Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсын Соёлын яам, Монголын Морьт Харваачдын Холбоотой хамтран зохион байгуулж буй Монгол соёлын биет бус өвийн төрөл болох Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны есдүгээр 7-10-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 21 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол бөмбөг намнаа нь албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна.
Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн энэхүү төрлийг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилгоор “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байгаа юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.