Categories
гадаад мэдээ

Трампын шоронгийн зураг олон саяыг олжээ DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сэжигтнээр бүртгүүлж зургаа авахуулсны дараа барьцааны мөнгөөр суллагдсан юм. Түүнийг 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр Жоржиа мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутган сэжигтэн болгоод байгаа билээ.

Цагдаа нар Трампын гэрэл зургийг нь авч материалд нь хавсаргасан юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд сэжигтний гэрэл зураг авхуулсан анхны ерөнхийлөгч асан болж байна. Шоронд зураг авхуулсныхаа дараа Трамп “аймшигтай мэдрэмж”, “таатай санагдаагүй” гэх зэргээр ярьсан аж. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас сэтгүүлчид Трампын зургийн талаар сэтгэгдлийг нь асуухад “Царайлаг гарсан байна” хэмээн егөөдсөн байна.

Харин Трампын сонгуулийн штаб уг гэрэл зургийг нь хэвлэсэн аяга, цамц, малгай, стикер зэргийг борлуулаад хэдхэн өдрийн дотор $7 саяыг олжээ. Зөвхөн Баасан гарагт $4.18 саяыг олсон нь Трампын сонгуулийн кампанит ажлын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их мөнгө орсон тохиолдол болсныг түүний штабын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чюн өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна. Энэ оны эхний хагаст Дональд Трамп сонгуулийн кампанит ажилдаа $53 саяын хандив цуглуулсан нь нийтэд тодорхой болоод байгаа билээ. Жоржиа мужийн сонгуулийн тойрогтой холбоотой хэргээс гадна Трамп өөр дөрвөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.

Үүнээс гадна Трамп 2021 оны нэгдүгээр сараас хойш өөрийгөө өмгөөлүүлэхэд 100 орчим хуульч, хуулийн фирмийг хөлсөлж, тэдгээрт нийтдээ $59.2 саяыг зарцуулжээ гэж “Aljazeerа” мэдээлжээ.

 Г.АМАРСАНАА 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *