Categories
гадаад мэдээ

Ричард Бэрронс: Украины ялалтад хоёр жил шаардагдана DNN.mn

Их Британийн Зэвсэгт хүчний нэгдсэн командлалыг 2013-2016 онд удирдаж, Афганистан, Косово, Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, одоо тэтгэвэрт байгаа бригадын генерал, сэр Ричард Барронсын “BBC”-ийн Украин дахь сурвалжлагч Ирене Таранюкт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Оросууд 2014 онд Крымд цөмрөн орсны дараа Украин хойд хөршийнхөө бүрэн хэмжээний түрэмгийллээс урьдчилан сэргийлэх хангалттай зэвсэгтэй байж чадаагүй явдал нь барууны бодлого буруу байсныг баталсан явдал болсон гэж Британийн генерал хэлжээ.Харин 2022 оны хоёрдугаар сараас эхлэн барууны орнууд Украины армийг дэмжих ажиллагаагаа шийдэмгий, шуурхай болгож эхэлсэн.Гэхдээ барууны холбоотнууд Украины Зэвсэгт хүчинд өгсөн тусламжаа “шат ахиулах” зарчмаар явуулсан. Одоо ч барууны орнуудын цэргийн тусламж үзүүлэх явдал удаашралтай байна гэж Барронс тэмдэглэв. Энэ нь дайныг өргөжүүлэн алдаж Орос, НАТО-гийн мөргөлдөөн болон хувирахаас сэргийлэх гэсэн барууныхны хүсэл эрмэлзэлтэй холбоотой. “Энэ зарчим Украинд пуужингийн систем, далавчит пуужин нийлүүлэхэд хэр зэрэг шат дамжлага зарцуулснаар нотлогдож байна” гэж генерал хэлэв. Тиймээс одоо Украинд оросуудын эзлэн түрэмгийллийг бүрэн зогсоох хангалттай техник хэрэгсэл, сум, сургалт, мөнгөтэй болоод буй нөхцөл байдал үүсэн Украины цэргүүд байлдааны талбарт тактикийн жижиг ялалт байгуулах боломжтой болсон. Энэ нь Украины Зэвсэгт хүчин одоогийн сөрөг довтолгоонд шийдвэрлэх эргэлт гаргах ялалтад хүрэх бүрэн боломжтой болсон гэсэн үг гэж генерал хэлсэн байна. Тэрбээр “Гэхдээ Украины арми өвөл болохоос өмнө тулалдааны талбарт гайхалтай амжилтад хүрсэн ч энэ нь Оросын цэргийг Украинаас бүрэн хөөж гаргахад хангалтгүй байх болно. Өөрөөр хэлбэл, одоогийн Украины хүчин чадал нь газар нутгаа нэмж алдахгүй байхад хангалттай, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхад хангалттай, гэхдээ ялахад хангалттай биш юм” гэж хэлсэн байна.

Одоо барууны орнуудын цэргийн тусламжийн гурав дахь үе шат эхэлж байгааг “Энэ бол сонголтын үе шат” гэж Барронс тэмдэглэв. Барууныхан Украинд шаардлагатай хэмжээгээр нь зэвсэг, сургалт, мөнгөн дэмжлэг үзүүлэх үү, үгүй юу гэсэн асуулт юм. “Миний бодлоор энэ бол Украин Оросыг байлдааны талбарт ялж, бүх газар нутгаа чөлөөлөх боломжтой болоход дор хаяж хоёр жилийн хугацаа хэрэгтэй. Энэ бол маш том асуудал бөгөөд Орос улс ч бас яг эсрэгээр нь төлөвлөж байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Орос дахин зэвсэглэхийн тулд түр зогсолт хийж хугацаа хожин, илүү хүчтэй цохихын тулд буцаж ирэх ёстой биш гэж үү? Тэгэхээр энэ дайн одоо маш хүнд үе шатандаа хүрээд байна гэв.

Генерал Барронс мөн Украины зэвсэгт хүчин хамгаалалтын ажиллагааг гайхалтай гүйцэтгэсэн гээд “Киевийн амжилт дайны эхнээс л гадныхныг төдийгүй Украинд ч гэсэн олон хүнийг гайхшруулсан. Украины дайны эхний үе шатны амжилтууд нь Кремлийн системийн дампуурал, Оросын зэвсэгт хүчний чадваргүй байдлаас ихээхэн шалтгаалсан бөгөөд арми нь хамаагүй хүчтэй байсан ч тэд украинчуудаас илүү сайн байж чадаагүй. Харин одоо бид Украин тулалдааны талбарт санаачилгыг гартаа авсан өөр шатанд ирээд байна.Украины арми НАТО-гийн технологи, сургалтын ачаар хэсэг, хэсгээр урагшилж чадаж байна. Гэвч зургаахан сарын өмнө эдгээр украин цэргүүд мэргэжлийн цэргүүд биш байсан шүү дээ. Энэ бол компьютерийн тоглоом биш гэж Украины Батлан хамгаалах яамны тэргүүн “CNN”-д ярилцлага өгөхдөө онцолж Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо төлөвлөгөөнөөс хоцорсон ч төлөвлөгөөний дагуу явж байна гэж тэмдэглэн хэлсэн. Учир нь одоо тэд хамгийн хэцүү зүйл болох дайсны сайн бэхлэгдсэн, сайн бэлтгэгдсэн, сайтар хамгаалагдсан байрлал руу довтолж бага багаар урагшилж байна. Тэд үүнийг давуу хүчээр биш харин сайн бэлтгэж, төлөвлөсөн мэргэжлийн цэргийн цөөн хүнтэй бүлгийн хүчээр хийж байгааг мартаж болохгүй. Энэ нь хэрэв та Украины Зэвсэгт хүчинд “илүү их цаг, илүү их техник, илүү их мөнгө, илүү их сум” өгвөл тэд байлдааны талбарт оросуудыг ялж чадна гэсэн үг гэж Ричард Барронс хэлсэн байна. Британийн офицер бас Украины зэвсэгт хүчний авъяас чадвар, тухайлбал тэд арилжааны дроныг байлдааны хэрэгцээнд зориулан хэрхэн өөрчилсөн, интернэт болон хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгааг онцлон тэмдэглэв.

Дайнд их хохирол амссаны дараа Оросын цэргийн удирдагчид алдаандаа дүгнэлт хийсэн гэдэгт Ричард Барронс итгэлтэй байна. Тэд техникийн маш их хохирол амсаж, залуу цэргүүдийнхээ амийг хэт их зольсон нь тэд ямар нэгэн зүйлд суралцсан гэсэн үг. Үүнийг нэгдүгээрт, тэд Зөвлөлтийн байлдааны “сурах бичиг”-ийг орхиж мянга гаруй километрийн урттай фронтын шугамын дагуу хамгаалалтын шугам хэрхэн барьж байгаагаас харж болно. Энд бүрэн минажүүлж хамгаалсан траншейны гурван бүс, зарим газар зохион байгуулалттай сөрөг довтолгоонууд хийж байгаагаас харж болно. Түүнчлэн Оросын их буунууд урьдын адил Украины Зэвсэгт хүчний алсын тусгалын нарийвчлалтай цохилтын суурин бай болохгүй байхыг сурсан. Кремль батлан хамгаалах салбараа ч дайны байдалд бүрэн шилжүүлээд байна. Учир нь Украины дайсан Орос улс шүдээ зууж, Украинаас эзэлсэн нутгаа хамгаалах бас шинэ цохилт өгөх цэргийн хүчээ сэргээх гэсэн хоёрдмол бэрхшээлтэй тулгарсан. Энэ бол мэдээж бидэнд маш тааламжгүй боловч үнэн бодит зүйл. Ингэхгүй бол Орос цаашид тэмцэх чадваргүй болно” гэж Барронс хэлэв. “Миний тооцоолсноор Орос, өөрөөр хэлбэл Оросын удирдлага энэ дайныг зогсоохыг огт хүсэхгүй байна. Үүнд л Украин төдийгүй барууны орнууд дүгнэлт хийж Украиныг тууштай дэмжих ажлыг үргэлжлүүлэх ёстой” гэжээ.

Генерал Барронс Орос-Украины дайныг дуусах гурван өөр хувилбар байна гээд Украины ард түмэн аль замаар явахаа шийднэ гэж тэмдэглэв.

Эхний хувилбар бол Украин тэмцлээ үргэлжлүүлэхээс татгалзах явдал юм. Шалтгаан нь оросуудыг эзэлсэн нутаг дэвсгэрээсээ бүхэлд нь хөөж гаргахад хэтэрхий их хүчин чармайлт, цус, мөнгө, хөрөнгө зарцуулна гэдгээс шантран ялалтдаа үл итгэх явдал гарч магадгүй юм.”Миний бодлоор, энэ бол зүгээр л аймшигтай шийдвэр байх бөгөөд Украин үүнийг хийнэ гэдэгт би л лав итгэхгүй” гэж тэр онцлов. Нөгөө нэг арга нь зэвсэгт тэмцлээ түр зогсоох явдал юм. Дайны талбарт ялалт байгуулах цэргийн хүч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх бус, түр зуурын гал зогсоохыг тунхаглана гэсэн үг. “Энэ бол ялагдал, алдагдлыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш, харин одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох явдал юм. Харамсалтай нь хоёр тал түр завсарлагааг ашиглан хүч чадал, зэвсэглэлээ сайжруулж, дайн цаашид улам их үхэл, сүйрлээр дахин үргэлжлэх учир энэ бас л боломжгүй хувилбар. Гэтэл барууны зарим улстөрчид Украиныг шахаж энхийн хэлэлцээр хийхийг шаардан барууны дэмжлэгийг зогсооно гэж заналхийлэх явдал гарч байна. Гэхдээ бас “Хүч чадал нь хангалтгүй байх үедээ ялах гэж оролдохын өртөг нь Украин Оросын хүчирхэг хамгаалалтад цохилт өгөх гэж хүчээ шавхсанаар олж авсан бүх зүйлээ алдах болно гэдгийг мартаж болохгүй” гэж Барронс хэлэв. Өөрөөр хэлбэл, Украины Зэвсэгт хүчин фронтын шугамд байгаа оросуудад байнгын дарамт шахалт үзүүлж, өвлийн улиралд ч гэсэн хүчийг нь аажмаар шавхаж дуусгах ёстой. Энэ хооронд барууны дэмжлэг Украины цэргийн хүчийг бүрэн чадавхжуулан хүчирхэг болгон хөгжүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр дараа жил нь тулалдааны талбарт итгэл үнэмшилтэй ялалт байгуулна.Учир нь чи илүү давуу хүч бий болгож чадвал ялалт хурдан ирэх төдийгүй хүлээх алдагдал ч бага байх болно” гэв. “Ийм зүйл бий болгохын тулд Хар тэнгисийн флот руу байнга довтолж, Оросын олон нийтийн санаа бодолд нөлөөлөх замаар Оросын байлдааны чадавхыг газар сайгүй улам бүр сулруулах хэрэгтэй. Тиймээс Москвад дроноор цохилт өгөх нь цэргийн биш юмаа гэхэд Украин ялна гэдгийн бэлгэдэл болсоор байх болно” гэж Барронс хэлэв.

Энэ гурав дахь хувилбарын онцлог нь Украины ард түмнээс урт удаан, хүнд хэцүү дайнд бэлэн байхыг шаардаж байгаа явдал юм.Үүний тулд барууны тогтвортой дэмжлэг хэрэгтэй.

Генерал Барронс Украинд жил бүр 100 тэрбум ам.доллар өгөх нь “баруун орны эдийн засагт сөрөг нөлөөгүй нийцэх боломжтой” гэж онцлов.

Барронс дайн хурдан дуусахгүй гэж таамаглаж байна гээд би ийм ямар ч урьдчилсан нөхцөл олж харахгүй байна гээд “Одоо тодорхой байгаа цорын ганц зүйл бол энэ дайн дуусаагүй байна. Хоёр тал цаашид тулалдах шийдвэр төгс байгаа бөгөөд барууны орнууд Украиныг аль болох урт хугацаанд дэмжихээ амлаад байгаа явдал” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *