Ардчилсан намыг бүгд анхааралтай харж байна. Гурван жил шахам хоорондоо зөрчилдөөнтэй байсан энэ нам сая удирдлагын багаа бүрдүүллээ. Л.Гантөмөр намын даргаар сонгогдсоноос хойш найман сарын дараа анх удаа ҮБХ-гоо ээлжит бусаар хуралдуулж, дэд дарга нараа томилов. Энэ хүртэл намын даргыг тойрсон хардлага нийгэмд бишгүй байсан. Л.Гантөмөр хүчгүй, сул дорой л гэнэ. Бас фракц бүлэглэлүүдтэйгээ тохиролцож чадахгүй болохоор томилгоо явуулахгүй байна гэх явган яриа хүн болгоны амнаас гардаг байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд таван тийш харчихсан байсан АН-ыг нэг цул болгож, ойлголцоход багагүй хугацаа орсон биз. Харин ч АН хурдан зохион байгуулалтад орох шиг боллоо.
Энэ удаагийн ҮБХ-ны ээлжит бус хурлаар баталсан АН-ын удирдлагын багийг харахад нам нэлээд цэгцэрч, эвлэжээ. Л.Гантөмөрийн оруулж ирсэн нэрсийг ҮБХ-ны гишүүд санал нэгтэйгээр баталж байсан. Ер нь фракцуудын тэнцвэрийг боломжийн хангаж чадсан томилгоо боллоо гээд намын гишүүд нь ч сэтгэл хангалуун байна лээ. АН-ын 16 дэд даргыг харж байхад Х.Баттулгын фракцаас нэлээд суудал авчээ. И.Мөнхжаргал, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ш.Жандос гэсэн зургаан хүн намын удирдлагад орж ирэв. Уг нь Женко тусдаа нам байгуулахаар шулуудсан гэж байсан. Мань эр хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзсан боловч дэмжлэг авч чадаагүй гэх юм билээ. Нэгэнт ардчилал хэмээх үнэт зүйлээр АН-тай холбогдсон болохоор салж явж чадахгүй нь энэ томилгооноос уншигдаж байна. Харин С.Баярцогтын талаас Ж.Баярмаа, П.Батчимэг, Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нар намын дэд даргаар томилогдлоо. Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн нар “Од” клубийнх. П.Батчимэг бол талийгаач Г.Батхүүгийн төрсөн дүү. Тэрбээр МҮАН-ыг төлөөлж байгаа бол Р.Амаржаргал МҮДН фракцийнх. Улс төрийн хүрээнийхэн тэднийг С.Баярцогтын дэмжлэгтэйгээр АН-ын дэд дарга болцгоолоо гэж байна. Яг үнэндээ С.Баярцогтын бодлогыг дэмжиж ажиллах итгэлт баг нь ч байж мэднэ. Тэднээс гадна АН-ын 16 даргын жагсаалтад бичигдсэн Ц.Жадамба, С.Буяндэлгэр нар “Морьтон” клубийн залуус.
Ц.Жадамба бол АН-ын аппаратад чамгүй олон жил ажилласан, улс төрийн туршлага арвинтай. Харин С.Буяндэлгэр төрд ажилласан хугацаа нь бага ч сайн эдийн засагч гэж үнэлэгддэг. Тэд хоёулаа 1980-аад оны төлөөлөлд багтана.
Энэ удаагийн томилгоонд С.Эрдэнийн талаас нэг хүн орж ирсэн нь Л.Уртнасан байв. Тэрбээр С.Эрдэнийг ХНХ-ын сайд байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан гэдгийг бүгд мэднэ. Мөн С.Эрдэнийн хүүтэй ижил нэртэй Э.Одбаярыг Л.Гантөмөрийн дэмжлэгтэй АН-ын дэд дарга нарын нэг болсон гэх юм билээ. Зарим нь Ц.Тувааны хүн ч гэж ярьдаг. Ийнхүү АН-ын дэд дарга нар томилогдож, Улс төрийн зөвлөл шийдвэр гаргах эрх зүйн чадамж бүрдэв. Үндсэндээ 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ намын улс төрийн шийдвэр гаргах бүтэц тодорхой бус явж ирсэн юм.
Ямартай ч Л.Гантөмөр ирэх жилийн сонгуульд намаа манлайлж оролцох удирдлагын багаа ингэж бүрдүүллээ. Томилгоотой зэрэгцээд энэ 16 дэд даргын хэн ч жагсаалтад орж ирэхгүй гэх яриа гарчээ. Яахав наанаа эд нар ингэж хаацайлж байгаа ч гэсэн цагаа тулахаар яаж ч эргэж болно.
Үнэн хэрэгтээ бүгд сонгуульд нэр дэвшихээр амбицалж байгаа улс шүү дээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн квотыг хангах зорилгоор П.Батчимэг, Ж.Баярмаа нар хамгийн түрүүнд бичигдэж л таарна. Ялангуяа П.Батчимэгийн хувьд сонгуульд оролцоход намынхаа гол санхүүжүүлэгч нь болж харагдаж байгааг үгүйсгэхгүй. Одоохондоо АН-ын шинэ дэд дарга нар сонгуульд ялалт байгуулахын тулд намаа сайн удирдан зохион байгуулна гэсэн үүрэг, амлалт өгч байна. Тэрнээс чухал том асуудал бол генсекийн томилгоо. Ойрын үед АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх марафон нэлээд эрчимжих байх. Намын дарга ямар ч нэр цухуйлгаагүй. Саяхныг хүртэл хэд хэдэн хүн байнга яригдаж байсны дотор С.Баярцогт, Ч.Өнөрбаяр, Э.Одбаяр нар нэрлэгддэг байв. Тэгвэл тэд одоо бүгд намын удирдлагад орж ирсэн болохоор генсект өөр хувилбар яригдаж эхэлсэн нь мэдээж.
Ингэхэд АН-ын генсекийг хүмүүс том эрх мэдэлтэй, бүх мөнгө санхүү дээр гарын үсэг зурдаг, улс төрийн гол, гол шийдвэр гаргаж, томилгоо хийдэг албан тушаал гэж хараад байх шиг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан шиг бодоод ач холбогдол өгөөд байна. Яг үнэндээ АН-ын генсек хүн МАН-ын генсек шиг байж чадах уу. Намын даргаар сонгогдсон Л.Гантөмөр, Тэргүүн дэд даргаар томилогдсон С.Баярцогт нар тийм амархан бүх эрх мэдлээ генсектээ даатгачихаад өөрсдөө бэлгэдлийн чанартай суух улс уу. Ер нь АН-ын шинэ дүрэмд генсек гэж хүн ямар эрх мэдэлтэй, ямар хариуцлага хүлээнэ гэж тусгасныг эргүүлж харах нь зөв байх. Өнөөдрийн нөхцөл байдалд АН-ын генсек бол намын эв нэгдлийг хангахын тулд харилцааны өндөр ур чадвартай, аль нэг фракцад харьяалагддаггүй, улс төрийн туршлагатай тийм хүнийг сонгоно гэсэн хүлээлт намын гишүүдэд нь бий. АН эв цавандаа ороод удаагүй, эмзэг байгаа энэ үед аль нэг фракцийн творищ генсек болчихвол намыг савлуулчихаж мэднэ гэсэн болгоомж байх шиг. Сонгууль ойртсон энэ үед улс төрийн дайралттай бишгүй нүүр тулна. Тэгэхээр ямар ч үед намд ирж байгаа гадна, дотны бүх галыг өөр дээрээ авч чадах хэмжээний хашир улстөрчийг томилохоо эрхбиш мэдэж байгаа байлгүй. Гэхдээ Л.Гантөмөр өөрөөсөө ахмад хүний нэрийг ҮБХ-д оруулж ирэхгүй нь лавтай. Үгэнд нь орж, үзэл санаа нэгтэйгээр бодлогыг нь дэмжиж ажиллах тийм хүнийг санал болгох биз.
Сая АН-ын дэд дарга нарыг томилсон ҮБХ-ны хурлыг албан ёсоор хаагаагүй. Тиймээс ойрын 14 хоногтоо багтаад ҮБХ-ны дарга хурлаа зарлаж, генсекийн суудлыг эзэнжүүлэх болов уу. Тэр өдөр хамтын удирдлагын хүрээнд генсек хийж чадах хүн хэн бэ гэдэг нь тодорхой болно.
АН-ын аль ч фракцаас хэн ч удирдлагын багт гарч ирсэн бай, ардчилал гэх том үзэл санаан дээр бүгд нэгддэг нь сайхан. Хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө бол ардчиллын амин сүнс. Ийм үнэт зүйл дээр АН-ынхан ялгарч чаддаг. Сонгууль ч хаяанд ирлээ. АН-д ч ард түмэн итгэл найдвар тавьж байна. Тэгэхээр та бүхэн Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэдгээ ухамсарлаж иргэдийнхээ итгэлийг алдаж болохгүй шүү.
М.МӨНХЦЭЦЭГ
One reply on “АН-ын удирдлагад аль фракцаас хэн ч гарсан ардчилсан үзэл баталгаатай байгаа нь сайхан юм DNN.mn”
АН ардчилсан үзэл санаан дээр нэгдэхгүй гээд яахав дээ.Наадуул чинь сүүлийн үед бараг мартачихсан байсан шүү