юм.
  4. Маврики улс.Тусгаар тогтносон огноо: 1968.03.12 (Их Британиас).Нутаг дэвсгэр: 2040 км. Хүн ам: 1,295,789.Засгийн газрын хэлбэр: Парламентын бүгд найрамдах улс. Өмнөд Африкийн арлын энэ жижиг улсын ДНБ 11.53 тэрбум ам. доллар. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар энэ улс нь гадны хөрөнгө оруулалт, бизнесийн байршилд хамгийн таатай Африкийн орон юм. Амьдралын чанарыг нэг оршин суугчид ногдох орлого болох 9,703.52 ам. доллар нотолж байна. Сүүлийн жилүүдэд тус арлын дэд бүтэц өөрчлөгдөн хөгжиж, иргэдийн дундаж наслалт нэмэгдэж, мэдээллийн технологи, санхүүгийн салбар хөгжиж байна. Маврики улс нь хүний хөгжлийн индекс 0.804 буюу маш өндөр үзүүлэлттэй Африкийн цорын ганц улс юм.

1.Сейшелийн арлууд улс.Тусгаар тогтносон огноо: 1976.06.29 (Их Британиас). Нутаг дэвсгэр: 455 км².Хүн ам: 90,024. Засгийн газрын хэлбэр: Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс. Сейшелийн арлууд нь зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тухайн улс, иргэн бүрийн амьжиргааны түвшнийг тодорхойлж байдгийн тод жишээ юм. Сейшелийн ДНБ ердөө 1.454 тэрбум доллар боловч оршин суугч бүрд 27.000 доллар ногддог. Мэдээжийн хэрэг, цөөн тооны оршин суугчид үүнд том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ улсад нийт 107 мянга гаруй хүн амьдардаг. Гэвч ДНБ-ий хурдацтай өсөлт нь эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлалын бүтцийн шинэчлэлийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Тус улсын хүний хөгжлийн индекс 0.796 хүрчээ. Дэлхийн банкны мэдээгээр өнөөдөр Сейшелийн арлууд улс нь эдийн засгийн хувьд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй орон юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *