Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын эдийн засгийн үр ашгийн талаар судлаачийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Ерөнхий сайдын айлчлалаар сая хоёр улсын “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ. Эдийн засгийн агуулгаараа хэрхэн жин дарах вэ?
-Нэг хэсэг глобалчлал гэж их ярьдаг байлаа. Харин одоо Хятад суурьтай азийн орнууд. Нөгөө талдаа Америк суурьтай тухайн тивийн орнууд, Герман суурьтай европ тив гээд тус тусдаа бүс нутгийн хөгжил тал руугаа яваад эхэлсэн. Бүс нутаг хоорондын харилцаа бол бие биенээ дэмжихгүй чиглэлтэй. Ялангуяа Хятад гэхэд зүүн болон төв ази руу төмөр зам, урт хугацааны зээл гээд маш олон бодлого дээр хамтын ажиллагаагаа тэлж байна. Ингээд үзэхээр их гүрнүүд бүс нутаг болгондоо хүчээ хадгалах том сонирхол байгаад байгаа. Яг ийм үед Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилсан нь олон улсын анхаарлыг татаж чадлаа. Тэр дундаа манай мөнхийн хоёр хөршийн хувьд Монгол Улстай дипломат харилцаагаа сайжруулах, тусгаар тогтносон улс гэдэг зүгээс нь харах боломж өнцгийг гадаад талдаа нээсэн болов уу гэж бодож байна. Монгол Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа гэвэл уул уурхай, түүн дотроо ховор элементийг олборлоход тус улсын хөрөнгө оруулалт хийхэд хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичиг зурлаа. Манай улсын Америктай холбогдох зүйл нь уул уурхайн баялаг байдаг. АНУ бас уул уурхайн баялагтай орон. Тэгэхээр энэ салбарт Америкийн хөрөнгө оруулалтыг татах тал дээр эдийн засгийн хамтын ажиллагааны үр ашиг оршино. Дээрээс нь олон жил мөрөөдсөн АНУ руу шууд нислэг биеллээ олж чадлаа.
-АНУ руу шууд нислэг үйлдсэнээр иргэдийн хувьд ямар давуу талууд үүсэх вэ. Мөн манай улсад орж ирэх валютын урсгал хэрхэн нэмэгдэх бол?
-Одоо Америк руу очихын тулд Истанбулаар тойрч 20-иод цаг нисч хүрдэг.
Шууд нислэгтэй болсноор мэдээж нислэгийн хугацаа богиносохоос гадна тийзний үнэ хоёр дахин буурах төлөвтэй байгаа. Энэ бол иргэдэд маш том давуу тал болно. Шууд нислэгтэй холбоотойгоор жуулчдын тоо нэмэгдэх хандлага их байна. Ер нь манай хоёр орны гадаад худалдаа 200 сая ам.доллар шүү дээ. Энэ бол тийм ч өндөр дүн биш. Магадгүй хоёр улсын гадаад худалдааны дүн цаашдаа нэмэгдэх боломж нь агаарын тээвэр. Тэр дундаа аялал жуулчлал байна гэж харж байна. Ингэснээр валют ахиу орж ирэх болов уу. Өнөө жилийн зун солонгосчууд манайд их ирлээ. Энэ нь “Монголд тавтай морил” уриатай сурталчилгааг түлхүү явуулсны үр дүн байв. Үүнтэй зэрэгцүүлээд Монгол орноо Америкт сурталчилбал аялал жуулчлалыг дагаад валютын урсгал ч нэмэгдэнэ.
-Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд Америкийн хөрөнгө оруулалт аль, аль салбарт нэмэгдэхээр харагдаж байна вэ?
-Дээр дурдсанчлан уул уурхайн салбар буюу газрын ховор элемент, ураны салбарт хөрөнгө оруулалтууд бий болно. Мэдээж тээврийн салбарт тодорхой хэмжээний хамтын ажиллагаа байна. Ер нь Монголд байгаа зүйл гэвэл уул уурхайн баялаг л байна. Тэрийгээ дагасан хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орох боломжтой. Мэдээж хөдөө аж ахуйн салбарт том нөөц байгаа ч гэсэн үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгоод АНУ-руу экспортлох боломж одоогоор харагдахгүй байна. Гол хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орж ирэхээр хүлээгдэж байгаа. Мэдээж хамтын ажиллагааны санамж бичиг учраас олон процесс үргэлжилнэ.
-Манай улс NASA-тай хамтарч ажиллахаар болжээ. Шинжлэх ухаан технологийн дэвшил эдийн засгийн өсөлтийг сайжруулахад нөлөөлнө гэж байсан. Хөрш орнууд яаж хүлээж авах бол?
-Энэ тал дээр тодорхой бус зүйл байгаа. Мэдээж туршилтын янз бүрийн байгууламж барих юм бол хоёр хөршийн бодлого юу гэж харах вэ гэдэг нь чухал өнцөг л дөө. Тэгэхээр ямар байдлаар хамтарч ажиллах гэж байгаагаа тодорхой болгосон нь дээр байх. Одоогоор талууд санал нэгдсэн байна. Хамтын ажиллагаа тодорхой болсны дараа эдийн засгийн өсөлтийг сайжруулахад яаж нөлөөлөх нь тодорхой болно. Нөгөө талд хоёр хөрш яаж хүлээж авах вэ гэдгийг улс төрийн хэмжээнд сайн харах ёстой. Хайтангтон “1990-ээд оноос хойш үеийн үед Монгол Улсын тусгаар тогтнолын гол баталгаа бол ардчилал шүү. Ардчилал эрх чөлөөгөөрөө Монгол Улс цаашдын баталгаагаа хангаж явна” гээд судалгаандаа хэлсэн байдаг. Тэгэхээр бид гуравдагч хөршийн бодлогыг онцолж байгаа. Гуравдагч хөршийн бодлого гээд ярихаар тухайн улсын хөрөнгө оруулалт манай нутаг дэвсгэрт орсон байх ёстой.
Дээрээс нь тэдний ашиг сонирхол давхар хөндөгдөж байж тэдний хувьд бид ач холбогдолтой чухал болно. Тэрнээс энх цагт гуравдагч хөрш гээд хэн ч сайхан яриад л байна. Жишээлбэл, Канадын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Энэ бол бодит хөрөнгө оруулалт хийчихсэн хамгаалах ёстой компани нь байгаа учраас гуравдагч хөршийн бодлогыг бүгдээрээ ярьж болно. Тэгэхгүйгээр ямар ч эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй бол бэлгэдэл төдий зүйл болох эрсдэлтэй. Цаашид бид гуравдагч хөршийн бодлогоо эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд сайн хөгжүүлэх ёстой. Дээрээс нь урд, хойд хөрштэйгөө гадаад худалдаа, улс төрийн хувьд бие даасан залгамж халаатай бодлогыг хэрэгжүүлээд явах нь чухал.
-Ерөнхий сайдын айлчлалын үеэр талууд хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсны дотор манай улсын Оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газартай хамтран ажиллахаар болжээ. Үүний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Хил гаалиар гарах бараа бүтээгдэхүүнд чанарын шаардлага хангасан байх ёстой гэсэн том шалгуур тавьдаг шүү дээ. Гэтэл манай улс байнга унадаг. Наад зах нь стандартын мах, ямар нэгэн бүтээгдэхүүн гаргах боломж хомс байдаг. Тэгэхээр саяын айлчлалаар манай Оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газартай хамтарч байгаа нь цаашид экспортын шаардлага хүрэлцээнд эерэг нөлөө үзүүлнэ. Том зургаараа гадаад худалдааг дэмжих гол суурь нь гэж ойлгож болно.
Дахин хэлэхэд манай улсын бараа бүтээгдэхүүн дэлхийн стандартад байнга бүдрээд байдаг учраас Америкийн Патент, барааны тэмдгийн газартай хамтрах нь өөрөө тодорхой стандартуудыг хангах, дэлхийд экспорт хийх боломжуудыг нээж өгнө.