Categories
мэдээ нийгэм

Таван толгойн ордын 0.4 хувиар Монголын хөрөнгийн бирж дээр тоглож болж байна, 95.5 хувьтай “Эрдэнэс Тавантолгой” хаана явна? DNN.mn

Нүүрсний хэрэг гэхээр улсад 40 их наяд төгрөгийн хохирол учруулсан, улс­төрчид болон төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн, авлига авсан, ард түмний боломжийг хулгайлсан гэдэг агуулга л усан дотроос тос шиг ялгарч үлдлээ. Сүр дуулиантай эхэлсэн нүүрсний хэргийн жинхэнэ эзэд, улстөрчид, томчууд хэдийнэ сугарч, “Эрдэнэс Тавантолгой”, орон нут­гийн өмчит “Таван толгой”  хувьцаат  компани  гэсэн  хоёр компанийн удирдлагуудыг тойрсон цөөн хүнтэй л хэрэг болоод боогдож байгаа нь прокурор, шүүхийн процес­соос харагдаж байна. УИХ-аас томилогдсон нүүрсний хэргийг шалгах Түр хороо нь цуглуулсан баримтаа наймаалцан, сонсгол хийх лөөлөө болж байгаа сурагтай.Сонсгол боллоо ч цөөн хэдэн хүнийг яллах зохиол Х.Нямбаатарыг дараа­гийн Түр хороог ахлахтай зэрэгцэн бэлэн болсон гэдэг яриа Төрийн ордноос дуулдаж буй.Тэгэхээр нүүрсний хэрэг, нүүрсний сонсголоос их юм хүлээгээд хэрэггүй гэчихэд болно.

Харин бүх нийтээрээ анхаа­рах чухал нэгэн агуулга нүүрс­ний хэргийн ард чимээ­гүйхэн үлдэж байна.Тэр бол нүүрсний хэрэгтэй тэм­цээд монголчууд юу хожив, шударга ёс хэрхэн тогтов, хууль сахиулж чадав уу, хохирол барагдав уу, эдийн засагт үр нөлөө өгөв үү, иргэд ногдол ашиг боломжтой болов уу гэдгийг тооцох ёстой юм.Компаниар бодоход нэг шинэ ажил хэрэгжүүлээд тайлан гаргадагтай л адил.

Нүүрсний хэргийн шал­галтыг харъя.Ерөнхий сайдаас эхлээд л анх ямар сүр дуулиан­тай мэдээлэл хийж байв. АТГ-аас улс төрийн  өндөр  албан тушаал­тай 17 улстөрчийг нэрлээд л яллагдагчаар татсанаа зарлаж шуугиан дэгдээсэн.

Хэдэн зуун объектод нэгж­лэг хийж, хэдэн  мянган хүнээс байцаалт авснаа сар болгон зарласан. Яг прокурор, шүүх дээр гарын таван хуруунд багтах туг тахих хүмүүсийн хэрэг л ирсэн гэх яриа бий.

Уг нь төрийн ажилд, хуу­лийн байгууллагад алдаа гэж байх ёсгүй.Зарчимтай, хийгүй ажиллах ёстой.Үүнийг хуулийнхнаас гадна Зас­гийн газраас, Ерөнхий сай­даас нэхэх ёстой.Учир нь нүүрсний хэргийн мал­гайн доор Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит компаниудад Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/-ийг зур­гаан сарын хугацаатай то­­милон ажиллуулсан.“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Ж.Ганбатыг тус компанийн үндсэн үйл ажиллагаа, зо­хион байгуулалт, өр авлагыг барагдуулах, орлогыг нэмэг­дүүлэх ажлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх эрх ол­госон.Монгол Улсын уул уур­хайн экспортыг ихэнхийг бүр­дүүлж буй төрийн өмчит том компанид асуудал байсан нь үнэн.Засч  залруулах  хугацаа хэрэгтэй байх, нөгөө талаар  тодорхой ахиц дэвшил байсан учир Ж.Ганбатыг улираан ажиллуулж буй гэж Засгийн газар мэдээлсэн.

БЭТ томилогдсон өөр  нэгэн нь компани бол орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компани.  Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлт­тэй, хувьцаа нь эрэлттэй, зах зээлийн зарч­маараа ажиллаад топ компаниудын нэг болчихсон. Олон мянган хувьцаа эзэм­шигч болон санхүүгийн зах зээ­лийн салбарын төрийн бай­гуул­лагуудын хяналт дор ажил­ладаг хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон нь Үндсэн хууль, Ком­панийн тухай хууль, цааш­­лаад Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зэрэг эдүгээ хүчин төгөлдөр олон хуу­лийг ноцтой  зөрчсөн үйлдэл болсон. Түүгээр зогсох­гүй Монголын төр бизнест шууд гар дүрдэг, зогсоодог, хянадаг гэд­гийг гадаадын хөрөнгө оруу­лагчдад харуулсан, тэд­нийг үргээсэн явдал боллоо гэж  хуульчид, эдийн засагчид шүүмжилж байв.

“Таван толгой” хувьцаат компанийн хувьд БЭТ-өөр удирдуулсан зургаан сарын хугацаанд юу болов, ямар үр ашигтай ажиллав, юуг хэрхэн засч сайжруулав гэдгийг, олон нийт хүлээж байлаа.Гэтэл Засгийн газар ямар нэг тайлан, тайлбар хийсэнгүй.Сүр дуулиантай томилсон БЭТ-өө чимээгүйхэн “буцааж татсан”. Ингэхээс ч аргагүй  байдалд хүрсэн биз. Ямар­таа ч “Таван толгой” хувь­цаат ком­пани Монголын хөрөнгийн бирж дээр бүрт­гэлтэй ком­пани тул үйл ажил­­лагаа бо­лон тайлантай холбоотой бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй  бай­на. Уг тайлангаас тус компанийн онц дэглэмийн үед үйл ажиллагаа, үр дүн ямар байсныг, БЭТ хэрхэн ажилласныг ч харчихаж бо­лохоор аж. Монголын хө­рөн­гийн биржийн цахим хуудас  руу дэлхийн хаанаас ч, хэн­бугай ч ороод  энэ ком­панитай холбоотой бүхий л мэдээл­лийг төвөггүйхэн авчихаж болно. Харин төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани “нээлттэй компани” гэж тунхаглаж байгаа хэдий ч үйл ажиллагаа, гэрээ, санхүү­гийн тайлан нууц байсаар ирсэн. Тэр битгий хэл  гэрээ, би­чиг  баримт нь төрийн нууцад байдгийг та бид мэднэ.

“Таван толгой” хувьцаат компаний хувьд олон жил өндөр ашигтай ажиллаж ирсэн компани.Өнгөрсөн онд л гэхэд цар тахлын улмаас хил хаалттай, аж ахуйн нэгж, байгууллагууд хязгаарлалтын дэглэмийн хү­рээнд үйл ажил­лагаа явуулж байсан хүндхэн цаг үе. Хэдий тийм ч “Таван толгой” 2.7 сая тонн  нүүрс борлуулж, борлуулалтын орлого 760 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашиг нь 20 дахин өссөн мэ­дээллийг олон нийтэд ил тод мэдээлж байв. Хил гаалийн хязгаарлалттай хүнд нөхцөлд 3 сая орчим тонн нүүрс борлуулж, 760 тэрбум  төгрөгийн борлуулалтын орлого олж чадаж байна гэдэг бол компанийн удирд­лага, менежмент зөв бөгөөд сайн байсны илрэл. Ковидын дараа эдийн  засаг  сайжирч хил, гааль чөлөөтэй болсон 2023 онд тус компанийн экспорт, борлуулалт бүүр ч нэмэгдэх учиртай. Гэтэл эсрэгээрээ онц дэглэмийн зургаан сарын хугацаанд  бараг тэг зогсолт хийсэнтэй адил буюу 57-хон мянган тонн нүүрс экспортолсон тухай БЭТ -ийн тайланд тус­гагджээ. Товчхондоо жилийн­хээ тэн хагасын хуга­цаанд төлөв­лөсөн аж­лынхаа дөрөвхөн хувийг хийж гүйцэтгэсэн гэсэн үг.

Уг нь БЭТ ажилласан зургаан сарын хугацаа бол экспортын оргил үе улирал байсан гэж хэлж болно. 2022 оны эхний хагас жилийн тайлан­гаар 262 тэрбум төг­­рөгийн борлуулалтын орлоготой байсан компани 2023 оны эхний хагас жи­лийн байдлаар 36 тэрбум төгрөгийн борлуулалтын ор­лого бүрдүүлжээ. 262 тэрбумаас 36 тэрбум төгрөг хүртэл буурсан гэсэн үг. Төрийн мэдэлд очсон бизнес болгон ашиг­гүй  болж,  алдагдалд  орж дампуурдаг гэдгийн жишээ ердөө энэ. Цар тахлын хүнд нөхцөлд 2.7 сая тонн нүүрс борлуулж, улсад 300 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, орон нутагтаа 200 тэрбумын төгрөг ногдол ашиг өгч  байсан ком­пани ийм байдалтай байгаа нөхцөлд улсад яаж татвар, хураамжаа төлөх вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. “Таван толгой” хувь­цаат компани дээр ийм нэгэн хорлонтой ч юм шиг хоржоонтой явдал болоод өнгөрч байна.

Угтаа  бол төр Монголын хөрөнгийн бирж дээр бүрт­­­гэлтэй, нээлттэй, зөв менеж­­мент­тэй ажиллаж буй компанид Засгийн га­зар хууль бусаар БЭТ нэр­тэй төлөөлөгч томилон сүйт­гэж, алдагдалд оруулах ёсгүй байлаа. Ерөөсөө зах зээлийн зарчмаараа, шилдэг менежмент хэрэгжүүлээд ажиллаж байсан компани дээр онцгой дэглэм тогтоох шаардлагагүй байсан хэрэг. Харин түүний оронд жил бүр алдагдалтай ажилладаг төрийн өмчит олон арван компаниа орон нутгийн өмчит “Таван толгой” компани шиг нээлттэй, хувьцаат компани болгож, иргэдийн хяналтад оруулж ирэх ёстой юм.

Орон нутгийн “Таван толгой” компани Монголын нүүрсний салбарт олон зүйлээрээ анхдагч болж, нүүрсний экспортын шанг татаж, нүүрс гэдэг баялгийг өнөөдөр улс орны эдийн засгийг гол тэтгэгч экспортын бүтээгдэхүүн болгон эргэлтэд оруулах ажлыг эх­лүүл­сэн компани гэдгийг түүх  гэрчилдэг. Таван толгойн уурхай 1967 оноос олбор­лолтын үйл ажил­лагаагаа эхлүүлж, 1995 онд хувьцаат компани болж, 2004 онд анх нүүрсээ экспортонд гаргаж, 2007 онд анх удаа нэг сая тонн нүүрс олборлон борлуулж, 2011 онд зургаан сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан түүх бий. Энэ бүхэн нүүрсний салбарт анхдагч үйл ажиллагаанууд байлаа. Түүгээр ч  зогсохгүй тэд нүүрсний салбарт бизнесийн шинэ загварыг бий болгож, улмаар 2009 онд “Энержи ресурс” ХХК, 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь байгуулагдан олборлолтоо эхлүүлж, нүүрсээ экспортолж эхэлсэн түүхтэй. Өнөөдрийг хүртэл орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат ком­­пани улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ  оруулдаг компаниудын нэг байсаар ирсэн.

“Таван толгой” ХК-ийн хувьд сонгодог бүтэцтэй компани гэдгээрээ бусад уул уурхайн компаниудаас ялгардаг. 51 хувийг нь тухайн орон нутаг нь эзэмшдэг, 49 хувийг нь Монголын хөрөн­гийн биржийн нээлттэй худал­­даагаар хувь­цаа­гаа худалдаж  авсан  монголчуу­даас гадна дэлхийн 23 орны 2600 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Орон нутаг болон хувьцаа эзэмшигчдийн хатуу хяналт дор, нээлттэй үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани дэлхийд цөөн гэдгийг Дэлхийн уул уурхайн ассоциациас онцлон тэмдэглэж байсан удаатай. Нөгөө талаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтыг амьдрал дээр  хэрэгжүүлж  буй хамгийн  анхны  бөгөөд цо­рын  ганц хувьцаат ком­­пани ч гэж онцлоход буруудахгүй.

Монголын хөрөнгийн бирж дээр 180 гаруй компани бүртгэлтэй байдаг.Орон нутгийн өмчит “Таван­толгой” хувьцаат компани бол Монголын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлдэг компа­ниудын нэг болоод удаж байгаа. Монголын хөрөнгийн биржийн жил бүрийн тайланд идэвхтэй арилжаалагдсан 30 үнэт цаасны нэгээр эдний хувьцаа зүй ёсоор нэрлэгдэг бөгөөд “Таван толгой”  хувьцаат компанийн нэгж хувьцаа 15 мянган төгрөгт хүрч байсан удаатай. Монголын хөрөнгийн зах зээл дээрх нэгж хувьцаа нь ингэж үнэлэгддэг компани тийм ч олон биш.Хувьцаа идэвхтэй арилжаалагдана, нэгж хувьцааны үнэ ханш өндөр байна, ногдол ашиг их хуваарилана гэдэг тухайн компанийн үйл ажил­лагаа, менежмент сайн, үр ашигтай ажил­­ладаг гэсэн үнэлгээ.Заавал Засгийн газар хө­дөлж, БЭТ томилж үнэлэх шаардлагагүй, хөрөнгийн зах зээл нь өөрөө ингээд үнэлчихдэг.Үүнийг захын хүн ойлгох ухагдахуун.

Таван толгойн бүлэг орд дахь гурван компанийг олборлолтын талбайн хэм­жээгээр нь харвал “Эрдэнэс Тавантолгой” 95.5 хувь, “Энержи ресурс 4.1 хувь эзэлдэг бол орон нутгийн  “Таван ­толгой” хувьцаат ком­пани нийт талбайн 0.4 хувийг эзэмшдэг. Том Таван толгой, жижиг Таван толгой гэж нэрлэдгийг учир энэ. Дахин онцлоход “Таван толгой” хувь­цаат компани нь энэ том ордын өчүүхэн хэсэг буюу 0.5 хувьд ч хүрэхгүй талбайд зөв менежментээр ажил­лаж, нүүрсийг эдийн засгийн эргэл­тэнд оруулж, хэрхэн үр өгөөжтэй, ашигтай ажиллаж болдог гэдгийг бодитоор харуулж чадсан. Нэг үгээр хэлбэл орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат ком­пани нь улсын төсөвт жил бүр их хэмжээний татвар хураамж төвлөрүүлж, орон нутагт хөгж­лийн хөрөнгө оруулалтууд хийж, хувьцаа эзэмшигчдэдээ өндөр ногдол ашиг тараадаг, Монголын хөрөн­гийн  бирж  дээр хувьцаа нь  идэвх­тэй  арилжаалагддаг, үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч ТОМ компани.

Таван толгойн бүлэг ордын 0.4 хувийг талбайд үйл ажиллагаа явуулдаг энэ уурхай  нэг аймгийг бүтнээр тэжээж, улсад их хэмжээний татвар төлж, ногдол ашиг тарааж болж байхад аварга ордын 95.5 хувийг дангаар эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани ямар байхыг тооцоолбол хяз­гаар­гүй том боломж хараг­дана. “Таван­ толгой”  хувь­цаат ком­паниас 238.7 дахин илүү ашиг­тай ажиллаж болох тоо­цоолол гарч байна. Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин,  борлуулалтыг 3.7 дахин нэ­­мэг­­дүүлж 2.2 тэрбум  ам.долларын борлуулалтын ор­логотой ажилласан гэдгээ мэдэгдлээ. Харамсалтай нь тус компани хэчнээн сая тонн нүүрс экспортолж, хэдэн тэрбумын ашигтай ажиллаад ч “хувьцаа эзэмшигч” гэх 3 сая монголчууд бидэнд хүртээлгүй.Учир нь та бидний хувьцаа амьгүй. Товчхондоо та  бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч биш. “Хууль ёсны хувьцаа эзэмшигч биш” гэдгийг ухвал та бидний эзэмш­лийн гээд  байгаа 1072 ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн биржид бүрт­гэлгүй, ногдол ашиг хүртэх эрхгүй, өмчлүүлж, өвлүүлж, барь­­цаалж болохгүй. Төр хэ­зээ ч иргэдийн нэр дээ­рээс буцаагаад татчих эрс­дэлтэй зүгээр нэг тоо.Ядаж л цэнхэр, ягаан тасалбар шиг гарт баригдах нэг ширхэг цаас ч хувьцаа эзэмшигч­дэд байхгүй. 1072 хувьцаа хэзээ амилж иргэд хэзээнээс ногдол ашиг авч,  бая­лагтаа эзэн болохыг хэлж мэдэхгүй.

Нэг үнэн зүйл нь “амилаа­гүй” 1072 хувьцаа эрх баригч­дын сонгогчдоос санал авах хэрэгсэл болчихсон гэдэгтэй маргах хүнгүй биз. 1072 хувь­­­цааны ногдол  ашиг тараах бо­лохоор мөнгөгүй болчихдог. Харин сонгууль дөхөхөөр элдэв гоё ганган нэршил гаргаад мөнгө тараа­­чихдаг. 2004 оноос ард түмэнд мөнгө тараах амлалт эхэлж, шинэ төрсөн  хүүхэд, шинээр гэр бүл бологсод гэх мэт сонгуулийн санал авах зорилготой гоё нэртэй мөнгө олголтуудыг “Эрдэнэс Тавантолгой” ком­­паниас л санхүүжүүлж ирсэн. 2016 оны сонгуулиар гэхэд 1072 хувьцаанаас төр өөрөө хэсэг­чилж авч байгаа нэрээр иргэдэд 300 мянган төгрөг тарааж шоудсан. Улс төрийн хүчин, улстөрчдийн зорилго  биелснээс  ард түмэнд, улс оронд ямар ч хожил, хөгжил авчраагүй. Сонгогчдын  санал авах боловсон луйврыг тэд ингэж л хийдэг.

Нүүрс гэдэг байгалийн шавхагддаг баялаг.Тиймээс хэзээ нэг өдөр дуусна. Харин үнэ цэнэтэй, ашигтай байгаа энэ цаг үед л “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийг яаралтай Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй компани болгож, орон нутгийн өмчит “Таван толгой” хувь­цаат компани шиг зөв  менеж­ментээр ажиллуулж чадвал Монгол Улс, монгол­чууд дэлхийн хамгийн баян улс болчих боломж бэлээхэн байна.

Ганц “Эрдэнэс Таван­толгой” гэлтгүй Эрдэнэт, Монгол­росцветмет, Оюу толгой гээд төрийн оролцоотой  100 орчим компани бий. Эдгээр төрийн оролцоотой бүх компанийг нээлттэй хувь­цаат компани болгож, иргэддээ хувьцааг нь эзэмшүүлж, иргэдийнхээ хяналтад ажил­­луулчих.Тэр битгий хэл “Оюу толгой” компанийн Монголын төрийн мэдлийн 34 хувийг ч иргэддээ хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгочих боломж бий. Нөгөө та­лаар уурхайн үйл ажиллагаа явуулж буй орон нутгийг өмчтэй болгосноор тухайн бүс нутаг хөгжиж, төвлөрөл саарч 21 аймаг хөгжих бо­ломж бүрдэнэ гээд  яривал  олон  олон эерэг үр дүн  бий болох боломж харагдаад эхэлж байна. Харин төр тэдгээр компаниудыг ашигтай ажил­­лах хууль эрх зүйн орчныг бий болгож өгөөд татвар хураамжаар нь улсын төсвөө бүрдүүлдэг болчиход өнөөдрийн улстөрчдийн, на­муудын, ард түмний талцан хэрэлдэж байгаа төрийн өмчийн хулгай, дээрэм үгүй бо­лох юм.Гэвч төр засагт маань ийм хүсэл эрмэлзэл бай­на уу гэдэг л асуудал юм.

Ингээд харвал нүүрсний хулгай хэмээн нийтээрээ шаг­шин талцаж буй энэ том будилааны эцсийн дүнд монголчуудад үр ашигтай шийд­вэр, үйл ажиллагаа болж үлдэх ёстой.Үүний нэг том агуулга бол нүүрсний хулгайтай нэр холбогдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежментийг төр зоригтой шийдвэрээр өөрч­лөх асуудал улам тодорч байна.Хулгай хувийн өмчид хэзээ ч гардаггүй. Харин…!

М.ЦЭЦЭН

2 replies on “Таван толгойн ордын 0.4 хувиар Монголын хөрөнгийн бирж дээр тоглож болж байна, 95.5 хувьтай “Эрдэнэс Тавантолгой” хаана явна? DNN.mn”

95 хувь гэнэ үү, тэгвэл 1072 хувьцаагаа өөрийн нэр дээр авъя, нэмж бас ашиг авсан ч болох юм биш үү. Яагаад ийм харьцангуй байдаг юм бэ, төр засагsays:

Дэндүү дээ дэндүү гэж дуу байдаг. яг тэрэн шиг төрийн өмчийг, ард түмний баялагийг хулгайлж, ард иргэдээ ядуурал гуйланчлалыг доод цэг байлгаж чаддаг ийм төр, засаг байдаг юм уу? Ардын намыг засаг ч юу ч хийж чадахгүй, дэндүү үхээнц, хоосон шоу хийхээс өөр юу ч мэдэхгүй өрөвдөлтэй засаг юм даа Монголчуудын 90 % нь улны амьдралтай боллоо. Тэр тэтгэвэр,цалин хөлс нэмсэнийг нь хар. Дээд боловсролын салбарт ажиллагсадын цалин хөлсийг нэг ч төгрөгөөр нэмүүлж чадаагүй, нэмүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй Энхамгалан гэх шоучин сайд ээлжит шоугаа яаж хийхээ хүлээгээд гүлдийчихээд явж бна. Тэр Булгантуяа гэж туйлын эргүү. албан тушаал, эрх мэдлийн хэнээтэй хүүхэн байх юм. Ерөнхий сайд Оюунэрдэнэ болохоор амьдралаас дэндүү тасархай бай ч үгүй, вандан ч үгүй шоу хийх юм. Энэ бүхний бодит үр дүнд ард иргэд нь тэр аяаараа улны амьдралтай болж, ядуурал доройтлын доод цэг хүрлээ. Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг гээд дандаа эрх баригчидийн идсэн уусан хулгайлсан хумсалсан хэргүүд сүр дуулиантай эхлээд сүхдүүлсэн үхэр шиг болоод өнгөрөх төлөвтэй.Хөгжлийн банкны гэх хэргээр Ардчилсан намын угшилтай хэдэн хүнийг шийтгүүлчих санаатай байсан талаар болж Эрх баригчид өөрсдөө онигоо болоод дууслаа. Боловсролын зээлийн сангийн асуудал сүржин эхлээд сүнсгүй болох шиг.Одоо Аюурсайхан, Ганхуяг хоёр Ардын намын овоо хэдэн сайд, гишүүдийг хөлдөө чирнэ шүү гэж айлгаад, аймшгийн кино үзүүлэх гээд байх шиг. 7 жил төр засгийн жолоог атгасан Ардын намын зовлон, лай ланчиг дэндүү их хуримтлагджээ. Сонгууль бүхнийг шийдэх байхдаа. Гай холуур өнгөрөөсэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *