Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваагаар үргэлжилж байна.
Энэ жил Үндэсний сурын харваанд 540 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа юм. Тодруулбал
- Эрэгтэй 360
- Эмэгтэй 180 харваач оролцож буй.
Халх сурын харвааны онцлог нь:
Харвааны байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд гурван метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад, түүний дотор талд сум орвол оносонд тооцно.
Хасаа харваанд 30 сур өрж харвах агаад бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, уран гоёмсог, хөндий суран сүлжмэлийг “сур” хэмээн нэрийднэ. Сураа давхарлан тавьсныг “домбо” гэх бөгөөд 12 домбо өрөөд хоёр талд тус бүр гурван хасаа хөндлөн тавьсныг “хүзүү” хэмээн нэрлэнэ. Голын хоёр домбо нь улаан байх ба хасааны урд талд хязгаар болгон татсан зураасыг “зурхай” гэдэг.
Зурхайн хоёр талд тавьсан гурав гурван сурыг азарга гэнэ. Хасаа харваанд эрчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвадаг.