Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын эрэгтэйчүүдийн холбооны зөвлөх Д.Бадамцэцэг: Жилд 400 эрэгтэй амиа хорлож байна DNN.mn

“Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, санаачлагч, зөвлөх Д.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Танай багийн зүгээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаар судалгаа явуулжээ. Үр дүн нь яаж гарав?

-Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.7гоор зөрүүтэй байна. Эрэгтэй хүмүүс тэтгэвэрт гараад л нас барж байгаа нь судалгаанаас харагдлаа. Эрэгтэйчүүд богино насалж байгааг судлаад үзэхэд үндсэн дөрвөн хүчин зүйл байгаа нь ажиглагдсан. Нэгдүгээрт эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал. Хоёрдугаарт боловсролын байдал богино наслахад нөлөөлж байна. Гуравдугаарт хөдөлмөр эрхлэлт түүний аюулгүй байдал. Дөрөвдүгээрт эрэгтэйчүүдийн сэтгэл гутрал.

-Эрэгтэйчүүд эрүүл мэндээ анхаарахгүй байгаа нь голлох үзүүлэлт болж байна уу?

-Тийм. Би эмнэлэг ч орж үзээгүй, эм уудаггүй гэх яриа эрчүүдийн амнаас түгээмэл гардаг. Ийм хэнэггүй хандлага нь богино наслахад нөлөөлж байна. Эрүүл мэндийн явуулын үзлэг орон нутагт ажиллахад эмэгтэйчүүд л түлхүү хамрагддаг. Эрэгтэйчүүд цааргалах нь бий.

Эрэгтэй хүн өвдөх эрхгүй, өвдсөн ч тэвчих ёстой гэх хэвшмэл ойлголт богино наслахад хүргэж байна л даа.

-Боловсролын асуудал дундаж наслалтад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Айл хүү, охинтой байлаа гэж үзэхэд хүмүүжлийн өөр өөр арга хэлбэр явагдаад байдаг. Ижилхэн хүүхэд гэж ханддаггүй. Хүйсээр нь ялгаварладаг. Боловсрол эзэмшүүлэхэд нэгдүгээрт охиноо тавьж, хүүгээ хойшлуулдаг. Ийм хандлагаас шалтгаалж хүү нь боловсролгүй болж үлдэх нь түгээмэл. Ингэхлээр эрэгтэйчүүд дунд түвшинд ажиллах боломжгүй болж байгаа юм. Нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлж чадахгүй, биеийн хүчний, хүнд хөдөлмөр эрхэлж амьдарна. Энэ нь эрүүл мэндээр хохироход нөлөөлж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдлаа. Мөн уул уурхай, цагдаа, цэрэг гэхчлэн хүнд салбарт эрэгтэйчүүд л ажиллаж байна. Энэ салбарт ажиллаж байгаа улс шөнийн цагаар ажиллах нь түгээмэл. Цагдаа нарыг анзаарахад 24 цаг ажиллачихаад амрахгүй үргэлжлүүлээд хэрэг бүртгэл дээрээ суух нь бий. Уул уурхайн салбарт адилхан. Шөнийн цагаар ажиллах нь түгээмэл. Энэ нь эрүүл мэндээ л хорлож байгаа хэрэг. Ингээд харахад хамгийн эрсдэлтэй, хүнд ажлыг эрэгтэйчүүд хийж байдаг.

-Энд сэтгэл санааны гутрал гэх үзүүлэлт анхаарал татаж байна.

-Энд харамсалтай тоон үзүүлэлт дурдах болох нь. Жилд 400 эрэгтэй амиа хорлож байна. Хүн амтай нь харьцуулаад харахад энэ бол дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Энэ тоо жилээс жилд зогсолтгүй өсч байгаа. Дээрээс нь зам тээврийн ослоор 300 гаруй эрэгтэй нас бардаг судалгаа бий. Ингээд харахад 1000 эрэгтэйгээ ганцхан жилд л алдаж байна. Энхийн цагт бол байж болохгүй л үзүүлэлт.

Эрэгтэйчүүд амиа хорлож байгаа нь тухайн хүний сэтгэл санааны байдал тогтворгүй, асуудлаа даван туулж чадахгүй, хаана хандахаа мэдэхгүйгээс хамаарч байна. Энэ нь эрэгтэй хүүхдээ хоёрдугаарт тавьдаг буруу ойлголттой хамааралтай. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нь чулуунд бүдрэхэд охиндоо хошуу дэвсээд хүүгээ тоодоггүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм гээд загнаад босгодог. Угтаа бол хүүхэд л бол хүүхэд. Хүйсээр нь ялгаварладаг нь байж болохгүй үзэгдэл. Эрэгтэй хүн уйлдаггүй, олон юм ярьж болдоггүй гэх хэвшмэл ойлголтыг багаас нь суулгачихдаг. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарладаг. Ийм нөхцөлд өссөн хүүхэд насанд хүрээд болж бүтэхгүй байгаа зүйлээ ярилцаж чадахаа больдог. Асуудлаа дотроо хадгалаад л яваад байдаг.

Түүнчлэн эрэгтэй хүн амьдралаа үүрч явах ёстой гэх хэвшмэл хандлага бий. Энэ нь эхнэр, нөхрийн хэн хэнийх нь л хариуцлагатай холбоотой

асуудал. Хүйсээр ялгаварлах асуудал огт биш. Багаасаа боловсрол нь орхигдсон эрчүүд гэр бүлдээ тодорхой байр суурь эзэлж чадахаа больдог. Гэр бүлээ манлайлаад явах хүн орлогогүй болохоор сэтгэлээр унана. Энэ үед нь тал талаас нь хэмлэнэ. Ингээд зарим тохиолдолд бор дарс балгана. Энэ бугласан бүхэн тэсрээд л амиа хорлох сонголт хийдэг. Уул нь ярилцаад дотор бугласан зүйлээ гадагшлуулах нь зөв. Энэ нь хүн бүрийн л хэрэгцээ.

-Эрэгтэй хүн хүчирхийлэлд өртлөө гэх асуудал тэр бүр дуулддаггүй шүү дээ.

-Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллиийг шүүхэд эрэгтэй хүн хүчирхийллээ гэх мэдээлэл гарч ирэхгүй. Энэ нь эрэгтэй хүн хүчирхийлэлд өртөхгүй байна гэх ойлголт биш. Монгол эрэгтэйчүүд бие махбодийн хүчирхийлэлд өртөж байгааг цахилгаан шатанд эхнэртээ зодуулаад цусаа урсгаж буй саяхны жишээ харууллаа. Ийм төрлийн хүчирхийлэл өнөөдөр түгээмэл болсон. Нөхрийнхөө биед халдах нь хэвийн үзэгдэл болсон. Хууль хүчний байгууллага нь ч тэр бүр тоодоггүй. Саяны жишээн дээр л гэхэд нийгмийн сүлжээнд цацагдсаны дараа цагдаагийн байгууллага хөдөлж байгаа юм. Гэтэл хаалганы цаана эмэгтэй хүн хашхирахад л хажуу айл нь цагдаа дууддаг. Ингээд нөхрийг нь шууд ачаад явдаг. Эрэгтэй хүн зодуулаад хэвтэж байхад хэн ч тоогоогүй нь бичлэгээс харагддаг. Ер нь эхнэртээ цохиулаад цагдаад дуудлага өгөх хүн байдаггүй.

Энэ мэт хүчирхийллийг тэвчиж байгаа нь өөгшүүлсэн хэлбэр. Цаг тухайд нь хууль хяналтын байгууллагад мэдэгдээд явах ёстой. үүнийг тэвчиж явснаараа өнөөдрийн нөхцөл байдал бий болж байгаа юм. саяных нь бол ганцхан жишээ. Гэр хороололд нөхөртөө бие махбодийн хүчирхийлэл үйлдээд, цагдаагаар айлган сүрдүүлээд сууж байдаг эхнэрүүд олон бий. Бид эрэгтэй хүн уйлдаггүй гэх хэвшмэл ойлголтоо яг одоо цэгцлэх хэрэгтэй. Хүүхдээ хүйсээр нь ялгаварлахгүй хүмүүжүүлэхээс энэ ажил эхэлнэ.

Эмнэлэгт очдоггүй хэнэггүй хандлагаа гээх цаг болсон. Эрүүл мэнддээ анхаарахад хань ижил нь ч дэм болох хэрэгтэй. Эрэгтэйчүүд маань гавьяаны амралтаа аваад ач, зээгээ торгуулж суулгүй тэнгэрт дэвшээд байна. Жилд нэг удаа эмчийн хяналтад заавал орох ёстой.

-гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн зүйл заалт эрэгтэйчүүдэд халгаатай гэх гомдол байдаг. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Гэр бүлийн хүчирхийлэл үзүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад очиход л шууд баривчилдаг. Эхний тохиолдолд долоо хоног. Дараагийн тохиолдолд 14-30 хоног баривчилна. Гурав дахь удаа бол шууд эрүүгийн хэрэг үүсээд явдаг. Энд сануулга ч юм уу, торгуулийн санкц байхгүй. Гэр бүлд ялихгүй маргаан гарахад л шууд цагдаа ирээд л нөхрийг нь ачаад явдаг. Ахуйн хүрээний маргаан гэдэг хоёр хүн байж л бий болно. Хэн хэнээсээ шалтгаалсан байж болно. Гэтэл шууд л эрэгтэйг нь бариад хорьдог тогтолцоо бий болоод байна. Согтуу эмэгтэй нөхрийнхөө нүүр амыг улаан эрээн болтол нь маажаад, нүдийг нь хөх алаг болгочихоод байхад л нөхрийг нь 14 хоног хорьсон бэлэн жишээ байна. Эхлээд буруутай этгээдийг тогтоох хэрэгтэй. Эрэгтэйгээрээ энэ л хүчирхийлэл үйлдсэн байна гэх байдлаар хандаж болохгүй. Хуулийн байгууллага бол мэргэжлийн ур чадвартай. Хэн хүчирхийлэл үйлдсэнийг тогтоох хэрэгтэй. Өнөөдөр эхнэрийнхээ хүчирхийлэлд өртсөн олон залуу торны цаана сууж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *