Categories
мэдээ нийгэм

Натур орчмын 12 орон сууцны 659 хэрэглэгчийн цахилгааныг өчигдөр холбожээ DNN.mn

Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж дүүргүүдийн үертэй холбоотой ажлын явцын талаар танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн хоёр байрны усыг соруулж лагийг цэвэрлэжээ. Одоо ариутгал хийж, цахилгааныг өгөхөд бэлэн байгаа юм. Тус дүүрэгт нийт 19.8 тонн ус соруулсан бөгөөд бүх байранд ус соруулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдөр байрнуудын усыг соруулж дуусгахаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг 36 байрнаас наймынх нь усыг бүрэн соруулсан. Усыг нь соруулаад байхад усны түвшин буурахгүй байрууд байгаа нь хөрсний ус гарч байгаатай холбоотойг хэлжээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Натур орчмын 12 орон сууцны 659 хэрэглэгчийг цахилгааныг өчигдөр холбосон. Аль болох наадмаас өмнө бүх хэрэглэгчийг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Гол нь ус шавхагдахгүй байгааг” ярив.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сэлбэ голын усны түвшин 1.5 метрээр багассан. Голын хэвлий дотор хууль бусаар, зөвшөөрөлгүй буусан айлуудын хашаа, байшин үерт өртөж байгаа. Иймээс сэрэмжлүүлэг мэдээллийг чанга яригчаар зарлаж, зарим айлд холбогдох албан тушаалтнууд очиж мэдээлэл хүргэсэн.

Үерийн дараа голын эрэг дагуух айлуудыг нүүлгэн шилжүүлэх, зөвшөөрөлтэй ч үер орсон газруудад газрыг нь орных нь газраар солих, зөвшөөрөлгүй бол албадан нүүлгэхээс өөр аргагүй. Цаашдаа гэр хороолол, төвийн хорооллыг ариутгах ажил үргэлжилнэ. Нүүлгэн шилжүүлсэн айлууд эргэн гэртээ очсон. Үерийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Туул голын усны түвшин нэмэгдэж, аюултай түвшинд хүрсэн. Соёмботой хөшөөний орчмын 28 айлын 151 хүнийг нүүлгэн шилжүүллээ. Туул голын эрэг дагуу үзлэг хийхэд үерийн далангийн бэхжилт сайн, эрсдэл үүсээгүй.

Хоёр байранд хөрсний усны нэвчилтээс болж зоорийн давхар усаар дүүрсэн тул усыг соруулж дууссан. Яармагийн хэсэгт үерийн хэмжээнд хүрээгүй, 2-3 айлын хашаанд бага зэргийн ус орлоо. Нисэхийн есдүгээр хороонд гурван айл үерт өртөж, зургаан хүн голын дунд гацсан байсныг аврах багийнхан гаргасан.

Зайсангийн 22 дугаар хороо, 12 дугаар хороонд үерийн нөхцөл үүсэж, хүндрэхийг урьдчилж тооцоолсон. ОБЕГ-аас дөрвөн аврах баг, нэг нисдэг тэрэгтэй ирж, холбогдох албаныхан хамтран 181 хүнийг аварч, 35 хүнийг 10 дугаар сургуульд байрлууллаа. Ус татарсан” хэмээн мэдээлэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *