Олон улс судлаач, эдийн засгийн ухааны доктор Б.Орхонтой Монгол Улсын зээлжих зэрэглэл болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” гэх хэвээр үлдээжээ. Ямар газраас энэхүү үнэлгээг гарган зарлав?
-Олон улсын хамгийн нэр хүндтэй “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ энэ сарын 27-ны өдөр зарлалаа. Тус байгууллагаас Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5 хувиар өсөх тооцоолол гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна гэсэн үг. Уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар зургаа орчим хувиар өснө гэж гаргаж. Эдийн засагч хүний хувьд үүнтэй санал нэг байгаа.
-Зээлжих зэрэглэл “B” төлөвт тогтвортой байна гэдэг улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал асуудал болсон. Учир нь зээлжих зэрэглэлийг зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид болон зах зээлд мэдээлдэг. Тиймээс зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу талтай. Харин бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Одоогоор дэлхийд Эс энд Пи, Фитч болон Мудис гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгө оруулагчид голчлон зээлжих зэрэглэлийг нь хардаг учраас энэ нь манайх шиг хөгжиж буй жижиг орнуудад маш чухал. Гадны хөрөнгө оруулалт манай улс руу хэдий чинээ орж ирнэ, төдий чинээ зах зээлд мөнгөний урсгал сайжирч улмаар эдийн засаг тэсрэлттэй өснө гэсэн үг. Цаашлаад банкуудын зээлийн хүү буурах, бизнесийн орчин, санхүүжилт тогтвортой болж ирнэ. Тиймээс зээлжих зэрэглэл гэдэг бол жижиг эдийн засагтай улс оронд маш чухал. 2012-2016 оны эдийн засгийн хямралын үед манай улсын зээлжих зэрэглэл С төлөв буюу тогтворгүй гэсэн үнэлгээтэй байсан. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчид манай улсаас үргэж, улмаар эдийн засаг агшиж ирсэн. Үүнээс болоод Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд огцом буурсан байдаг.
Харин 2018 онд “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “С-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгосон юм. Тухайн үед Фитч агентлагаас Монгол Улсын бодит ДНБ-ийг 2018 оны эцэст 5.2 хувьд, 2019 онд 6.3 хувьд хүрэх төсөөлөлтэй байгааг мэдэгдэж байлаа. Улмаар эдийн засаг харьцангуй сайжирсан ч гэсэн дэлхийн нийтийг хамарсан цар тахал эхэлсэн. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хямрал дахин бий болсон. Харин 2021 оноос Азидаа Монгол Улс цар тахлаас салсан анхны орон болж, хилээ нээснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татах болсон. Улмаар эдийн засаг сэргэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдсээр өнөөдрийн түвшинд хүрээд байна. Энэ он дуустал эдийн засаг өсөлт эрчимтэй явагдсаар л байх болно.
-Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын гаргаж буй мэдээллээс харахад манай улсын эдийн засгийн өсөлт экспортоос хамаарч байгаа талаар дурдсан байна л даа. Хэрэв хил, гааль хаагдаж, экспорт гацвал зээлжих зэрэглэл дагаад буурна гэсэн үг үү?
-Хөгжиж буй жижиг улсуудын зовлон ерөөсөө энэ. Өөрөөр хэлбэл гадаад худалдаа ямар байна, эрсдэлд хэр өртөмгий байгаагаас хамаараад зээлжих зэрэглэл тогтоох үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Тиймээс хил, гааль хаагдлаа гэхэд дагаад зээлжих зэрэглэл буурна. Монгол Улсын эдийн засаг БНХАУ руу экспортлох түүхий эдээс ихээхэн хамааралтай учраас гадаад эрсдэлд өртөмтгий байдаг. Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулаад байгаа нь зээлжих зэрэглэл нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Гэхдээ эдийн засагч хүний хувьд нэг зүйлээс их болгоомжилдог.
-Юунаас болгоомжилдог гэж?
-Болгоомжлох ч юу байх вэ, нэг зүйлд санаа зовдог гэх үү дээ. Юу гэхээр сая ковидын үеэр БНХАУ хилээ шууд хаасан. Үүнээс болоод экспорт болон импорт гацсан. Энэ нь манай улсын эдийн загийг үндсэндээ сүйрүүлэх шахсан шүү дээ. Магадгүй гадаад улсын эдийн засгийн бодлого ч түүн рүү чиглэсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг гадны улсаас дэндүү их хамааралтай байна гэсэн үг. Тэд дургүй бол хилээ хаахад л манай улс сүйрнэ. Тиймээс тэдний эрх ашигд нийцсэн шийдвэр, эдийн засгийн бодлого явуулахаас өөр гарцгүй. Хилээ хааж, манай улсын экспортыг гацаавал зээлжих зэрэглэл огцом буурна. Ингэснээр хөрөнгө оруулагчид манайхыг тоох нь битгий хэл сонирхон харах ч үгүй. Үүнээс болж гадны хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг огцом агшиж ирнэ. Улмаар бодит хямрал нүүрлэх эрсдэлтэй. Тиймээс л Монгол Улс энэхүү хараат байдлаас аажмаар салах шаардлагатай байгаа юм.
-Яаж бид эдийн засгийн хараат байдлаасаа салах ёстой вэ?
-Ер нь бол салж болно гэдгийг эхлээд хэлье. Гэхдээ салахын тулд бие даасан хараат бус эдийн засагтай болохын тулд маш их хугацаа шаардлагатай. Гэсэн ч бид бодлогоо түүн рүү чиглүүлэх ёстой юм. Яаж салах вэ гэхээр юуны түрүүнд дотоодын үйлдвэрүүдээ сэргээх нь чухал. Өөрөөр хэлбэл аажимдаа үйлдвэрлэгч орон болох ёстой. Энэ л бидний хараат байдлаас гарах нэг гарц. Мөн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн хүрээнд оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Зөвхөн хоёр хөршийн хамаарлаас бус бусад ямар ч оронтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай. Энэ бол богино хугацааны хараат байдлаас гарах бодлого.
-Энэ жил сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлогтой байгаа. Тэр утгаараа ирэх намар Төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Улсын төсөвтэй холбоотой асуудлаар эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-2023 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэнэ гэж таамаглаж байна. 2024 оны сонгуулиас өмнө эдийн засгийг дэмжих зорилгоор Засгийн газар зардлаа нэмэгдүүлэхээр байгаа. Төсвийн орлого төсөөлж байснаас өндөр гарсан нь 2021 онд ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай байсан төсөв 2022 онд ДНБ-ий 1.3 хувийн ашигтай гарахад хүргэсэн. Төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өндөр өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа үлэмж хэмжээгээр бууруулсан. Засгийн газрын хувьд 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна гэж тооцсон байна лээ. Засгийн газар энэ оны эхээр таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргаснаар энэ он болон ирэх онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Гадаад валютын нийт нөөц өнгөрсөн оны наймдугаар сард огцом буурч, 2.7 тэрбум ам.доллар болж байсан шүү дээ. Харин одоо бол экспортын сэргэлтээс үүдэн 2023 оны зургадугаар сарын эцэст 3.8 тэрбум ам.долларт хүрч сэргэлээ. Тэгэхээр ирэх намар хэлэлцэх Төсөв маш өргөн хүрээнд болно гэж ойлгож байгаа. Мэдээж сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа халамж руу чиглэсэн бодлого чамгүй орж ирэх байх. Гэсэн ч хамгийн муугаар төсөв баталлаа гэхэд эдийн засгийн өсөлт буурахгүй болов уу. Харин ухаалгаар төсвөө батлаад орлого, зарлагаа зөв зүйлд тооцоолж чадвал ирэх сонгуулийн жил Монгол Улсын эдийн засаг одоо байгаагаасаа хоёр дахин өсөх боломжтой. Энэ жилийн хувьд жуулчдаас орж ирж байгаа мөнгөний урсгал өмнөх жилүүдийг бодоход хэд дахин өндөр байна. Цаашлаад энэ эрчээрээ явбал ирэх жилийн зун, намар аялал жуулчлалаас орж ирэх орлого макро эдийн засгийг сэргээх гол хүчин зүйл болж мэднэ. Тиймээс олдож байгаа боломжоо бид алдалгүй улам ухаалгаар хандах цаг ирээд байна.