Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

DNN-СУРВАЛЖЛАГА: Нарантуул захад сурагчийн дүрэмт хувцас 95-130 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ ханш, худалдан авалтыг сурвалжлахаар бид Нарантуул захыг зорьсон юм.

Захын баруун хаалгаар дөнгөж орж ирмэгц эгнүүлэн зассан лангуун дээр төрөл бүрийн бал, дэвтэр, өнгийн харандааг дэлгэн тавьжээ.

Энд дэвтэр хамгийн нимгэн нь 300 төгрөг. Харин цүнх хамгийн багадаа 45 мянган төгрөг байлаа.

Ёстой л нэг хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг үг санаанд бууна. Хичээлийн бэлтгэлээ хангахаар баярлаж хөөрсөн хүүхдүүд аав, өвөө эмээгээтэй явна. Зарим нь найз нөхдөөрөө яваа харагдана.

Сурагчийн дүрэмт хувцасны лангуу хүний хөлд дарагджээ.

Хүн бүрт бараагаа тайлбарлан, үнэ ханшаа хэлэх “Нарантуул” захын худалдаачин н.Нарангэрэл “Энэ жилийн хувьд худалдан авалт өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад адил байна. Иргэд дүрэмт хувцсыг иж бүрнээр нь авах нь багассан. Бага ангийн хүүхдийн форм л иж бүрэн зарагдаж байна.

Зах худалдааны төвд зарагддаг боломжийн үнэтэй гэхээр иргэд чанар муу, ганц жилийн эдэлгээтэй л байх гэж боддог. Үнийн хувьд айхавтар өсөөгүй. Бага ангийн эмэгтэй сарафан хамгийн багадаа 55 мянган төгрөг. Зарим үед 50 мянган төгрөгөнд өгчихдөг юм. Тэгээд эрэгтэй бага ангийн хүүхдийнх 75 мянган төгрөг, эмэгтэй дунд ахлах ангийн форм 95-105 мянган төгрөг, эрэгтэй нь 105-130 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна” гэлээ.

Цааш явтал хүүхдүүдтэйгээ ямар хувцас авах талаар ярилцаж буй иргэн Т.Цэнгэлмаа “Энэ жил гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэх санаатай л явж байна даа. Том хүү маань наймдугаар анги, хоёр охины нэг нь дөрөвдүгээр анги, нөгөөх нь нэгдүгээр ангид орцгооно. Өнөөдөр бараг л бүх лангуугаар орлоо. Энэ жил нэгдүгээр ангид орох охиндоо л шинэ хувцас, хэрэгсэл аваад хоёр томыг нь өмнөх формыг өмсүүлчихье л гэж бодож байгаа.

Бага охиндоо нэг форм 50 мянган төгрөгөөр авсан. Өмнө жил бас эндээс авч байсан. Үнийн хувьд боломжийн санагдаж байна” хэмээн ярилаа.

Бид цааш явж нэлээд хэдэн лангуугаар орж үзэхэд үнэ, материалын хувьд зөрүү байсангүй.

Нарантуул зах дээр сурагчийн дүрэмт хувцас 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин үндэсний үйлдвэрлэлийн компани болон нэрийн дэлгүүрүүдэд 78- 198 мянган төгрөгийн ханшаар худалдаалагдаж байна.

Улаанбаатарчууд төдийгүй аймаг орон нутгаас хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаахаар хүн бүр энэхүү захыг зорин ирдэг.

Тэдний нэг болох Тэлмэн хүү Баянхонгор аймгаас иржээ. Энэ жил аравдугаар ангид орох гэнэ.

Тэрбээр “Одоо ахлах ангид орох болохоор өмдөө шинээр авсан. Өмнөх нь цэнхэр байсан юм. Сая саарал өнгөтэйг авсан. 40 мянган төгрөг гэж байна” хэмээн хуучиллаа.

Дунд ангид ороход нь ээж аав нь үндэсний үйлдвэрийн форм авч өгсөн ч хоёр жил болоод жижигддэг гэв.

П.ТЭРГЭЛСАРАН

У.АНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *