Categories
гадаад

Бэлгийн заан буцаж ирэв DNN.mn

Тайландаас Шри-Ланка улсад 2001 онд бэлэглэж байсан 29 настай нэрт заан эх орондоо буцаж иржээ. Бэлгэнд авсан улс нь заантай зүй бусаар харьцаж, тамлан зовоож байгаа тухай мэдээлэл ил болсны дараа өнгөрсөн онд Тайландын тал өгсөн бэлгээ буцааж авахаар хөөцөлдөж эхэлжээ. Дөрвөн тонн жинтэй Чан Майд зааныг “Илюшин 76” ачааны нисэх онгоцоор тусгайлан зассан төмөр саванд тээвэрлэн авчирсан байна. Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча “Заан Чан Майд эсэн мэнд ирлээ. Тэр таван цагийн турш нисэхдээ ямар ч асуудалтай тулгараагүй, хэвийн байсан” гэж нисэх буудлаас мэдэгдэв. Зааныг тээвэрлэхэд Тайландын дөрөв, Шри-Ланкын нэг маллагч дагалдан, тээвэрлэлтийн явцыг хоёр ширхэг камераар байнга хянаж байжээ. Мал амьтны хорио цээрийн дэглэмийн дагуу зааныг эхлээд хэсэг хугацаанд тусгаарлан ажигласны дараа дархан цаазат газарт тавих гэнэ. Зааныг эх оронд нь тээвэрлэн авчрах зардал $700,000 болсныг Тайландын албаныхан мэдээлжээ.

Шри-Ланкийн Буддын шашны хийдэд олон жил хүнд нөхцөлд амьдарсан зааныг мод бэлтгэлийн ажилд боолчилж, зодож занчиж байсан нь тогтоогдсон тул бэлгийн зааны асуудал Тайланд, Шри-Ланка улсуудын хооронд дипломат маргаан үүсгэсэн юм. Тайландын тал зааныг буцааж өгөх шаардлага тавьсныг Шри-Ланкын байгаль орчны сайд Павитра Ванниарачи “хэтэрхий хатуу шаардлага” гэж шүүмжилж байжээ. Мөн Шри-Ланкын Ерөнхий сайд Динеш Гунавардена өнгөрсөн сард парламентад үг хэлэхдээ заантай холбоотой маргааны асуудлаар Тайландын хаанд өөрийн биеэр гомдол илэрхийлнэ гэж мэдэгдэж байв. Тайландад ирсний дараа бэлгийн зааны зүүн урд хөлийнх нь гэмтлийг эмчлэхээр болжээ. Тайландын засгийн газар энэ явдлаас хойш гадаад улс орнуудад заан илгээхээ зогсоохоор шийдвэрлэв. Мөн өмнө нь гадаадад гаргасан заануудаа шалгах дипломат элч нарыг дэлхийн олон улсад илгээж байгааг Тайландын Байгаль орчны сайд мэдээлсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *