Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар: АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрын бүтцээр ажиллана DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын Улс төрийн зөвлөл(УТЗ)-ийн гишүүн Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Танай намын ҮБХ саяхан хуралдаж, удирдлагуудаа томиллоо. 2017 оноос хойш эрх зүйн чадамжгүй явж ирсэн УТЗ албан ёсоор байгуулагдлаа. ҮБХ-ны гишүүдийн тоо 504 боллоо. Намын аппаратын шинэ бүтэц, зохион байгуулалтын талаар та тайлбарлаж өгөхгүй юу?

-Ардчилсан нам 2022 оны гуравдугаар сард их хурлаа хуралдуулсан. Энэ үеэр Үндсэн дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхээр батлуулсан. Уг дүрмийн хүрээнд АН-ын ҮБХ-ны хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдлаа. Ээлжит бус энэхүү хуралдаанаар ҮБХ-ны 504 гишүүнийг хүлээн зөвшөөрөх, намын удирдлагуудыг томилох, УТЗ-ийг байгуулах асуудлуудыг авч хэлэлцсэн.

Ингээд АН цоо шинэ бүтэц, зохион байгуулалтад орлоо. Манай нам өмнөхөөсөө юугаараа ялгагдаж байгаа юм бэ гэвэл өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хуультай уялдуулаад ҮБХ-ны гишүүдийнхээ тоог өргөжүүлсэн. ҮБХ-ны хурлаар АН-ын дарга Л.Гантөмөрийн санал болгосон нэрсийн дагуу намын дэд дарга нарыг сонгосон. Дээр нь УТЗ-ийн 22 гишүүнийг бас сонголоо. Энэ эрх АН-ын шинэ дүрмээр зөвхөн намын даргад хадгалагддаг. Намын даргын санал болгосончлон удирдлагын багт орж ажиллах хүмүүсийг ҮБХ-оор томилдог.

АН-ын шинэ дүрмийн дагуу УИХ, Засгийн газар, хууль тогтоох байгууллага гэсэн Үндсэн хуулийн гурван гол субъекттэй адилхан бүтэцтэй гэж ойлгож болно. Нэг ёсондоо хууль тогтоох дээд байгууллага бол ҮБХ. Харин гүйцэтгэх засаглал нь УТЗ. Тэгвэл хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны бүтэц нь Үндсэн дүрмийн хороо.

-УТЗ яагаад заавал 22 хүнтэй байгаа юм бэ. Энэ тоо өөрчлөгдөх үү?

-Засгийн газрын бүтэц 22 яамтай байгаа шүү дээ. Тэр утгаараа намын дарга УТЗ-д 22 гишүүнийг санал болгосон. Дээр нь АН-ын дэд дарга нар болон бүлгийн дарга орно. Ингээд УТЗ маань 30 гаруй хүнтэй болж өргөжинө. Энэ бол АН-ын удирдлагын баг.

Компанийн засаглалаар аваад үзэхэд АН-ын УТЗ нь ТУЗ гэсэн үг үү. Ер нь бол ТУЗ бүх шийдвэрийг гаргадаг. Гүйцэтгэх засаглал тэдний шийдвэрийг дагадаг шүү дээ. Тэгвэл АН-ын УТЗ-ийн дарга С.Баярцогт шууд утгаараа Л.Гантөмөрийг удирдах юм уу?

-Өмнө С.Эрдэнийг дарга байхад АН-ыг хүмүүс их шүүмжилдэг байсан. “Нэг хүний толгойгоор намыг бүрэн хяналтад удирдаад байна” гэж бид хүртэл маргалддаг байсан. Тэгэхээр энэ удаагийн томилгоо бол намын дүрмээр хамтын удирдлагын зарчим гэдэг шинэ ухагдахуун гаргаж ирж байгаа. Намын дарга ганцаараа шийдвэр гаргадаг байсан үе ард үлдсэн. Удирдлагын баг буюу компанийн засаглалын хэлбэрээр олон хүний дунд асуудлыг ярьж, бодлогын шийдвэрүүдийг гаргаж, харилцан ойлголцъё. Энэ дундаасаа зөв шийдвэрүүдийг гаргая. Гаргаж байгаа шийдвэрийнхээ эцсийн үр дүнд багаараа хариуцлага хүлээдэг зарчим руу шилжиж байгаа хэлбэр.

АН-ын тэргүүн дэд дарга бөгөөд УТЗ-ийн дарга гэдэг бүтцийг шинэ дүрмээрээ бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, АН нь намын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нартай байж болно гэсэн заалттай. Тэр утгаараа намын дарга өөрөө УТЗ-ийг тэргүүн дэд даргын хариуцах эрх мэдлийн хүрээнд оруулъя гэсэн чиглэл гаргасан.

-УТЗ-ийн үндсэн чиглэл, үүрэг нь юу вэ?

-Манай намын ҮБХ жилд хоёр удаа албан ёсоор хуралдах Үндсэн дүрмийн заалттай. Албан ёсоор хавар, намартаа хуралдана. Тодруулбал, УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх үеэр АН-ын ҮБХ-ны ээлжит хуралдаан болно. Дараа нь хаврын чуулган хуралдах үеэр бас нэг удаа хуралдана. Энэ завсар ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаас гадна намын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байх үүргийг УТЗ хүлээж байгаа юм. Тэгэхээр онцгой яаралтай, янз бүрийн үед УТЗ хуралдаж шийдвэр гаргаж байх чиглэлтэй. Гэхдээ УТЗ бол намын даргад зөвлөмж, хурлын шийдвэрүүдээ өгнө. Намын дарга тэр чиглэлийн дагуу ажиллана. ҮБХ бол УТЗ-ийг томилдог байгууллага. УТЗ-өөс гаргасан шийдвэр журмуудыг баталгаажуулдаг дээд байгууллага нь ҮБХ хэвээрээ. Нэг ёсондоо хурлын завсарлагаанд цаг үеийн тулгамдсан ажлуудыг УТЗ шийдвэрлэж байх зохицуулалттай.

-Шинэ бүтэц өмнөх УТЗ-өөс ямар ялгаатай юм бол?

-Өмнөх дүрмээрээ УТЗ-д аймаг болгоноос нэг төлөөлөл сонгогддог байсан. Нэг жилийн хугацаатайгаар УТЗ-д гишүүнээр ажилласны дараа эргэлтийн сонгуульд ордог байсан. Харин одоогийн УТЗ тийм биш. Засгийн газрын бүтцээр ажиллана. Өөрөөр хэлбэл, сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдолд Засгийн газрын гишүүдийг УТЗ бүрдүүлж байна гэсэн үг. Намын бодлого шийдвэр, улс орны нийгэм эдийн засагт тулгамдаж байгаа асуудлыг АН хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг бодлогыг зангидаж байгаа гол субъект нь УТЗ.

-УТЗ нам доторх ямар нэг бүтэц, албан тушаалын томилгоонд яаж оролцох вэ?

-Зөвлөмж, санал, дэвшүүлэн тавих асуудлыг УТЗ хийж болно. Намын эцсийн шийдвэр гаргадаг байгууллага нь ҮБХ. Сая АН үндсэндээ бүрэн томилгоогоо хийгээд жигдэрчихсэн. Ганцхан ерөнхий нарийн бичгийн даргын асуудал нээлттэй үлдсэн. Дараа нь ҮБХ-оор бид их хурлын бүтэц буюу, байнгын хорооны хурлын түвшний дарга нараа сонгох юм. Дүрмийн дагуу байнгын хороодод хуваагдаж, дотроосоо даргаа сонгох асуудал шийдэгдэнэ.

-Сая хуралдсан ҮБХ-ны хурлыг нээлттэй орхисон. Тэгэхээр генсекийг удахгүй оруулж ирнэ гэсэн хүлээлт намын гишүүдэд байгаа бололтой. Хэзээ оруулж ирэхээр яригдаж байгаа вэ?

-Цаг хугацаа хэлэх боломжгүй. Яагаад гэвэл ҮБХ-ны хурлыг нээлттэй үлдээсэн. Энэ асуудалд нууж хаах асуудал байхгүй байх. Генсек гэдэг бол намын гол аппарат, үндсэн зангилаа асуудлуудыг шийддэг албан тушаал. Тэгэхээр хэн байх вэ гэдгийг нэлээд бодох хэрэгтэй гэж намын дарга үзсэн болов уу. Генсекийг намын дарга оруулна. Тэрнээс хэн нэгэн хүн генсекийн асуудалд заалнаас юм уу хөндлөнгөөс оролцох талаар намын Үндсэн дүрэмд заагаагүй.

-Намын шинэ дүрэмд генсекийн эрх, үүргийн талаар юу гэж заасан байдаг юм бол. Ер нь АН-ын генсекийг МАН-ын Д.Амарбаясгалантай адилтгаж хараад байх шиг. Бүх мөнгө, санхүүд гарын үсэг зурдаг, томилгоонд оролцдог том эрх мэдэлтэй гэж ойлгоод АН-ын генсекийн төлөөх өрсөлдөөн нэлээд эрчимжих маягтай. Бас сүүлийн үед танай намын залуус АН-ын бүтэц яг МАН-ын хуулбар гэж намын шинэчлэлийн талаар дуугарах болжээ. Эдгээр асуудалд таны байр суурийг сонсъё?

-Магадгүй хүмүүсийн нийтлэг хандлага бол АН-ыг МАН-ын бүтэц зохион байгуулалттай ижил юм шиг ойлгоод байх шиг. АН бол МАН-ыг бодоход тэс өөр байгууллага. Яагаад гэвэл АН-ын үзэл санаа, чиг хандлага тэс ондоо. Бид өөрсдийнхөө бүтэц зохион байгуулалтыг яаж хийх нь намын дотоод асуудал. Тиймээс үүн дээр бусадтай адилтгаж, ижилсгэх ойлголт байж боломжгүй санагддаг. Улс төрийн албан тушаалууд нэр томьёоны хувьд ижилхэн байдаг боловч доторх эрхлэх асуудлын хүрээнд янз бүр байхыг үгүйсгэх аргагүй.

-Нийгэмд АН олон дэд дарга томиллоо гэсэн шүүмж бий. Дээрээс нь анхан, дунд шатны томилгоонуудаа яаж хийх вэ?

-Зөвхөн АН-ын дээд бүтцүүдийг бий болгохоос гадна анхан, дунд шатны асуудлууд хүртэл өнөөдөр хүлээлтийн байдалтай байгаа. Тэгэхээр АН олон газарт зэрэг хүрч, далайцтай бодлого явуулахын тулд өөрийнхөө удирдлагын багийг өргөн утгаар нь байгуулсан гэж бодож байгаа. Энэ бол сонгууль угтсан бэлтгэл ажлыг хангахын тулд олон хүмүүсийг татан оролцуулах бодлого шийдвэрийг тодорхойлно. АН өнөөдөр засгийн эрхэнд үнэмлэхүй цөөнхийг төлөөлж байгаа. Бид өнгөрсөн хугцаанд намынхаа бодлого шийдвэр, цаашдынхаа зорилгыг намын гишүүд болоод ард түмэндээ таниулах мэдүүлэх ажлыг нэлээд бүрэн гүйцэд хийж явж чадаагүй. Тиймээс сонгууль дөхсөн богино хугацаанд тэр дутуугаа гүйцээх зорилгоор энэ улсуудыг тавьж байгаа юм. Бүгдээрээ “Бид хариуцлага үүрье, АН-ын төлөө тэргүүн эгнээнд явъя” гэдэг хүсэл зорилгоо илэрхийлсэн учраас намын дарга эдгээр нэрсийг санал болгосон гэдэгт итгэлтэй байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *