Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” төслийг 2023-2024 оны хооронд хэрэгжүүлж буй.
Үүнд Үндэсний Статистикийн Хороо болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам хамтран оролцож байгаа юм.
Төслийн хүрээнд “Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа”-г зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү судалгааны бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Статистикийн хэлтэс, газрын хөдөө аж ахуйн статистик хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
“Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа” нь 2023 оны есдүгээр сарын 18-аас арваннэгдүгээр сарын 30-ны хооронд улс, орон даяар зохион байгуулагдах юм.
Энэхүү суурь судалгааны үр дүнд үндэслэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцоолол, аргачлалыг сайжруулах зөвлөмж боловсруулна.